С.Ганбаатар, Н.Энхбаяр, Х.Баттулга...
“Сантмарал” сангийн шинэ судалгааны дүн өнгөрсөн долоо хоногт ил болж, улс төрийн хүрээнд заримыг нь баярлуулж, заримыг нь цочролд орууллаа. Тус сан Монголын нийгэм улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санаа бодлыг тандан судалдаг “Улс төрийн барометр” судалгааг хийдэг. Энэ удаагийн “Улстөрийн барометр”-т Улаанбаатар хотоос гадна болон Хэнтий, Увс, Төв, Архангай, Дундговь аймгийн иргэдийг хамруулжээ. Судалгаанд нийт 1200 хүн оролцсон байна. Цаг хугацааны хувьд энэ судалгаа гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 12-ны хоорондох үеийг хамарчээ. Энэ нь Тавантолгойн хэлэлцээ гацаанд орсон, УИХ-ын чуулган эхэлсэн, УИХ-ын дарга Тавантолгойн асуудлаар Засгийн газартай санал нэгтэй биш байгаагаа илэрхийлсэн гээд улс төрийн халуун үйл явдал олон болсонтой давхцаж байгаа юм. 
“Улс төрийн барометр” судалгаанаас тоймлон хүргэж байна. 
 
ХЭРВЭЭ МАРГААШ СОНГУУЛЬ БОЛБОЛ... 

Сонгогчдын идэвх жилээс жилд буурч, сонгууль өгөхөөс хойш суудаг хүний тоо олширсоор байгааг сонгуулиудын дүн харуулдаг. Сонгуульд саналаа өгөх ирц Улаанбаатарт хөдөөг бодвол тааруу байдаг тэр дүр зураг энэхүү судалгаанаас ч бас харагдаж байна. “Хэрвээ маргааш сонгууль болбол Та саналаа өгөх үү?” Энэ асуултад хөдөөгийнхөн 81,4 хувьтай, хотынхон 75,0 хувьтайгаар “өгнө” гэж хариулжээ. Мэдээж “өгөхгүй” гэсэн хариулт эргээд Улаанбаатарт өндөр буюу 21,0 хувьтай гарчээ. 

“Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болбол Та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад энэ судалгаанд оролцогчдын хариулснаар бол МАН ялахаар байна. Тодруулбал, МАН нийт дүнгээрээ 38,9 хувийн санал авсан байна. Харин одоогийн парламентад бусдаасаа олон суудалтай АН-ын хувьд 33 хувьтай байгаа бөгөөд энэ нь тийм ч баярлахаар үзүүлэлт биш билээ. Товчхондоо бол, маргааш сонгууль болбол АН ялагдахаар дүр зураг гарч байна. МАХН-ын тухайд 18,9 хувь гэдэг өндөр үзүүлэлт. 
 
АЖИЛГҮЙДЭЛ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ 

Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас хамгийн хурцыг нь ажилгүйдэл тэргүүлж байна. Ажилгүйдлээс гадна, амьжиргаа, үнийн өсөлт иргэдийн хамгийн их санаа зовоосон асуудал аж. Нийгмийн өмнө тулгамдсан энэ асуудлыг төрийн эрхийг ээлжлэн барьж байгаа хоёр том нам шийдэж чадах уу, тийм чадвар байгаа юу гэдэгт иргэд дараахь байдлаар үнэлгээ өгчээ. 
 
ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ҮНЭЛГЭЭ 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар шийдлийн гэх тодотголтой. Энэ тодотголтойгоо дүйцэхүйц ямар асуудлыг шийдэв гэдэг дээр хариулт тун бүрхэг гэж олон хүн дүгнэдэг. Монголын эдийн засгийн форум, нийслэлийн эдийн засгийн форум, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулган гээд томоохон чуулга уулзалт сүүлийн нэг сарын дотор дараалан болж, хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг үг олонтаа хэлчихээд байгаа. Засгийн газрын алдаа хийгээд оноог иргэд ингэж дүгнэсэн байна. 
 
“МОНГОЛЫН ТАЛ 51-ЭЭС ДЭЭШ ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЁСТОЙ” 

Монголчууд одоо уул уурхайгаар тэр дундаа Тавантолгой, Оюутолгойгоор амьсгалж байгаа. Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Мөн Оюутолгой дээр татварын асуудлаар тохиролцоо хийх тухай яригдаж байна. 
Стратегийн томоохон ордуудад Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн харьцаа ямар байх ёстой вэ гэдэг нь байнга маргаан дагуулсаар ирсэн. Харин энэ асуултад “Улс төрийн барометр”-ийн энэ удаагийн судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи нь буюу 61,8 хувь нь 51-ээс дээш хувийг Монголын тал эзэмших ёстой гэж хариулжээ. Харин Монголын талын эзэмшил нь дотроо төрийн болон хувийн хэвшил холимог байх ёстой гэдэг дээр иргэдийн санал олонхи болжээ. Төр дангаараа эзэмших ёстой гэсэн хариулт 38,7 хувь байхад төрийн болон хувийн бизнес холимог байх ёстой гэсэн нь 47,8 хувьтай гарчээ. 
 
С.ГАНБААТАР, Н.ЭНХБАЯР, Х.БАТТУЛГА... 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы завсарлагаар хөдөө аймгуудаар явж, сонгогчидтой уулзалт олныг хийсэн. Түүний явсан газар ямар асуудал байгаа, иргэд юунд санаа зовж, юуг хөндөж байгааг тэрээр байнга мэдээлж байсан. Бас түүний хувьд Оюутолгой, Тавантолгойн гэрээний тухайд ч монголд хүнд, Монгол Улсад ашигтай гэрээ байх ёстой гэдгийг байнга ярьдаг билээ. Түүний ярьж хэлж байгаа нь олон нийтэд таалагдаж байгааг Топ-10 улстөрчийн жагсаалтыг тэргүүлснээс нь харж болно. Энэ удаагийн судалгаагаар гарч ирсэн Топ-10 улстөрчийн жагсаалтад Х.Баттулга, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн гээд газар шороо, уул уурхайн баялагтай холбоотой асуудлыг ихээхэн хөндөн гаргаж ирдэг, ярьдаг хүмүүс орж иржээ. 

Төрийн гурван өндөрлөгөөс энэ удаа ганцхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л эхний аравт багтаж, З.Энхболд, Ч.Сайханбилэг болон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын нэр дээгүүр гарч ирсэнгүй. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн судалгаануудаар дандаа л тэргүүлэх байр суурьтай гарч ирдэг байсан бол энэ удаа хотод 9,6, хөдөөд 8,1 хувьтай гарчээ. 
Ерөнхийлөгчийн рейтингийг доош нь чангаах зүйл олон байсан гэдгийг ч дурдах нь зүйтэй биз ээ. Ихээхэн хэл ам дагуулсан өршөөлөөс эхлээд Ноён уулын талаархи эргэж хургасан байр суурь зэргийг дурдахад хангалттай. 

УИХ-ын гишүүн Г.Уянга сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой баримтууд. Хэдийгээр С.Баяр барилга байшин байтугай майхан ч байхгүй гэж мэдэгдээд байгаа ч гэлээ С.Уянгаас АТГ өнгөрсөн долоо хоногт тайлбар авсан нь тодорхой болсон. АТГ-т тайлбар өгсөн гэдгээ С.Уянга өөрөө мэдээлсэн байсан. Дуулианы эзэн болоод байгаа С.Уянга гишүүн Топ-10 улстөрчийн жагсаалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой урд хойно орон хотод тавд, хөдөөд гуравт бичигджээ. 

Үхсэн буурны толгойноос амьд ат айна гэж үг бий. Бас хүний хуучин нь, дээлийн шинэ нь дээр ч гэж хэлдэг. МАХН-ын дарга Н.Энхбаяр эдүгээ уг нь Солонгост эмчлүүлж байгаа. Харин түүний рейтинг Монголд өндөр байгаа аж. Тэрээр энэ жагсаалтын хоёрт орсон байна. 
 
С.ЖАВХЛАНГИЙН ТЭМЦЭЛ ТАЛААР ӨНГӨРСӨНГҮЙ 

Дуучин С.Жавхлан Төрийн тэргүүнийг халз мэтгэлцээнд дуудаж, Монголын Үндэсний олон нийтийн телевизээс эфирийн цаг нэхэж, байн байн хэвлэлийн хурал хийгээд бужигнуулаад байсан. Түүнийг улстөржлөө, дуугаа л дуулаад явбал болоо биш үү гэдэг шүүмжлэл ихээхэн гарсан. Гэхдээ гавьяат жүжигчин С.Жавхлангийн энэ тэмцэл талаар өнгөрсөнгүй. Бүр тодруулбал, түүнийг шүүмжлэх нэгэн байхад дэмжиж байгаа улс бас байна гэдэг нь улс төрийн судалгаагаар гараад ирсэн байна. “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн амьдралд чухал үүрэг нөлөөтэйгөөр оролцоосой гэж хүсдэг вэ” гэсэн асуултад “Сантмарал” сангийн судалгаанд оролцогчид эхний аравт нэрлэсэн хүмүүсийн тоонд С.Жавхлан багтжээ. 
 
МОНГОЛЧУУД ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨДРӨГӨӨР ХАРЖ, БАС МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА 

Энэ удаагийн “Сантмарал”-ын судалгаа эдийн засаг нийгмийн олон асуудлыг хөндсөнөөс гадна хувь хүний өөрийн үнэлэмжийг ч хамруулжээ. 

Судалгааны дүнгээс харвал монголчууд монгол хүн гэдгээрээ бахархаж, бас ойрын ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөөлж, өнөөгийнхөө амьжиргааг олонхи нь зарим талаараа сайн, зарим талаараа муу гэж дүгнэж, мөн өөрийн амьдралаа ядаж эцэг эхийнхтэйгээ адилхан гэж үзсэн байна. Товчхондоо бол монголчууд ирээдүйгээ өдрөгөөр харж байна. Угаасаа монголчуудын ашдын бэлгээс амны бэлгэ гэдэг дээ.