“Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Оюутолгой”-н асуудал нь одоо Засгийн газар бус компани хоорондын асуудал болсон хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл хоёр тал ямар асуудлыг хамгийн эхэнд шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

 

-Хувь нийлүүлэгчдийн түвшинд итгэлцлийг сэргээх тал дээр чухал алхам хийсэн. Одоо  энэ итгэлцлийг бэхжүүлэх, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын түвшинд итгэлцэлд тулгуурласан засаглалыг сайжруулах арга хэмжээ авна. Оюутолгойн өрсөлдөх чадварыг олон улсын хэмжээнд сайжруулах төлөвлөгөөг боловсруулж, үүний хэрэгжилтийг хянах нь чухал. Оюутолгой төслийг цаашид цэвэр арилжааны буюу бизнесийн зарчмаар хөгжүүлж байж үр өгөөжөө бүрэн өгөх юм. Иймд Эрдэнэс Оюу Толгой ХХК-тэй хамтраад энэ чиглэлийн стратегийг боловсруулна. Олон нийтийн дунд Оюутолгойтой холбоотой элдэв ташаа ойлголт багагүй байдгийг үгүйсгэхгүй. Иймд мэдээлэл, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана.

 

-Одоо бүх ажлыг компани гардан гүйцэтгэнэ. Ер нь таны гарын үсэг зурсан төлөвлөгөөнд Монгол Улсад ашигтай ямар заалтууд байгаа вэ? Уншигчид энэ талаар мэдэхийг хүсч байна. Жишээ нь: Монголчууд ажиллаж болох хичнээн ажлын байр бий болох вэ?

 

-Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь өөрөө Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэр хүндэд маш чухал, эерэг алхам болсон. Гадаад ертөнц манай Монголыг нэг л өнгөөр хардаг. Заримдаа хэт явцуу гэмээр ойлголттой байх нь бий. Ямартаа ч хоёр орчим жил үргэлжилсэн маргаанд цэг тавьж чадсан нь эерэг дохио боллоо. Энэхүү төлөвлөгөөгөөр бид тус төслөөс орох ашиг, үр өгөөжийн 53 хувиа албажуулж авч чадлаа. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин сэргээх тал дээр тохирсоны үндсэн дээр шинээр 3000 орчим ажлын байр бий болгох үүд хаалгыг нээлээ. Уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт нь бусад салбараар дамжин эдийн засагт дам нөлөө ихтэй байх болно. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн хэлхээгээр дамжин шууд бус олон ажлын байр бий болгож байдаг. Мөн сүүлийн жилүүдэд эрчээ авч байсан гадаадын хөрөнгө оруулалтын уналтыг зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлж улмаар манай төгрөгийн ханшийг хамгаалах сайхан бололцоо бүрдэнэ. 

 

-Оюутолгой хөдөллөө гэхэд бидний хүсч байсан шиг ашгийг Монголд өгөхгүй, гэрээг сайжруулж чадсангүй гэх улс төрчид байгаа. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Монголын Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байна. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-Аль ч ардчилсан улсад улс төрчид хардах, шүүмжлэх эрхтэй байдаг. Энэ нь ялангуяа ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд хийх ёстой ажил нь гэж ойлгодог. Энд гэхдээ нэг зүйлийг хэлмээр байна. Миний ахалсан ажлын хэсгийн удирдамж маш тодорхой буюу УИХ-аас Засгийн газарт өгсөн даалгаварыг л биелүүлэх байсан. Энэ даалгавар нь юу байсан бэ гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх байв. Ажлын хэсэг нь дээд байгууллага болох УИХ-ын тогтоол, ЗГ-ын зохих шийдвэрийн дагуу холбогдох хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ажиллаж өнөөгийн үр дүнд хүрсэн байгаа.  Тийм учраас би өөрт олгосон эрх мэдлийн хүрээнд л таны асуултанд хариулмаар байна. Учир нь гэрээнд өөрчлөлт оруулах зорилго манай ажлын хэсэгт байгаагүй юм. Харин гэрээнд байгаа зарим бүрхэг, тодорхойгүй зүйлүүдийг энэ төлөвлөгөөгөөр хоёр талд харилцан ашигтайгаар тодотгосон, бас ойлголцлын зөрүүг багасгасан гэж ойлгож болно. Ер нь, нэгэнт хөрөнгөөрөө хамтарсан бол зардал хэтрэхээр дагаад санхүүжүүлэх шаардлага өсдөг эрсдэл хувь нийлүүлэгчдийн аль, аль талд нь бий. Гэхдээ энэ тохиолдолд өөр. Төслийн санхүүжилт авснаар манай өр өсөхгүй. Эхний үе шатанд гарсан зардлын хэтрэлтийг хоёр тал тайлбарласан. Цаашид ийм хэтрэлт гаргахгүй байх арга хэмжээг авна. Далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд менежментийн төлбөрийг бууруулж чадсан. Ингэснээр манай талд оногдох өгөөжийн харьцааг хадгалах чухал алхам болсон. Ер нь дэлхий дээр энэ төрлийн төслүүдийн тал нь л амжилттай болж, тал нь бүтэлгүйтдэг. Амжилттай болсон төслүүдийн талд нь зардлын хэтрэлт гарсан байдаг. Зарим төсөл анх төлөвлөснөөсөө хэд дахин их өртөгөөр бүтдэг. Манай Оюутолгойн хувьд ч гэсэн  харамсалтай нь зардал хэтэрлээ. Хөрөнгө оруулагчид болохоор 15 хувь хэтэрсэн, манайхан болохоор 30 хувиар хэтэрсэн гэж үздэг байсан. Одоо 20 орчим хувиар хэтэрсэн гэж нэг тоотой боллоо гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл 1.2 орчим тэрбум ам доллараар хэтэрсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хэтрэлтийн 20 хувь нь жишээ нь манайд импортийн төлбөр, НӨАТ хэлбэрээр төлсөн мөнгө байгаа юм. Хэдий Оюутолгойн хувьд төлөвлөгөөгүй нэмэгдэл зардал гарсан ч гэсэн манай төсөвт тодорхой харьцаагаар нэмэлт орлого орж байсан байгаа юм.

 

МИНИЙ БИЕ БОЛОН МАНАЙ ХАМТ ОЛОН Г.УЯНГА, С.ГАНБААТАР, Ц.ДАВААСҮРЭН БОЛОН БУСАД ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНО

-Далд уурхайн санхүүжилтийн 6 тэрбум хөрөнгийг 14 банкнаас босгоно гэж байгаа. Оюутолгойг өөрийг нь барьцаанд тавих гэж байна хэмээн зарим гишүүд мэдэгдсэн. Энэ үнэн үү. Тодорхой хариулт өгнө үү?

 

-Одоогоор мэдэгдэж байгаагаар бол 4.2 тэрбум ам доллар орж ирнэ. Энэ нь өсөөд 6 тэрбум ам доллар хүрэх боломжтой. Энэ нь Монгол Улс, Оюутолгой маань дэлхийн том банкуудын анхаарлыг хэр татаж чадаж байна вэ гэдгийг илэрхийлэх юм. Банкны барьцаа бол бизнест байдаг энгийн зүйл. Гол барьцаа нь РиоТинтогийн баталгаа болж байгаа. Мөн Туркойз Хиллс Ресурсийн хувьцааг барьцаална. Дэлхийн банкны МИГА хэмээх байгууллага Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тустай гэдэг үүднээс  нилээн том баталгаа гаргаж өгч байгаа. Оюутолгой  компанийн хувьд зарим үл хөдлөх хөрөнгө, гурван лицензнийхээ нэгийг мөн борлуулалтын орлогоо барьцаалах болно. Цалингийн зээл авахын тулд цалингаа, автомашин худалдан авах зээл авахын тулд автомашинаа барьцаанд тавьдагтай л ижил юм.  

 

-Банкнаас ямар нөхцөлтэйгээр хөрөнгө босгох вэ?  

 

-Энэ талаар ярихад эрт байна. Ерөнхий нөхцлүүдээ тохирсон. Гол нь Оюутолгойг санхүүжүүлж байгаа одоогийн зээлээс илүү хямд байх юм. Хэлэлцээний явцад аль болох илүү сайн нөхцөл тохирохыг Оюутолгойн зүгээс хичээх болно.

 

-Зарим гишүүд уг төлөвлөгөөнөөс болж Засгийн газрыг огцруулах асуудлыг хүртэл яриад явж байна. Та ажил хариуцаж буй хүнийхээ хувьд Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын шүүмжлэлийг юу гэж хүлээж авч байна. Тэд үнэхээр популизм хийж байна уу?

 

-Энэ популизм гэсэн үг орсон асуултанд би хариулмааргүй байна. Олон түмний итгэлийг өвөрлөж сонгогдсон төрийн түшээдийг би хүндэтгэж байдаг. Бид нэг эх оронтой. Бидэнд нэг л зорилго бий. Тэр нь улс эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ? Ажлын байр хэрхэн бий болгох вэ? Хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ? гэсэн асуудлуудыг шийдэх. Энэ зорилгын хүрээнд миний бие болон манай хамт олон Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар болон бусад гишүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

-Төлөвлөгөөг арбитрын шүүх дээр хүлээж авахгүй байх эрх зүйн байдал бий болно гэж зарим гишүүд ярьж байна. Үнэхээр ийм нөхцөл байдал бий болох уу?

 

-Төлөвлөгөөн дээр маргаан гарвал хувь нийлүүлэгчдийн хооронд ажлын шугамаар шийдвэрлэнэ. Мөн маргаан гарсан тохиолдолд яах вэ гэдэг нь компани хооронд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байдаг. Тэр заалтыг хэрэглэх эрх нь нээлттэй.

 

Сая төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Харин жинхэнэ гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ? Гэрээнд гарын үсэг зурснаар одоо байгаагаас ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

 

-Хэрэв зээлийн гэрээг ярьж буй бол хөрөнгө оруулагчид, Оюутолгой болон банкуудын хооронд хийгдэх бөгөөд олон улсын хөгжлийн банкууд туслалцаа үзүүлнэ.

 

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 300-600 ДОЛЛАР ОРЖ ИРНЭ

-Төлөвлөгөө батлагдлаа. Хэр их хэмжээний мөнгө эхний ээлжид орж ирэх вэ? Ер нь үр өгөөжөө хэзээнээс өгч эхлэх вэ?

 

-Нийт 4-6 тэрбум ам доллар орж ирнэ. Эхний ээлжинд 300-600 сая доллар орж ирнэ. Бодит хэмжээ нь бидний ажиллах хурдаас их шалтгаална. Төлөвлөгөө батлагдсан гэсэн мэдээ нь манай ханш, манай бонд зэрэгт эерэг нөлөө үзүүлээд аль хэдийн эхэлсэн. Энэ утгаараа бол өгөөжөө өгөөд эхэлсэн гэж болно. Энэ нь цаашлаад тасрахгүй үргэлжлэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна бидэнд хүртэх өгөөж нь зэсийн үнээс шалтгаалж цаг хугацааны хувьд хэлбэлзэнэ.

 

-Рио Тинто компани 30 сая ам долларын өрөө төлөхөө мэдэгдсэн. Бас бус асуудалд нөгөө тал уян, хатан хандаж байна. Ингэх болсон шалтгаан нь манайхныг бууж өгсөнтэй холбож тайлбарлах хүмүүс байна. Манайх уг төлөвлөгөөг батлахад ямар асуудлуудад буулт хийсэн бэ?

 

-Бид нэг их буулт хийгээгүй. Зардлын хэтрэлт дээр аль, аль тал буруутай юм байна гэдэг зарчмын тохироог эс тооцвол. Гол нь Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу л хуримтлагдсан асуудлуулыг шийдвэрлэсэн.

 

-Та “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн гэрээг монголчуудад ашигтай хийж чадах уу? Саяын төлөвлөгөөг ч мөн ашигтай хийж чадсан гэж үзэж байна уу?

 

-Санхүүжилтийн гэрээ гэхээсээ илүү өмнө хэлсэн зээлийн гэрээг хэлж байгаа болов уу. Энэхүү гэрээг аль болох Оюутолгойд ашигтай байлгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Сая зурсан төлөвлөгөө нь ашигтай учраас л би зурсан. Би эх орондоо хайртай Монгол хүн. Өөрийн итгэл үнэмшил, үзсэн туулсан туршлага дээрээ үндэслээд энэхүү төлөвлөгөөг ашигтай болсон гэж би хэлж чадна.

 

-Шат, дараатай хийх дараагийн ажлууд юу вэ?

 

- Одоо бидний хувьд бусад шийдвэр, зөвшөөрлүүдийг цаг алдалгүй хөөцөлдөх ажил байгаа. Жишээ нь, Оюутолгойн ТУЗ-ийн түвшинд далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх шийдвэр гарна. Мөн хөрөнгө оруулагчид ч өөр өөрсдийн ТУЗ-өөр мөн адил шийдвэр гаргах ёстой. ТЭЗҮ-г тодотгох ажил үргэлжилж байгаа. Оюутолгой компани өнөөдөр хүчин төгөлдөр буй ТЭЗҮ-дээ тодотгол хийснээр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байгаа. Шинжээчид нь ажлаа дуусгаад байгаа болов уу. Хувь нийлүүлэгчдийн хооронд асуудал шийдэгдсэн тул одоо ЭБМЗ шийдвэрээ удахгүй гаргах байх гэж найдаж байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, гэрээ хэлцлүүдийг хийх, зарим нэг гүйцэтгэгч нараа тодруулах,  ажилтнуудаа дахин сургах гэх зэрэг чимхлүүр ажлууд хүлээж байна даа.  

Т.ХУЛАН