Уншигч та Монголынхоо өв уламжлал, аж ахуй, түүх соёлоо хэр сайн мэдэх вэ? Монгол гэр, мал аж ахуйг таны үр хойч даяарчлалын нөлөөг өөр таниж мэдэлгүй өсөн торниж байгаа юм биш биз.Өнөөдөр бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад энэ талын мэдлэг боловсрол маш бага байгаа нь бидэнд харагдаж бас мэдрэгдэж байна.

    Мэдээж тэдний буруу биш. Тэдний анхаарал  сонирхолыг нь татаж тэдэнд мэдээлэл олгох тийм л зүйлс бидэнд хэрэгтэй байгааг “Цэцэн продакшн”-ы хамт олон олж  хараад “Гэр ухаан” төслийг хэрэгжүүлж эхлэн хэвлэлийн бага хурал зарлаж  хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл  өглөө.

   Төслийн хүрээнд хийгдэх эхний ажил бол “Гэр ухаан” танин мэдэхүйн реалити шоу нэвтрүүлэг юм. “Цэцэн продакшн” санаачлан тус нэвтрүүлгийн зөвлөхөөр Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Д.Өлзийбаатар, Түүхийн ухааны доктор Б.Баатархүү нар ажиллаж байгаа аж.“Монголын залуучуудын холбоо”, “Архангай аймгийн залуучуудын холбоо”,”Архангай аймгийн нутгийн зөвлөл”,“BROS records”, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” зэрэг газрууд дэмжин ажиллаж байгаа юм байна.    

  Нэвтрүүлгийн зураг авалт 30 хоногийн хугацаанд Архангай аймгийн нутагт үргэлжлэх бөгөөд нэвтрүүлэгт 15-17 насны 16 оролцогчийг сонгон шалгаруулалтаар шалгаж, оролцох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг 2015.06.05-06.12 өдрийг дуустал бүртгэнэ. Тэд Монголын үзэсгэлэнт аймгуудын нэг болох Архангай аймагт зуны нэгэн сарыг өнгөрүүлэн сонирхолтой хэлбэрээр Монгол ёс заншил, өв уламжлал, аж ахуй, соёл түүхтэйгээ танилцан сийлбэртэй өргөө цагаан гэрийн эзэн болохоор уралдах юм.

   Энэхүү шагналын гэрийг зураг авалт явагдах хугацаанд урлаачид урлах ба хүүхдүүд ч гар бие оролцоно. Зураг авалтын хугацаанд оролцогчдын амь нас эрүүл мэндийг Даатгалын компанид даатгуулж, тэдний бие махбодь болон сэтгэл санааны аюулгүй байдлыг ханган сэтгэл зүйчид мөн эмнэлгийн ажилтан нийгмийн ажилтнууд хамтран ажиллах юм. Зуныхаа амралтыг зугаатай үр бүтээлтэй, байгаль дэлхийдээ ойр өнгөрүүлэхийг Цэцэн продакшны хамт олон уриалж байна.