Энэ долоо хоногт улстөрд АТГ-аас нэлээдгүй улстөрчдийг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан. Тухайлбал, "Ерөнхий сайд асан  Н.Алтанхуягийг хуулийн байгууллагаас  шалгаж эхэлжээ". Одоогоор түүнийг албан ёсоор сэжигтнээр татсан эсэх нь тодорхойгүй ч “Хаан жимс” амралтын газарт байх үедээ албан хэргээ явуулдаг ажлын өрөөг нь нэгжиж, ямар нэг зүйл хайсан гэдэг. Энэ талаар Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр ярьсан хэмээн эх сурвалж ам алдсан. 

Харин нийгэмд энэ жилийн наадмыг "дэлхийн од дуучин, жүжигчин Jennifer lopez" ая дуугаа өргөж, нээнэ гэсэн мэдээлэл энэ долоо хоногийн дуулиан байлаа. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Энэ зун дэлхийн том одын тоглолтыг Монголд зохион байгуулахыг амлаж байна. Дэлхийн одын тоглолтыг эх орондоо үзэх нь ээ залуучуудаа" гэсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч дэлхийн супер оддыг эх орондоо авчирж ирэх асуудлыг аль хэдийн хөөцөлдөж эхэлсэн байна. Одоогийн байдлаар дуучин, жүжигчин Jenniffer Lopez Монголд ирж магадгүй гэх мэдээлэл байгаа.Олон нийтийн цахим сүлжээнийхэн уг асуудлаар хүчтэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд ихэнх нь дургүйцэж байгаа юм. Учир нь эдийн засаг хямарсан хүнд хэцүү үед дэлхийн хэмжээний одыг их мөнгө зарлагадаж авчрах нь тохиромжгүй гэж үзэж байгаа аж. Ядаж л өнөө, маргаашгүй хальж, нийслэлчүүдийг усгүй болгох гэж буй Төв цэвэрлэх байгууламжаа энэ мөнгөөр засах хэрэгтэй гэж байгаа юм. Бидний авч буй мэдээллээр Jenniffer Lopez-ийг 1 тэрбум 500 сая төгрөгөөр авчрах аж. Хэрвээ тэр ирвэл Чингисийн талбайд тоглолтоо хийнэ. Өчигдөр түүнийг манай улсад ирэхгүй хэмээн мэдэгдсэн гэх ч үүнд албан ёсны юу, цуу яриа юу гэдэгт албаны хүмүүс одоог хүртэл хариулт өгөөгүй байна.

Түүнчлэн ганц удаагийн борооноор барилгын чанараа харуулсан үйл явдал иргэдийн эгдүүцэл, бухимдлыг төрүүлсэн юм. Тодруулбал, энэ сарын 04-нд “Тэнгэр Лэнд” Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны хажуу талд байрладаг 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурч олон хүнийг сандаргалаа.  Улмаар  Онцгой байдлын албан хаагчид , нийслэлийн Аврах ангийн бүлгийнхэн очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцрийг буулгасан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна.

“Тэнгэр Лэнд” ХХК-ны барьсан энэхүү барилга дараагийн борооноор ямар “гэнэтийн бэлэг” барих нь тодорхойгүй.  

"Ам.доллар суларч, төгрөг мандах цаг ирлээ" Энэ сарын нэгний байдлаар ам.долларын ханш 1907 төгрөг байна. Харин гадаад валютын зах дээр өнгөрөгч сарын 31-ний байдлаар 1900 төгрөгтэй тэнцсэн юм. Эдийн засагчид цаашид ам.долларын ханшийг 1800 төгрөгт хүрнэ хэмээн үзэж байгаа аж. Төгрөгийн ханш хоёр жил гаруйн хугацаанд уналтанд орсон. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сараас бага багаар чангарч байгаа нь энэ. Тэгвэл өнөөдөр нэг ам.доллар 1877 төгрөгтэй тэнцэж байна.

Төгрөг сэргэж, долларын ханш суларсан нь нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдааны тэнцэл 376 сая ам.долларын ашигтай гарсан Энэ нь импортын хэмжээ 29.5 хувиар буурсантай холбоотой аж. Хэрэглээнийхээ барааны 80 хувийг гаднаас авдаг Монгол Улс сүүлийн жилүүдэд импортыг хэрэглээг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр импорт буурснаар гадагшлах долларын урсгал дагаад буурсан зэрэгтэй холбож болно. Гэвч гадаад валютыг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгвэл ийнхүү ам. долларын үнэ буурч байгааг дагаж хүнс, мах, ногооны үнэ дорвитой буухгүй байна. ​​Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 305 төгрөгөөр өссөн байх жишээтэй. 

"Есөн эмэгтэй тамирчин дэлхийд чансаагаараа илүүрхэв" Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-оос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарлалаа. Жин бүрийн эхний 20 бөхөөр Дэлхийн чансааг гаргадаг билээ. Тэгвэл уг чансааг тэргүүлэгчдийн эгнээнд манай улсын 9 тамирчин багтжээ. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа долоодугаарт, 55 кг-д П.Орхон 13 дугаарт, А.Батцэцэг 18 дугаарт , 58 кг-д С.Бямбацэрэн 11 дүгээрт, Б.Шоовдор 17 дугаарт, 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд гуравдугаарт, 63 кг жингийн хоёрдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа долоодугаарт, 75 кг-д Б.Одончимэг 17 дугаарт бичигдэв.

Өнгөрч буй долоо хоногт эх орондоо болсон онцлох үйл явдлын тоймыг уншигч танд хүргэлээ.

 

Х.Даваа