Дорнод аймаг дахь  “Вант улс” гэгддэг Петро Чайна Дачин Тамсагийг шалгаж байгаа гэх мэдээллийг өчигдөр өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү олон нийтэд мэдээллээ.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн санал хүсэлтийн дагуу шалгалт явуулахаар холбогдох газруудаасбаримт авах хүсэлт илгээхэд төрийн байгууллагууд хариу өгөхгүй нам болдог талаар АТГ-ыг онцлон үг дайгаад амжив. 

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувийг буюу Тамсагийн сав газрыг бүхэлд нь бүтээгдэхүүн хуваагдах гэрээ гэх нэрийн дор гадны хөрөнгө оруулалт бүхий дөрвөн компани эзэгнэж, нутгийн иргэдийн бухимдал дор өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар буй. Тэдний хамгийн том нь Петро Чайна Дачин Тамсаг.

Тамсагийн сав газрыг 23 жилийн турш эзэгнэн сууж буй  урд хөршийн зуун хувийн хөрөнгө оруулалттай уг компани өөрийн талд үнэмлэхүй ашигтай байдлаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, нийт ажилчдын гуравны нэг хүрэхгүй хувьд Монгол иргэдийг хөдөлмөрийн хатуу нөхцөл дор зүтгүүлж, мэргэжлийн хяналт, татварын байцаагч нарын тавьсан акт, торгуулиудыг хүртэл хав дараад өнгөрдөг гэх баримтууд дэлгэгдэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ.

Анхлан ерөнхийлөгч П.Очирбат өрөмдөлөгийн гүнээс олгойдон гарч ирсэн газрын тосыг  саарал дээлийнхээ энгэрт тэмдэг тавьсныхаа дараа урд хөршдөө найр тавиад өгч орхисон уг газрын тосны талбай 119.2 сая тоннын газрын тосны нөөцтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 39-т жагсдаг

Дачин Тамсаг 500 гаруй цооногоос түүхий газрын тос олборлож, Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем бүхий  Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талаар 40 орчим салаа зам үүсгэн тээвэрлэж байгаа нь амьд амьтан тогтоход бэрхтэй болсон талаар нутгийн иргэд гасалсаар буй.

Нутгийн иргэд шат шатны шүүх дамжин Дачин Тамсагтай заргалдсаар, 500 гаруй нүхнээс ердөө 4-ийг нь эрсдлийг тооцуулж, олон замын замын нөхөн төлбөр 1.3 тэрбум ам.долларыг орон нутагтаа авах шийдвэр гаргуулж байсныг эс тооцвол Монголчууд эл компанид ямагт ялагдсаар ирсэн түүхтэй. 

Үе үеийн төрийн өндөрлөгийн хайгуулын талбайтай биечлэн танилцаж, Монгол ажилчдын эрх ашгийг хангах, нөхөн сэргээлт хийх, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг сануулсаар ирсэн ч Дачин Тамсагийн удирдлагууд нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргадаг уламжлал хэдийнэ тогтож. 

Хэдэн жилийн өмнөөс улиг болон яригдаж, холбогдох газруудаас шаардсаар ирсэн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал замыг Дорнод аймгийн газар нутагт тавих, Монгол ажилчдыг нэмэх, нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай хийх зэрэг асуудлууд яг хэвэндээ “зарцаж”, урагшлах нь байтугай улам ч дордох шатандаа оржээ. 

Хамгийн сүүлчийн жишгээр гэхэд тус компанид МХЕГ-аас 560 сая төгрөгийн торгууль, Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас нэг тэрбум 400 сая төгрөгийн торгууль тавьчихаад байхад, үл тоомсорлон өдийг хүртэл төлөхгүй байгаа гэх. 

Ер нь Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэгчийн үлгэрээр өнгөрсөн жилүүдийн хугацаанд Хятадын толгой нефтийн үйлдвэрийн эзэмшил ингэж манай улсын  газрын тосны баялагийг хумисаар, харин бид анхнаасаа сул хийгдсэн гэрээндээ тушагдсаар өдийг хүргэв. 

Дачин Тамсаг талбайгаа томсгох саналаа илэрхийлсээр ирсэн ч тодорхойгүй байсаар 2014 онтой золгосон байдаг. Харин өнгөрсөн онд БНХАУ-ын Дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэрээ 30 ашигтай саналыг манайханд тавиад, хариуд нь ганцхан зүйл хүссэнийг  ёсоор  болгов гэх утга бүхий мэдээ түгэж байв. Тэр нь Дачин Тамсагийн талбайг нэмэх. Бид ингэж занганд унасан авч тухайн үед асуудлын гүн рүү орж, хор уршигийг тайлбарлан гаргаад ирэх хүн нэгээхэн бээр ч байсангүй. 

Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээний 60:40-ийн харьцааг эргэж харах, улсдаа нефтийн боловсруулах үйлдвэр барих асуудлыг орон нутгийн зүгээс хөндсөөр байхад УИХ дээр уг асуудал ирээд гацчихдаг. 
Эндээс Дачин Тамсагийн ард нэр бүхий улстөрийн хүрээнийхэн хүчтэй зогсож, дотоодын нефтийн бүрэн хараат байдлыг үл тоон, хамгаалсаар буй нь ихээхэн эрх ашгийн санаархал явж буй нь харагдана. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу