Наадмын тасалбарт дугаарласан минь
2015/07/02
Жил бүрийн наадмын өмнөхөн олон мянган хүн наадмын тасалбарт дугаарладаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг үйл явдлыг сурвалжлахдаа чухам хэнээс юунаас болоод ийм гаж зүйл болоод байгааг огт анзаардаггүй бөгөөд хонон өнжин дугаарлаж бухимдсан хүмүүсээс ганц нэг асуулт асуусан болоод л өнгөрдөг. Харин энэхүү заваарсан зүйл хэнээс, юунаас болоод байдгийг мөн энэхүү завхарлаа хэрхэн яаж засах аргыг миний бие одоогоос яг 1 жилийн өмнө буюу 2014.07.04-05-нд шилжих шөнө наадмын тасалбарт дугаарлаж хонохдоо мэдэж билээ.
Тасалбар зарагдахын өмнөх үдэш: 21:07 цаг
Наадмын тасалбар олж авахын тулд заавал өмнөх үдэш нь очих ёстой гэсэн найзынхаа зөвлөгөөгөөр соёлын төв өргөөний тасалбар түгээгүүрийн үүдэнд 21:07 цагт ирлээ. Гэтэл би тэнд ирсэн анхны хүн биш байв. 19:00 цагаас хойш ирсэн гэх 20-35 орчим насны 7 хүн сууж байв. Тэдэнтэй мэнд ус мэдэлцэн ойр зуурыг ярьсаар 2 цагийг арайхын барлаа.
Тасалбар зарагдаж эхлэхээс 11 цагийн өмнө: 23:30 цаг
Энэ зуур хүмүүс уван цуван ирсээр шөнийн 23:30 минут гэхэд 30 орчим хүн цуглалаа. Хүмүүс ирсэн дарааллынхаа дагуу ирж суусаар соёлын төв өргөөний арын ханыг даган 20 орчим метрийн урттай цувааг үүсгэлээ. Яг үнэндээ зуны шөнө тийм ч богинохон биш ажээ. Гэрээсээ авчирсан хоолоо ойр орчмынхоо шинэхэн танилуудтай хувааж идэх зуур удахгүй болох наадмын талаар, яг тэр үед өрнөж байсан хөлбөмбөгийн дэлхийн аваргын талаар, хурдан морь бөхний талаар гээд ярихгүй сэдэв байсангүй. Тэгж л гэмээнэ зуны шөнийн урт цагийг хороож байв.
Шөнө дунд өнгөрлөө: 02:30 цаг
Энэ шөнө Улбар шарууд Германтай тоглосон санагдаж байна /хөлбөмбөгийн дэлхийн аварга/. Хүмүүс тоглолтоо үзчихээд ирж байгаа юм байлгүй тасалбарт дугаарлагчдын тоо энэ үеэс огцом өслөө. Сэлүүхэн зайд тавиухан хэвтэж байсан бид нар шинэхэн дугаарлагчдад шахагдаад юун хэвтэх манатай, арайхан сууж болохуйц жижигхэн зайд цомцойн сууцгаав. Хамгийн гайхалтай нь хэзээдээ хаагуур ороод ирсэн юм бүү мэд миний урд байсан 7 хүн маань 20 гаруй болж нэмэгдсэн байдаг байгаа. Хүүе энд юу болвоо гэтэл “Дуугүй бай чи. Бид нар аль түрүүн ирээд сууж байсан ш дээ. Анзаараагүй юм уу” гэж загнав.
Үүр цайлаа: 04:05
Үүрийн хөх гэгээ татах үед шөнөжин цомцойж суусаар хөшсөн нуруугаа тэнийлгэхээр өндийж хартал тасалбарт дугаарлагчдын тоо 100 орчим болсон байв. Хүмүүс хөлбөмбөгийн өглөөний тоглолтоо үзэхээр явсан юм байлгүй нэг үе багшраад байснаа бодвол харьцангуй цөөрчээ. Харин миний өмнөх хүмүүсийн тоо 30 нэлээн гаруй болоод нэмэгдсэн байлаа. Учрыг лавлатал ах дүү хамаатан саднууд нь очер захисан байсан юм гэнээ. Би ганцаараа, харин тэд дор хаяж 3-5 лаа шүү дээ. Тиймээс за ямар ч л гэсэн урд 20 ч бай, 50 ч бай билет олдох байлгүй дээ хэмээн өөрийгөө тайвшруулаад суутал хэсэг дуг хийчихжээ.
Босоод жагсаад: 06:00
Хөлийн чимээ пижигнэж, босоод жагсаад гэх чанга дуунаар цочин сэрлээ. Юу билээ хэмээн хартал 100 орчим цагдаа ирчихсэн нэг их урт олсоор биднийг хашаалаад хана руу шах. Босоод зогс хэмээн үүрэгдлээ. Дороо дэвсэж суусан цамцаа авахаар тонгойсон биш үймсэн олны хөлд гишгигдэж үхэх шахав. Тэр цагдаа нарынх нь дээрэнгүй том дуутай байгааг хэлэх үү. Хашаалан татсан олсноос зуурч хана руу шахагдан зогсоод урагшаа хартал... Миний урд байсан 30 гаруй хүн маань 100 орчим болж нэмэгдсэн байлаа. Хэсэгхэн дуг хийх хооронд ах дүү амраг саднаа зохион байгуулалттайгаар чихчихэж. Ойр орчмынхоо хүмүүсээс тасалбарыг хэдэн цагт зарж эхлэх бол хэмээн асуутал уул нь 09:00 гэж байсан гэхдээ. 11:00 гээд эхлэх байлгүй гэж байна. Яагаад тэгж байгаа юм бол гэтэл мэдэхгүй ээ жил бүр л тэгдэг шүү дээ. Бид нар ч билетээ оройны 04:00 цагаас авбал ч их юм шүү гэж байна. Би түүнд за битгий тоглоод байлдаа хэмээн асуух тунихын хооронд хэлбэл “би ийм зүйлээр тоглодоггүй” гэх эрс хариулт өгсөн учраас би амаа хамхилаа.
Туйлдаж эхэллээ: 10:45 цаг
Шөнөжин хатуу цементэн дээр суугаагаараа хоноод өглөөний 06:00 цагаас хойш тасралтгүй 5 цаг орчим зогссон хүмүүс бухимдаж эхэллээ. Та нар муусайн яагаад билетээ зарж эхлэхгүй байгаа юм бэ? Хэн гэдэг хүн зарж байгаа юм? Хаана яваа юм тэр хүн чинь? Жилийн жилд л ингэж заваарч байхын хулгайчууд чинь хэмээн хашхичиж эхэллээ. Үүнд хариулт өгөх нэг ч хүн байсангүй. Харин миний урд дугаарлах хүмүүсийн тоо л тасралтгүй нэмэгдсээр байлаа. Хаагуураа яаж ороод нэмэгдээд байгааг ойлгох юм алга. Ямартай 200 орчим болж өссөн байв. Хүмүүсийн хажуугаар хөлхөлдөх цагдаа нараас та нар битгий хүн оруулаад байгаач хэмээн шаардаад тусыг олсонгүй.
Давсаг хагарах шахав: 12:24 цаг
Амьд хүн л юм хойно байгалийн жамаас гажихгүй шүү дээ. Хоёр талынхаа хүнээс аминчлан гуйж, дугаарлагчдыг хариуцсан цагдаад учирлан байж бие засахаар явлаа. Тусгаар тогтнолын ордоны өмнөх 00-оос өөр бие засах газар байсангүй. Хар хурдаараа явж чинэрсэн биеэ суллаж авлаа.
Наадамд тийм хорхойтой хүмүүс үү: 13:40 цаг
Харамсалтай нь миний ойр хавьд суугаа хүмүүсээс нэг ч энэхүү тасалбараараа наадам үзэхгүй гэнэ. Ээждээ аавдаа, гадаадаас ирж байгаа ах дүүстээ наадмын тасалбар авч өгөхөөр дугаарлаж байгаа гэнэ. Зарим нь шаглахаар дугаарлаж суугаа гэдгээ ч нуусангүй. Амьдрал хэцүү байна. Ашиг олдог ганц бизнес чинь энэ шүү дээ. Наадмын хоёр хос багцийг 46000 төгрөгөөр аваад цааш нь сайн зарж чадвал 180000, муухан өглөө гэхэд л 120000-д өгдөг. Ганц шөнө суугаагаараа хоноод 80000-100000-ийг авдаг ажил би лав мэдэхгүй гэж ирээд ярьж байв.
Тасалбар зарагдаж эхэллээ: 14:40 цаг
Өглөө 06:00 цагт цагдаа нарт загнуулан боссон хүмүүс даруй 9 цагийн турш босоогоороо зогссоны эцэст эхнээсээ тасалбараа авч эхэллээ. Тэнд байсан цагдаа нарын тоо нэмэгдсэн үү гэхээс биш буугаагүй. Хүмүүсийг арав арваар нь оруулж байсан бөгөөд яасан ч их уддаг юм. 10 хүн ороод дор хаяж 30-40 минут болж байж гарч ирж байв. Миний урдах залууд хоол авчирч өгөхөөр ирсэн залуу бидэн дээр 4 багц билетээ үзүүлж гайхуулдаг байгаа. Та нарыг хонон өнжин дугаарлаад хоосон зогсож байхад би хянагч цагдаа нарт нь 20 цаас атгуулаад дундуур нь орчихлоо гэв.
Тасалбар зарагдаад 2 цаг өнгөрөхөд ердөө дөчхөн хүн: 16:40 цаг
Хүмүүсийн уур бухимдал туйлдаа хүрлээ. Ямар үхээнц хулгайч нь ийм удаан байдаг байнаа. Бүхэл бүтэн хоёр цаг болж байхад 40-хөн хүнд тасалбар зарахаараа яадаг байнаа гэж ирээд л хашхичиж гарлаа. Миний урд байсан 100 орчим хүний тоо буураагүйгээр барахгүй харин ч нэмэгдэж байгаа бололтой. Харин ард дугаарлагсдын тоо даруй 500 гаруй байв. Булан тойроод цаана нь хэд ч байгаа юм ёстой бүү мэд.
Билет дуусч байна. Сүүлийн 20 хүн: 17:18 цаг
Нөгөө удаж удаж ирсэн билет маань ердөө 70 орчим хүнд зарагдаад дуусах тийшээгээ хандлаа. Цагдаагийн ахмад нэг эрхэм гарч ирээд өнөөдрийн билет дуусах гэж байна. Одоо ердөө 20-хон хүн оруулаад л дуусна гэсэн нь хүмүүсийг хөдөлгөөнд орууллаа. Миний өмнө байгаа 100 орчим хүний тоо яг хэвээрээ байхад л билет дуусч байгаа талаар дуулгасан нь бидний бухимдлыг дээд цэгт нь тулгалаа. Булхайтай луйвартай, хүнд сурталтай, арчаагүй шаарнуудаас болж би шөнөжин дэмий суусан юм гэж үү хэмээн бодохоор л гол харлаж байв.
Жил бүр л ингэдэг шүү дээ: 18:15 цаг
Сүүлийн 20 хүнд наадмын тасалбараа зарчихаад хүн нь явчихлаа гэх хорон муухай мэдээ сонслоо. Үүнтэй хамт наадмын нээлт үзэх найдвар талаар өнгөрлөө. Хамт дугаарлаж зогссон нөхөд маань наадмын тасалбарыг борлуулах ажлыг жил бүр л ингэж зохион байгуулдаг ш дээ. Миний мэдэхийн сүүлийн 5 жил ингэж байна гэв.
Хэн буруутай вэ?
Буруутанг нь харин ядах юмгүй олсон шүү. Жил бүрийн наадмын тасалбарыг НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга, цэргийн штабын 1 ажилтан, нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар зардаг гэнэ. Ердөө гуравхан хүн. Тэгж их мөнгө тоолох дуртай шаарнууд юм бол авсан цалингаа 10 өдрийн турш элэгдтэл тоолно байгаадаа ард иргэдийг бүхэл бүтэн 5 жил ингэж тарчлаах ямар шаардлага байсан юм бол хэмээн тэд нараас асуумаар байна. Наадам дөхөөд ирэхээр төрийн ажил назгайрч хүүхнүүд нь хумсаа оролдож суухаас өөр ажилгүй болчихдог шүү дээ. Тэд нартаа 10, 10 билет өгөөд талбай дээр эгнэж зогсож байгаад зар гэвэл ард иргэдийг алалцуулж, алимуу тамыг нь үзэхгүйгээр зарж болно доо. Хэрвээ хүнээ боддогсон бол шүү дээ.
Хэдэн билет зарагддаг вэ?
Баяр наадмаар нийтдээ 13000 ширхэг багц билет зарагддаг гэнэ. Багц гэдэг нь наадмын нээлт, нээлт дууссанаас хойш 11-ийг дуусталх, наадмын хоёр дахь өдөр гэсэн 3 хос байдаг аж. 13000 багц билетийн 3000 багцийг нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудад өгдөг аж. Төрийн өндөр албан тушаалтнууд үндэсний их баяр цэнгэл наадмыг нь хүртэл албан тушаалаараа түрээ барин үздэг жишиг бас байна. Дарга нар улсын наадмаар давуу эрхтэй гэсэн ямар ч хуулийн заалт байдаггүй биз дээ.
Дарга нараас үлдсэн 10000 багцийн төлөө Монгол Улсын 2,000,000 иргэн алалцдаг учраас л наадмын тасалбар ийм өндөр үнэ хүрдэг аж. Хэрвээ билетыг багцаар нь биш ширхэгээр зардаг болчихвол ч илүү амар байхсан. Дарга сайд нар эхнэр хүүхдийнхээ хамтаар нүдээ бүлтийтэл гоё ч ирчихээд гагцхүү нээлтийг нь үзчихээд л буцдаг. Тэд нарт хэн яаж барилдах, түрүүлэх нь падлий байхгүй, уулаасаа ч сонин биш. Тэдний уршгаар жил бүрийн наадмын нээлтээс хойшхи бүх суудал хоосон үлддэг. Зурагтаар бүх үзэж суухад нээлт өнгөрөхөөр л цэнгэлдэх хов хоосон харагддаг биздээ. Гэвч тэнд суугаад бөхөө үзэх гэсэн наадамд хорхойтой хүмүүсийн хувьд хүсээд ч олдоггүй тэр билетүүд дарга нарын эхнэрүүдийн цүнхэнд үнэгүйдэж хаягддаг аж. Ер нь ч наадмын тасалбарыг багцаар биш ширхэгээр нь зараад эхэлбэл хүмүүс 10000-ийн төлөө биш 30000-ийн төлөө өрсөлдөх болно. Нээлтээ үзэх нь өндөр үнээ төлөөд үздэг л юм байгаа биз. Бид нар бөхөө хямдхан үнэ төлөөд үзье л дээ.
Цаашид хэрхэх вэ?
Дээр дурдсанчлан наадам үзэх гэж бус харин шаглах гэж дугаарладаг хүмүүст төр төмөр нүүрээ харуулах цаг болсон. Тэд жилээс жилд үйл ажиллагаагаа чамбайруулж, аргаа нарийсгаж наадмын тасалбарыг зохион байгуулалттайгаар худалдан авч дамласаар амташжээ. Миний өмнө анх долоохон хүн байснаа 100 гаруй болдог шиг. Тэднийг эсэргүүцэхээр бөөнөөрөө нийлж ална тална хэмээн заналхийлдэг, очер захина ч гэх шиг олиггүй муухайгаар ажилладаг болж. Зөвхөн СТӨ-ний гадаа 150 орчим цагдаа байсан гэхээр төв цэнгэлдэхийн билетийн касс, улаанбаатар паласийн билетын касс, бөхийн өргөөн дээр нийтдээ 600 орчим цагдаа тасалбарт дугаарлагчдыг зохицуулан ажилладаг байх нь. Энэ жилээс эхлэн энэ цагдаа нарыг огт өөрөөр ажиллуулах шаардлагатай байна. Тэд нар наадмын тасалбарыг шаглах гэсэн бүх нүх сүвийг судалж, пэйсбүүк, твиттер, зарын сайт, бүх төрлийн зарын сүлжээгээр, цэнгэлдэхийн гадаах талбайд ажиллаж тасалбар дамлан зарах гэсэн бүх хүнийг саатуулж, тасалбарыг нь хурааж, торгох арга хэмжээг авч ажиллаж байж л дамчдыг байхгүй болгох учиртай. БНХАУ-ын цагдаа Бээжингийн олимпын хамгийн эрэлттэй тасалбарыг дамлах гэж оролдсоныхоо төлөө 5 жилийн хорих ял авч байсан юм ш дээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд
Баяр наадмын билетийг энэ жилээс эхлэн НЗДТГ-ын гурван даргаар заруулахаа болих хэрэгтэй. Мөн наадмын тасалбарыг Бөхийн өргөө, СТӨ, Төв цэнгэлдэх зэрэг тасалбар түгээгүүрээс гадна, интернет захиалга, тусгай дугаарын үйлчилгээ, томоохон сүлжээ дэлгүүрүүдийг ашиглан аль болох олон байршлаар иргэдэд хамгийн хүртээмжтэй байдлаар борлуулах шаардлагатай байна. Түүнчлэн наадмын билетийг дарга нарт хувиарладагийг болиулж, ард иргэдэд адилхан хүргэх, багцаар биш ширхэгээр худалдаалах, цагдаа нарыг дугаарлалтыг зохицуулах чиглэлээр бус харин дамчидтай тэмцэх хэлбэрээр ажиллуулж гэмээнэ он удаан жил бугшсан энэхүү бузартай наймаа дарагдана хэмээн найдаж байна. Төрийн наадмаа үзэхийн тулд түмэн олон маань дахиж ингэж битгий зовоосой.
Гэрэл зургийг inet.mn сайтаас авав.
Зочин · 2015/07/03
****l zavharsan yum