Би дээс тоголж чаддаггүй. Чамд сонин санагдаж байна уу? Гэхдээ л би чаддаггүй юм. Багадаа байрныхаа хүүхдүүдтэй тоглоно гэдэг зүйлийг ч бараг мэддэггүй, гэртээ л байдаг байсан. Юу хийж өдрийг өнгөрөөдөг байснаа яг үнэндээ санахгүй байна.

Гэтэл саяхнаас биеэ чийрэгжүүлж, булчинжуулмаар санагдаад боксын бэлтгэлд явж эхэлтэл өнөөх дээсийг чинь өдөр бүр зуу зуугаар нь эргүүлэх хэрэгтэй болов оо. Дээс нь миний хүсээд байгаа бие чийрэгжилтэд тун хэрэгтэй байдаг юм гэнэ. Тэгээд гэртээ хүртэл дээс авч тавин өдөр бүр давтаснаар одоо дажгүй болчихоод л байна. Гэхдээ би юу гэж бодож байна гээч! Багадаа сурч байх минь яав даа гэж.

Охин чинь эсвэл хүү чинь зурагт, компьютер, гар утас, нөүтбүүкийн шүтэн бишрэгч болчихоод хөдөлж өгөхгүй байгаа бол яг одоо өөр зүйлд сонирхлыг нь татах хэрэгтэй. Нэг л мэдэхэд хүүхэд чинь нас хүрч, амьдралд хөл тавих үедээ, биеийн хөгжил муутай, ядаж дээс ч тоголж чаддаггүй байж байвал над шиг л харамсна. Тэгэхээр тэдний хүмүүжил болоод эрүүл мэндэд хэрэгтэй доорх тоглоомуудыг багаас нь тоглуулж сургаарай.

 

 

1. Унадаг дугуй

Орчин үед хүүхдүүд маш хурдтай таргалалт гэдэг өвчинд нэрвэгдэх болсон. Бүр хүүхэд байхаасаа л хөдөлгөөний дутагдалд орж зүрхний архаг өвчлөлтэй болсон байх тохиолдлууд олон бий. Хэрвээ хүүхэд чинь дугуй унадаг бол зүрхний өвчин болоод таргалалт ор мөргүй алга болно. Хамгийн гол нь хүүхэд том хүн шиг ухамсарт сэтгэлгээгээр турах гэж эсвэл эрүүл болох гэж дугуй унадаггүй. Тэд өөрсдийгөө аз жаргалтай болгохын тулд л унадаг дугуй хүсдэг учраас амьсгалын зам нь түүртэж эсвэл боогдох нь тун ховор. Багаасаа дугуй унаж сурсан хүүхэд маш сайн техникийн мэдлэгтэй, орон зайн баримжаа сайтай болдог. Бас мэдээж хөл, гуяны булчин хөгжиж, спортод дуртай болно. Тиймээс дугуй авч өгөөч гэж гуйж байгаа бяцхандаа гялс авч өгөөд унуулж сургаарай. Цаг хугацаа өнгөрч том болсон хойноо хүүхэд чинь ээж аав нь өөрийнх нь эрүүл мэндэд ямар том хөрөнгө оруулалт хийснийг ойлгох болно. 
Дугуй бол - орон зайн баримжаа, техникийн мэдлэг, эрүүл бие бялдар.

2. Шатар 

Хүүхдээ ухаантай хүн болгохыг ээж бүр л хүсдэг шүү дээ. Ухаан гэдэг зүгээр л өгсөн хоол эсвэл эхээс төрөхөд нь заяагддаг зүйл огтхон ч биш. Ухааныг хүүхэд эргэн тойрноосоо орчноосоо олж авдаг юм. Тиймээс ээж аавууд үр хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл заавал шатар зааж өгөх хэрэгтэй. Шатрын нүүдэл, арга барил, тоглолтын дүрэм зэрэг нь хүүхдийг маш анхаарал төвлөрөл сайтай, тэвчээртэй, хэд хэдэн нүүдлийн цаадхыг харах арга ухааныг зааж өгдөг. Хүүхдүүд шатарт дуртай байх тохиолдол тун ховор байдаг учраас эхлээд сонирхлыг нь татаж гэр бүлээрээ орой бүр шатар тоглож шагналтай уралддаг бол. Бас тоглож байх үедээ хүүхэддээ арга барилыг нь нэг бүрчлэн тайлбарлаж зааж өгөөрэй. Тун удахгүй хүүхэд чинь шатар тоглох гэж улайрдаг болно. 
Шатар бол - Шийдэмгий, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, оюун ухааны задаргаа.

3. Гар бөмбөг 

Гар бөмбөг нь үндсэн долоон техниктэй байдаг. Бүх л спортын техникүүд гар бөмбөгт байдаг гэхэд болно. Багийн ажиллагаа, сэтгэлийн хат, оновчтой шидэлт, хөдөлгөөний эвсэл мөн хамгийн гол нь хурд юм. Хүүхэд гурван наснаасаа эхлээд л хөдөлгөөний эвсэлд суралцаж эхэлдэг. Яг энэ үед л хүүхдийн хурдыг алдагдуулж болохгүй. Өдөржин гадаа тоглож, гүйж харайдаг шалтгаан бол биед нь асар их энерги байдагтай холбоотой. Энэ насанд нь гэрт нь хөдөлгөөнгүй байхыг шаардах нь хамгийн буруу. Хэрвээ энэ үедээ л хурдаа хөгжүүлж чадаагүй бол хүүхэд спортод дургүй, хөдөлгөөний эвсэлгүй бас залхуу хойрго зантай болох нь элбэг байдаг. Хамгийн гол нь эцэг эхийн зүгээс сонирхол төрүүлэх нь чухал юм. Зөв эсвэл буруу тоглож байгаа нь тийм ч чухал бус сонирхол нь татагдаж байвал мэргэжлийн багш аяандаа техникийг нь заагаад өгнө шүү дээ. 
Гар бөмбөг - Багийн ажиллагаа, сэтгэлийн хат, оновчтой шидэлт, хөдөлгөөний эвсэл хурд.

4. Оньсон тоглоом 

Мөн л оюун ухаан болоод логик, аливаа зүйлийн дэс дарааллыг олох, ой тогтоолт зэрэгт маш сайн. Хүүхэд бүрийн насны онцлогт таарсан оньсон тоглоомууд байдаг учраас аль болох өөрт нь тохирсон тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Миний туршлагаас харахад хамгийн амархан ч биш дунд зэргээс нь эхлэх юм бол хүүхэд хурдан залхахгүй бас чадахгүй байгаадаа шантрахгүй. Хамгийн гол нь оньсон тоглоомоор тоглож байхдаа хүүхэд чадахгүй бол өөрийг нь бусад хүмүүс тэнэг гэж бодох вий гэж айдаг учраас холуур тойроод байх талтай байдаг. Тиймээс аль болох урам өгч чи чадна, хамтраад хийх үү гэх мэтээр аль болох сэтгэл санаагаар тайвшруулж эхлээд арга барилыг нь зааж өгөх хэрэгтэй шүү. 
Оньсон тоглоом- Логик, аливаа зүйлийн дэс дарааллыг олох, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар.

5. Рольк, тэшүүр 

Рольк, тэшүүр нь хүүхдийг тэнцвэртэй байдалд сургадаг. Мөн хүүхдийн биеийг илүү хөнгөн шингэн, уян налархай болгож өгдөг. Нөгөө талаасаа хүүхэд насандаа рольк, тэшүүр унаад сурчихвал завсардсан ч гэсэн том болоод сурснаасаа ч илүү сайн хэвшил суучихсан байдаг аж.
Рольк, тэшүүр - Хөнгөн шингэн, уян налархай, тэнцвэртэй байдал

6. Ширээний теннис

Ширээний теннис бол хүүхдийн хараанд маш сайн нөлөөтэй. Бас хөдөлгөөний дутагдалтай хүүхдийг маш хурдан эвсэлтэй болгодог сонирхолтой спорт. Теннисний төрлийн олон спортууд дундаас онцолсон шалтгаан нь гэр бүлээрээ гэртээ ч хичээллэх боломжтой учраас юм. Ширээний теннисийг өдөрт хүүхэд 30 минут тоглоход л харааны өнцөг таван минут тутамд маш тогтвортой байдаг ба энэ нь аливаа зүйлд хүүхдийг ажигч гярхай болгодог аж. Мөн хамтрагчтай тоглодог спорт учраас өрсөлдөгчөөсөө үргэлж шинэ зүйл сурч байдаг. 
Ширээний теннис - Хараа, хурд, өрсөлдөх ур чадвар, гарын хөдөлгөөний эвсэл

7. Эвлүүлдэг тоглоом (puzzle) 

Өмнөө зорилго тавьж түүнийгээ үечлэн хувааж, өөрийн гараар хэрэгжүүлэх нэг төрлийн сургалт болдог. Хамгийн гол нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөнд гайхалтай нөлөөлдөг. Хэрвээ хүүхэд чинь хөдөлгөөнтэй, тогтож сууж чаддаггүй бол хамтдаа ийм төрлийн тоглоомоор тоглоорой. Удаан хугацаанд хамтдаа сууж тоглодог болох юм бол хүүхэд чинь нэг юмыг удаан хугацаагаар нухан тогтон суух чадвартай болох болно. 
Эвлүүлдэг тоглоом - Анхаарал төвлөрөлт, бүтээлч сэтгэхүй
Эцэст нь хүүхдээ гадаа тоглохыг нь, гүйж харайхыг нь битгий хорь. Бид өөрсдөө хөдөлгөөний дутагдалтай болоод байна гэж ярьдаг хэрнээ хүүхдийнхээ хөдөлгөөнийг хоривол утгагүй хэрэг болох бус уу? Дээр дурдсанчлан дээс, резин ч бас хүүхдийн чинь эрүүл мэндэд сайн. 
Яг одоо хүүхэд чинь юугаар тоголж байна?
 
Эх сурвалж: www.Goolingoo.mn