УИХ-ын гишүүдийн  дунд Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нар шиг хууль батлах их ажлынхаа завсар чөлөөгөөр хөөрөг гарган тамхилж, ханхайж суудаг монгол эрчүүд  олон бий.

Утаат тамхины эсрэг ангийнх нь хүүхнүүд хууль батлан тэмцэж байгаа одоо үед  хамрын тамхи гээч хал балгүйхэн, халхын бас л нэгэн нүнжиг буяныг харуулах хэрэглээтэй  хорин жил “ноцолдож” яваа  Д.Лүндээ гишүүнтэй  хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өмнөхөн хөөрөг зөрүүлэн ярилцлаа.


-Монгол түмэн гурав хоногийн дараа “Тийн ял­гуу­сан” хэмээгч усан Мо­гой жилтэйгээ золгоно. Та хаврын тэргүүн сарын ши­­нийн 1-ний билэгт сайн өдрийн өмнө өнгөрсөн жи­лийнхээ ажил, байдлыг хэр­хэн  дүгнэн цэгнэж байна вэ?

-Улиран одож байгаа усан Луу жил улстөрийн амьд­ралын хувьд ихээхэн донсолгоотой он болоод өн­гөрч байна. МАН-ын хувьд их том сургамжийн жил боллоо. Монголын ард түмэн ч бас сургамж авсан гэж бо­дож байна. Аль, аль нь сур­гамж авсны үр дүнд ирж байгаа усан Могой жил их ухаарлын жил болох байх гэж бодож сууна. Миний хувьд Монголын парламентад тасралтгүй суусан 23 дахь жил байдаг л нэг хэрүүл тэмцэл, ажил явдал ундарсан он байлаа.

 

Нүгэл хилэнцтэй энэ хорвоод ямар ч хүн алхайж суугаад, жаргаж амьдарсаар хорвоог орхидоггүй. Түмэн жаргалан, буман зовлонгийн дунд оршдог хорвоо шүү дээ. Тийм болохоор л хэн хүнгүй Монгол оронд минь жаахан ч гэсэн эерэг өөрчлөлт, сайн сайхан хөгжил дэвшил гарсан он байгаасай гэж хүсч залбирдгийн адил би ч гэсэн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өмнө тийм л ерөөл талбиж сууна даа.



-Урин хавар айлчлан ирж байгаа энэ сайхан мөчид хоёулаа улстөр ярьж бухимдаад яах вэ. Монгол эрчүүдийн салшгүй хэрэглээ болсон хөөрөг, даалингийн талаар ярилцах уу. Яг одоо таны барьж суугаа  хөөрөг хэдий үед хамаарах вэ?

-Надад  хэн нэгэн түүхэн хүний эдэлж, хэрэглэж яв­сан үнэтэй, цайтай  хөөрөг байхгүй. Миний өөрийн со­нир­хол гэвэл орчин цагийн хөөрөг барьж, эдэлж яваад үр хүүх­дэдээ үлдээх л  юм даа. Миний энэ барьж суугаа хөөрөг бол 1998 оны үеийн эд байгаа юм. Сайхан цагаан хаш чулуун хөөрөг л дөө. Алтан нуухтай, шүрэн толгойтой ийм л хөөрөг байгаа юм.



-Ер нь, танд хэн нэгнээс өвлөж авсан ч юм уу, үнэтэй хөөрөг худалдан авч байсан тохиолдол байхгүй гэж үү?

-Өвөөгөөс өвлөгдсөн сайхан хөөрөг байсан л даа. Түүнийгээ алдчихсан. Бас нэг  хуучны, үнэтэй сайхан хөөргөө хаячихсан. Хаана гээснээ бодоод бодоод олдоггүй юм. Би ер нь жаахан мартамхай, саландуу хүн. Хоёр сайхан хөөргөө алдсан, хаясан ийм л юм. Түүнээс хойш хуучны үнэтэй хөөргөнд сүжиг муутай болчихсон хүн. Хуучны үнэтэй хөөрөг тогтдог хүн, тогтдоггүй хүн гэж бас байх шиг байгаа юм.



-Түүхэн хүний эдэлж хэрэглэж явсан хөөрөг  жил өнгөрөх тусам үнэ, ханш нь улам л нэмэгдээд байх шиг  санагддаг юм. Тухайн хүний буян хишиг, сүлд хийморь нь шингэдэг юм болов уу. Ер нь, хөөрөгний чулуу амьтай гэж танд санагддаг уу?

-Хөөрөгний үнэ нь хийсэн цаг үедээ байдаг гэж яригддаг л юм. Гэхдээ хүн хүний онц­лог өөр л дөө. Хуучны түү­хэн хүмүүсийн хөөргөнд үнэн­хүү дурлаж, үнэ цохиж авдаг хүмүүс байна. Би бол “Лүндээжанцангийн хөөрөг” гэж хэлэгдэх  хэмжээний өөрийн брэндийг л барьж явдаг. Хаш чулуун хөөрөг барьсан хүний яс хугарч, бэртдэггүй гэж ярьдаг л юм.

 

Мөн өөрийн­хөө өнгө шигээ гэгээлэг бүхнийг эзнийхээ амьдралд дагуулж ирдэг гэдэг утгаар нь барьж суухад эерэг мэдрэмж төрөөд байдаг л даа. Хөөрөгний чулууны тухайд Чүнчигноров хөөрөг барьсан хүн яр шархаар өвчилдөггүй бол сүүжин хөөрөг нүдний хараанд онцгой сайн, гартаам хөөрөгтэй хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Тэгэхээр эдийн дээд хөөрөгнүүд амьтай л болж таараад байгаа юм.



-Боломжтой бол таны мэдэх хамгийн үнэтэй хөөргийг ямар хүмүүс эдэлж хэрэглэж явааг хэлж болох уу?

-За даа, наадах тань ха­маа­гүй ярьж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Миний мэдэхээр Богд хааны хэрэглэж явсан шүрэн хөөрөг манай Ц.Цэнгэлд байдаг байх. Манай Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ гишүүн, Д.Дагвадорж аварга гээд үнэтэй сайхан хөөргөөр тамхилдаг хүмүүс байгаа даа.



-Та ер нь, хэдэн оноос хөө­рөг, даалин өвөртөлж явна?

-За даа, би ч нэлээд эртнээс энэ талын хэрэглээтэй хүн шүү. 1990-ээд онд уламжлал сэргэж эхлэхээс өмнө л ажил дээрээ хөөрөг бариад сууж байсан хүн дээ, би. Залуу байхад ч яах вэ, шоолуулаад л явдаг байлаа. Ардчилал гараагүй  байхад хөөрөг, даалин бас нэг жаахан хориотой маягийн, хэн хүн хэрэглээд байдаггүй байж л дээ.



-Хөөрөг, даалинтай холбоотой хэл аманд орж, шүүмжлүүлж байв уу, та?

-Гайгүй шүү. Харин нэг сонин юм тохиолдож байсан юм байна. 1992 оны өвөл АНУ-д айлчлахдаа  парламентын ордон дотор нь хөөргөө гаргаад тамхилсан чинь бидэнд үйлчилж байсан хүн гүйгээд явчихдаг юм байна. Тэгтэл АНУ-ын Ерөнхийлөгчийн үг хэлдэг гол танхимын хаалганы хажууд нэг гоёмсог босоо тавиур байсан юм.

 

Тэр дотор  1901 онд Манж Чин улсын төлөөлөгчид  айлчлахдаа бэлэглэсэн хамрын тамхийг хадгалж байдаг юм байна. Тэр нь ямар учиртай гэвэл олон цагаар хуралддаг парламентын гишүүдийг нойроо сэргээж хааяа татаж бай гэж бэлэглэсэн хятад бор тамхи байж л дээ. Тэрнээс надад хийгээд өгч байсан. Гэхдээ надад хятад тамхи  таардаггүй болохоор татаагүй л дээ.



-Улсын Бага Хурлаас эхлээд л Монголын үе үеийн парламентад хамрын тамхи хэрэглэгчид нэлээд байгаа. Хамар луугаа тамхи чихчихвэл жаахан ч гэсэн сэргээд ирдэг үү?

-УБХ-ын үед Д.Чойжамц хамба, Г.Очирбат гуай, та­лийгаач О.Дашбалбар, Д.Сод­ном гуай бид хэд татдаг байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл татсаар л явна. Одоогоор хуу­лиар хориглоогүй ч хүн болгон хэрэглээд байх нь тийм ч тааламжтай зүйл биш л дээ.



-УИХ-ын эмэгтэй гишүүд утаат тамхины эсрэг хууль бо­ловсруулан баталсан. Удах­гүй хэрэгжиж эхэлнэ. Та утаат тамхи хэрэглэдэггүй байх аа?

-Түүнийг чинь л харин на­саараа хэрэглээгүй. Залуудаа са­ваагүйтэж, ганц хоёр удаа сорсон тохиолдол бий.



-Таны ярианд дурдагд­санаар хамрын тамхинд жаа­хан ч гэсэн сэргээх талын юм байдаг уу?

-Допингийн талын юм өчүү­хэн ч байхгүй. Хэрвээ сэр­гээшийн журмаар хэрэглэх юм бол гарцаагүй хориотой зүйл болж таарна л даа. Монгол­чуу­дын хэдэн үеэрээ хонины бэл­чээр дээр хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн энэ уламжлал бол сэргээшийн төрлийн хэ­рэглээ биш л дээ.



-Та одоо хаанахын, ямар төрлийн хамрын тамхи  татаж байна?

-Би ч хэзээнээсээ Энэт­хэгийн 41 номерын тамхи л татсаар ирсэн. Өөр тамхи та­тахаар ханиалгаж,  харшаад ерөө­сөө зохидоггүй юм.



-Р.Гончигдорж гишүүн ши­рээн дээрээ багавтар хөөргөө гаргаж тавьчихаад  хүн бүр­тэй тамхилж  харагддаг. Таны  одоо барьж байгаа хөөрөг ним­­гэвтэр хэрнээ том хөөрөг байна шүү?

-Арав гаруй жил барьж яваа болохоор энэ хөөрөг маань бүр нэг гарт эвтэйхэн болчихож дээ. Хэтэрхий том, зузаан хөө­рөг ч над шиг өдөр тутмын хэ­рэглээтэй хүнд явдалтай л даа. Р.Гончигдорж гишүүний хувьд бас л номонд мөнхөрч, эдийн сайнаар нэрлэгдсэн халхад цөөн хөөргийн нэгийг эдэлж хэрэглэж яваа хүн байгаа юм. Мөн Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан  маань “Мон­голын шилдэг хөөрөг” гээд маш сайхан зураг хөрөгтэй, түү­хийн чухал баримт мате­риал хавсаргасан  үнэхээр сай­хан ном гаргасан байна лээ.

 

Хөөрөг сонирхдог, цуглуулдаг хүмүүс тэр номыг олж үзвэл ёстой л нэг загатнасан газар нь маажсан хэрэг болно доо. Тэр номонд Монголын гай­­гүй сайхан хөөрөгнүүд ба­раг бүгд байна лээ дээ. Ер нь, үнэ­тэй, сайн хөөрөгнүүд гэдэг чинь бүгдээрээ маш их түүх­тэй, мэддэг хүн бол хараад л таньдаг болчихсон байдаг юм шүү дээ.



-Таны эдэлж хэрэглэж явсан, одоо барьж яваа хөөрөг­нүүдээс тэр номонд орсон уу?

-Иш, манийх яаж багтах вэ дээ. Тэнд  ёстой л халхын буянууд нэртэй устай, түүх судар­тайгаа байгаа. Мань мэ­тийнх бол байхгүй шүү.



-Та ирж байгаа усан Могой жилийн  хаврын тэргүүн са­рын шинийн 1-нд тарган тав­тай, сайхан шинэлээрэй?

-Их баярлалаа.  “Өглөөний сонин”-ы уншигчид, Монголын нийт ард түмэндээ хаврын тэргүүн сарын шинийн 1-ний халуун мэнд дэвшүүлж, ирж байгаа онд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөө­лийг өргөн барья. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.