Шийдлийн засгийн газрын зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргах ажлыг эхлүүлнэ гэх сүржин мэдэгдлийг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн.

Орон сууцны  8 хувийн хүүтэй ипотекийн зээл  2013 оны  долдугаар сараас хойш хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаар иргэд урьдчилгаа төлбөр буурах мэдээг алга ташин хүлээж авсан нь үнэн. Ерөнхийдөө орон сууц худалдан авах сонирхолтой иргэдийн 30 хувиа төлөөд зээлэнд хамрагдах чадамжтай хэсгүүд байрандаа орчихсон гэх тооцооллыг эдийн засагчид хийж байгаа.

Энэ утгаар урьдчилгаа 30 хувийн хуримтлал дээрээ гацчихаад байсан иргэд хагас жил энэ шийдвэр эцсийн байдлаар батлагдахыг хүлээж буй. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш иргэд “ирэх сард” гэсэн өртөөллөөр хүлээсээр өнөөдөртэй золгож байна. Тэр нь ч аргагүй. Сар бүр л удахгүй гарна, өнөө мөдгүй олгож эхэлнэ, энэ сарын сүүлээр эхлүүлнэ гэх утгатай мэдээллийг албаныхан хэвлэлийн хурал зарлаж байгаад л хийдэг  уламжлал тогтсоор удлаа.

Гэвч байдал тэс өөрөөр эргэж, зөвхөн “боломжит гарцыг  эрж байгаа” гэх тайлбарыг салбарын  шинэхэн сайд нь саяхан тодотгов. Энэ зуур хэвлэлүүд 10 хувийн урьдчилгаа төлбөрт зээлийн журмыг танилцуулж, уг зээлэнд хамрагдах боломжтой 7-15 бүлгийн амжиргааны түвшинд багтсан эсэхээ хэрхэн шалгах талаар хүртэл мэдээлэл өгсөөөр байна. Хөгжлийн банкнаас өчигдөрхөн зээлийн журам эцэслэн батлагдаагүй болохыг мэдээлэв. 

З.Баянсэлэнгэ сайд “Би энэ зээлийн хэлбэрийг дэмжиж байгаа. Манай яаман дээр ирж байгаа санал гомдлуудын дийлэнх хувь нь энэ төрлийн асуулга байна лээ. Д.Цогтбаатар сайд энэ ажлыг эхлүүлсэн. Би буруутгаж байгаа юм биш. Гэхдээ хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж, тооцоо судалгаа муутай байдлаар ажлаа эхлүүлсэн” гэх тайлбарыг өгөөд буй.

Чухам тиймээс л шинэ салбарын сайд нь  ийм төрлийн зээл олгож болох эсэх боломжийг олон өнцөгөөс судалж байгаа юм байх. МАН-ын зургаан сайдыг засгаас гарахын өмнөх долоо хоногт Д.Цогтбаатар сэтгүүлч нарт  “Таван талт хэлэлцээр байгуулахаар бэлтгэгдэж байгаа. Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол банк, Хөгжлийн банк  хоорондын гэрээ байгуулагдах эрх үүснэ. Дараа нь Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийснээр иргэдэд зээл хүрч эхэлнэ” гэх тодруулгыг өгч байв.

Гэрээний явц өнөөдрийн байдлаар яг тэр түвшинд нам зогссон буюу таван талт гэрээ нь хийгдээгүй байгаа аж. Шинэ сайдын ярианаас харахад эхний боловсруулагдсан байдлаар шууд үргэлжлүүлээд гэрээ үзэглээд явчихгүй бололтой. Холбогдох газруудаас санал авна, тэгээд боловсруулна гэх бөөрөнхий зүйл ярьж байгаа.

Гэхдээ “Үүнийг яаж ийгээд ажил хэрэг болгохгүй бол нөгөө З.Баянсэлэнгэ муудаа ажил зогсоосон ” гэх нэр дуулна гэдгээ салбарын сайд нь хэлээд амжив. Тэгэхээр ямар ч байсан шуудхан зогсоочихолгүй, тодорхой судалгаа, санал авах нэрийдлээр цаг авах нь уу гэсэн дүр  зураг харагдаж байна.

“Сайд байх хугацаандаа  ямар ч байсан энэ асуудлыг урагшлуулна” гэж З.Баянсэлэнгэ ам алдсанаас харахад энэ шийдвэр тийм ч амархан гарчихгүй нь бололтой. Одоо тэгэхлээр Д.Цогтбаатар нийгмийн сэтгэхүүйгээр баахан тоглосон хэрэгт унаж таарав.

Ингэж 10 хувийн асуудал чухам хаанааа гацаад байгаа нь мэдэгдэхгүй хагас жил дуншиж байна. Сүүлийн үед ипотекийн зээлийн төвлөрсөн төлөлтийг шууд зах зээлд гаргах нь эрсдэлтэй талаар эдийн засагчид дуугарч эхэлсэн. Цаашлаад оноос өмнө батлагдлаа гэхэд эхний ээлжинд баталгаа гаргах 200 тэрбумаар 10 мянга гаруй айл зээлэнд хамрагдах боломжтой. Барилгын салбарынхан энэ мөнгийг 10 хувиа бэлэн бариад арилжааны банкинд очсон иргэдэд долоо хоног зээл олгоод л дуусна гэж тодотгож байгаа.

Тиймээс ч ирэх жил өрийн таазаас хамааруулан, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бий эсэхийг Сангийн яамыг судлах чиглэл засгийн газраас өгсөн. Бондын төлөлт  ирэх жил залгаж, төсөв энэ онд хоёр удаагийн тодотголд орох нь тодорхой болоод байгаа эдийн засгийн бараан таамаглал дунд үнэндээ амлахад бэрх даалгавар гэвэл энэ асуудал хамгийн эхэнд нэрлэгдэнэ.

Ер нь шулуухнаар хэлэхэд, 10 хувийн асуудал эцэслэн батлагдана гэдэг өөрөө эргэлзээ төрүүлж эхлэж буй нь жишээ энэ. Анхнаасаа эцэслэн батлагдаагүй, цаасан дээр буугаа ч үгүй байсан шийдвэрийг зарлаж, энэ үйлдлээ удаа дараа давтаж буй нь засгийн газрын буруу. Эцсийн байдлаар батлаад, ядаж шат шатны гэрээгээ боловсруулчихаад зарласан бол ийм үр дагавар авчрахгүй байв.

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn