“Буянт-Ухаа-1”-т үүссэн асуудлын бүх хариуцлагыг гүйцэтгэгч компани хүлээнэ
2015/11/29
Бид өмнөх дугаартаа “Буянт-Ухаа-1” -т амьдрах нөхцөлгүй болжээ” гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус хорооллыг захиалан бариулсан ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас дараах зүйлийг тодрууллаа.
-Бид төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллын зарим иргэнтэй уулзсан. Тэд тус хорооллын байруудын цонх болон агааржуулалт маш муу гэдгийг хэлж байсан. Ингэхэд Буянт-Ухаа-1” хорооллын том бүтээн байгуулалт явагдаж байх хугацаанд төрийн зүгээс гүйцэтгэгч компаниудад яг ямар хяналт тавьж ажилласан юм бэ. Өнөөдөр яагаад тус хорооллын зарим оршин суугч худалдаж аваад жил ч болоогүй байгаа шинэхэн орон сууцандаа амьдрах аргагүй нөхцөлд хүрчихэв ээ?
-Ямарваа нэг барилга, орон сууцыг барихад хяналт, шалгалтыг ном журмынх нь дагуу хийдэг. “Буянт-Ухаа-1” хороололд ч мөн адил хяналт, шалгалтыг зохих журмынх нь дагуу явуулсан. Өөрөөр хэлбэл, ТОСК буюу захиалагчийн зүгээс үе шаттайгаар хяналт тавьж байсан. Энэ ч утгаараа тус хорооллыг ямар нэгэн хяналтгүй барьсан зүйл байхгүй.
-Иргэд та бүхэнд гомдол хэчнээн гаргасан ч хүлээж авахгүй, авч хэлэлцэхгүй байна гэх зүйлийг ярьж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Бид зарим өрхийн цонх цантаж, мөстөж байгаа асуудлыг мэдээллийн дагуу хүлээж авсан. Холбогдох инженер зэргийг явуулж, шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаас сүүлийн хэд хоног огцом хүйтэрлээ.
Үүнээс болж ганц манай “Буянт-Ухаа-1” хороолол гэлтгүй орон сууцны байрууд дулаан алдсан асуудал үүссэн. Гэхдээ бид шууд утгаараа өөрсдийгөө зөвтгөх гээгүй шүү. Үнэхээр зарим айлын цонх цантаж, мөстсөн асуудлыг үзэж, засч байна. Хорооллын бүх айл ийм нөхцөл байдалтай биш шүү дээ.
-Уучлаарай, гэхдээ 10 айлын тав, зургаа нь дээрх бэрхшээлтэй тулгарч, улмаар яахаа мэдэхгүй байна шүү дээ?
-Дээр нь агааржуулалтын асуудлыг ярьж байна. Агааржуулалт бол тухайн барилгынхаа зураг төслийн дагуу л хийгддэг зүйл. Агааржуулалтыг угаалгын болон гал тогооны өрөөнд л тавьдаг.
Тиймээс нэг талаараа оршин суугчид маань өрөөндөө тодорхой хэмжээний агаарын сэлгэлтийг хийж байх хэрэгтэй. Нөгөө талаараа цонхныхоо дулаалгыг хийх шаардлагатай. Үнэндээ ямар ч айл цонхоо дулаалдаг биз дээ. Гэхдээ тэр гомдол гаргаад байгаа айлуудын цонхыг хийхдээ стандартын журмыг нь тодорхой хэмжээнд зөрчсөн учраас л цонхны завсраар салхи орж байгаа байх. Үүнийг бол үгүйсгэхгүй.
-Цонх болон агааржуулалт нь муу болохоор халуун, хүйтэн харшиж улмаар хана нь мөөгөнцөртөх, гал тогооных нь пилта унах зэрэг асуудал үүсчээ. Үүнийг хэн хариуцах вэ, хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ?
-Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхийг хүсч байна. Юу гэхээр аливаа барилгын чанарыг тухайн гүйцэтгэсэн компани хариуцдаг.
-Гүйцэтгэсэн компани гэхээр Үндэсний бүтээн байгуулалтын корпароци бүрэн хариуцна гэсэн үг үү?
-Тийм ээ, гурван жилийн хугацаанд үүссэн асуудал, нөхцөл байдлыг хариуцаж хохирлыг барагдуулна. Энэ ч утгаараа бид гүйцэтгэгч компанид хандсан гомдлыг тухай бүрт нь мэдээлж, асуудлыг шийдүүлэх арга хэмжээ авахуулж байгаа.
Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээх эзэн нь маш тодорхой. Манай гүйцэтгэгч компани бол Үндэсний бүтээн байгуулалтын корпароци. Монголын барилгын салбарт олон жил ажилласан, томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан таван том компаниас бүрдсэн корпароци шүү дээ. Тэд үүнийхээ хариуцлагыг 100 хувь хүлээнэ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-1” хороололд үүсээд байгаа асуудлын бүх хариуцлагыг тэд хүлээнэ. Үнэхээр ч хариуцлагаа хүлээж байгаа.
-ТОСК буюу захиалагчийн зүгээс иргэдээс ирсэн тухайн гомдлыг барагдуулж байгаа эсэх дээр нь гүйцэтгэгч компанид хяналт тавьж байна уу. Хэрэв тийм бол яг ямар хяналт тавьж байна вэ?
-Тухайн гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд гарсан гэмтлийг засахад зориулж үндсэн төсөвт өртгийнхөө таван хувийг барьцаа болгож суутгуулан, хадгалуулсан байдаг. Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу тухайн асуудлыг яаралтай шийдэж, засахыг сануулдаг. Хэрэв засвар хийгээгүй тохиолдолд тэрхүү хадгалуулсан мөнгөнөөс нь авч засах албан тоотыг явуулдаг. Саяхан бид гүйцэтгэгч компанидаа албан тоот явуулсан. Үүний дагуу манай гүйцэтгэгч компани засвар, үйлчилгээг тухай бүрт нь хийгээд л явж байгаа.
-Нэг үгээр хэлбэл, захиалагчийн зүгээс хийх ёстой зүйлээ ном, журмынх нь дагуу хийгээд л явж байгаа гэж үү?
-Тийм.
-Иргэд үүсээд байгаа асуудал, бэрхшээлээ гүйцэтгэгч компанидаа хэлж, хохирлоо барагдуулах ёстой гэж ойлголоо, зөв үү?
-Тэгж ойлгож болно. Гүйцэтгэгч компаниуд маань иргэдээс ирсэн гомдлыг тухай бүрт нь засч, арилгаж байгаа гэдгийг дахин хэлэх байна.
Эх сурвалж:”Өглөөний сонин”
Zochin · 2015/11/30
Baidal tiim muuhai ,mash hund baihad ene hunii hariulj bgaa ni mun taarav aa!! Bolj ugvul saihan baigaa gej heleh geed baina shu de.Tsonhoo dulaalahgui ail gej neg ch baihgui .dulaan bhiin tuld buhniig hiij baina.Tegeed baij baigaag ni harsan shu dee.Arai ch dee.Ter hariutsah companid ni humuus mash ih shurguu handah heregtei .DENDUU BAINAA.
Зочин · 2015/11/29
Нээх унэтэй чанаргуй барилга барих юм тэгээд тэрийг ул ходлох гээд бга юм уу цаана чинь хуний очноон монго зээл явж бна улс монго угаахаа болимоор манайхан тэр хогыг авахаа одоо бол
Зочин · 2015/11/29
BU-1 iig asuudalgui bolgochixood BU-2 l uugaad ormoor yum
davaa · 2015/11/29
Tosk gegchiig tatan buulgah heregtei huviin hevshil tur ard tumnii hoorond chenj hiigeed baina shuu dee
Mongol irgen · 2015/11/29
TOSK, Ulsiin komiss hoyor yamar uureg hariutslagatai baidag ve? Herev yamar uureg, hariutslaggui um bol tatan buulgaval taarna