Сүүлийн үед барилгын ослоор амь насаа алдах, бэртэж гэмтэх иргэдийн тоо огцом өссөн. Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсөөс тодрууллаа.

 

- Барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөж ажилладаг уу. Барилгын ослын шалтгаан нь юу байна вэ?

-Барилгын салбарт гарсан ослын улмаас хүний амь нас эрсэдсэн судалгааг жил бүр гаргадаг. Өнгөрсөн онд 21 хүн ослоор амь насаа алдаж байсан бол энэ онд 13 болж буурсан. Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах ёстой ч биелүүлдэггүйгээс эрдэнэт хүний амь нас хохирох, бэртэж, гэмтэх тохиолдол гарсаар байна. Захиалагч гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхгүй байна. Аюулгүй ажиллагааны хамтарсан төлөвлөгөө гаргадаггүй, ажил олгогч, инженер, техникийн ажилтан хууль эрх зүйн мэдлэг муутай байна. Мөн ажилтанд аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заавар, зааварчилгаа өгдөггүйгээс осол их гардаг.

-Цахилгаан гүйдэлд цохиулж гэмтэх мөн барилга дээрээс унах осол зонхилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Аюулгүй ажиллагааны арга барилд суралцаагүй хүмүүс барилгад ажиллаж байна. Ер нь барилгын ажлыг мэргэжлийн хүн л хийх хэрэгтэй. Ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласнаас цахилгаан гүйдэлд цохиулдаг. Мөн барилгаас унаж амь насаа алдаж, бэртэж гэмтээд байгаа юм.

-Танай хэлтэст он гарсаар хэчнээн дуудлага ирсэн бэ?

-НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар осол гарсан дуудлага 56 удаа ирсэн. Осол гарсан үед нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажилласан. Дээрх ослын 22 нь барилгын салбарт гарлаа. Осолтой холбоотойгоор 20 аж ахуйн нэгж байгууллагын барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон. Харин үлдсэн хоёр компанийн зөрчлийг арилгууллаа. Ослын улмаас 13 хүн амь насаараа хохирч, үлдсэн хүмүүс нь хүнд, хөнгөн гэмтсэн.

-Сүүлийн үед “Хурд” группийн захиалгаар барьж байгаа барилгад осол гардаг боллоо. Тухайн группт ямар хариуцлага тооцдог вэ?

-“Хурд” группийн захиалгаар барьж байсан барилгад дөрвөн осол гарч, гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хүний амь нас эрсэдсэн компанийн барилгын ажилд улсын байцаагч акт тогтоож, хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

 

С.Хорлоо