Монголчуудын түүхийн нэн эртнээс арван гуравдугаар зууны үед хамаарагдах 100 гаруй бичиг шашдирын зүйлд дурьдан буй үеийн монголчуудын гүн ухааны болон нийгэм, улс төрийн үзэл, бодрол, бясалгалын хэв маягийг тогтоох гол сурвалж болдог. Хүн төрөлхтний түүхийн эхэн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэхүйд домгийн сэтгэлгээний арга барил зонхилж байдаг. Монголчуудын гүн ухааны, сэтгээлгээний онцлогийг судалж байсан Монголын нэрт философич Ч.Жүгдэр гуай эдгээр онцлогийг дараах байдлаар тодорхойлсон билээ.


• Эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэлд шашны сэтгэлгээ дангаар үүсэж гараагүй, түүний агуулгад домгийн сэтгэлгээ тодорхой үүрэг, нөлөөтэй ажээ. Монголчуудын домгийн сэтгэлгээний эхэн үед “тэнгэр”, “газар”-ийг эр эм үүтгэл болгон ертөнцийн үүсэл гарвалыг төсөөлж байсан зарчим хожим нь ‘’арга билиг’’ хэмээн нэрийдэх болсон монголчуудын гүн ухааны сэтгэлгээний тулгуур зарчмын үндэс агуулагдаж байсан бололтой. Бодит байдлын юмс үзэгдлийг эсрэгцүүлэн шүтэлцүүлж, эерэг сөрөг үнэлэмжийн хувиар сэтгэх тийм ёс эртний домгийн сэтгэлгээнээс улбаатай ажээ. Тэр үеийн нийгмийн хөгжил, мэдлэг ухааны төвшин дорой байсны эрхээр үнэн мөн чанар нь ойлгогдохгүй байгаа байгаль, нийгмийн юм, үзэгдлийг тайлбарлах гэсэн хүмүүсийн эрмэлзлэл нь чухамдаа сүсэг бишрэл үүсэн буй болох үндэс болсон байна.


• Эртний монголчуудын шашны үзэл нь байгалийн энгийн тодорхой юмс үзэгдлийг шүтдэг байснаасаа цааш гарч, хийсвэрлэн улмаар тэнгэр хэмээх хийсвэр ойлголт буй болгон шүтэх болжээ. Тэнгэр хэмээх ойлголтонд байгалийн харагдах хийгээд үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд тэнгэрийг газар усны нэгэн адил тодорхой үзэгдлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүрсэн байна. Яваандаа тэдний үзэл бодолд өөрсдийнх нь аж төрж явсан орчин тойрон болох газар ус, ургамал амьтан, тэнгэрийн эрхэс, байгалийн элдэв үзэгдэл, гол амь зуулт- мал аж ахуй, ан гөрөө, газар тариалан хийгээд отог, овгийн өвгөд дээдэс зэрэг хамаг юм үзэгдэл бүхний цаана тэд бүхнийг тус тус харсан тухай эзэн тэнгэр нуугдаж байдаг гэсэн ойлгоц буй болжээ.


• Эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэлд хэдийгээр шашны үзэл голлож байсан боловч материаллаг амьдралын эрхээр байгаль орчинтойгоо болон өөр хоорондоо харилцах харилцааны явцад зан суртахууны зохих тодорхой үзлийг боловсруулан бүтээж амьдрал ахуйдаа баримтлан хэрэгжүүлсээр иржээ.
Эртний сүсэг бишрэлтэй холбогдсон өөр нэг асуудал бол хойд нас, нөгөө ертөнц байдаг хэмээхэд итгэн бишрэх болсон явдал мөн. Эцэг өвгөдөө хүндэтгэн шүтдэг заншил эртний монгол аймаг бүгдэд байсан нь аажмаар хойт төрөл байдаг гэдэг итгэлийг буй болгон бэхжүүлж өгчээ. Ч.Жүгдэр гуай “Монголын нийгэм улс төр, философийн сэтгэлгээний хөгжил” номондоо “Хүмүүс өөрийн биеийг байгуулалтыг огт үл ойлгон, зүүдийг тайлбарлаж огт чадаагүй байсан бүр тэр дээр үеэс эхлэн, өөрсдийн сэтгэхүй, сэтгэхүйг өөрсдийн биеийн ажиллагаа биш, харин энэ биед байдаг ба үхэхэд зайлдаг ямар нэг тусгай зүйл сүнс гэж төсөөлж байсан бүр тэр үеэс эхлэн тэд энэ сүнс гадаад ертөнцтэй яаж харилцдагийг эргэцүүлэн бодох ёстой болжээ” хэмээн тэмдэглэжээ. Эртний монголчуудын нас барагсдаа оршуулсан булш бунханд сийлсэн сүг зургаас үзэхэд феодалын түрүү үеийн шүтлэгийн хэлбэртэй байна. Бас нийлээд хөгжсөн дуализмын гол шинж харагдах хийгээд энэ нь хүн оршуулахдаа түүний өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээт зүйлсийг дагалдуулан тавьсан байдагт оршино. Булшинд хүний хэрэгцээний зэр зэвсэг, шавар ваар сав, унаа, хоол хүнс мөнх байна гэсэн санаа болно. Энд тэмдэглэхэд бүр дөрвөлжин булшны хэрэглэгдэхүүнүүд хойд насны тухай ойлголт байсныг гэрчлэх бөгөөд үхэгсдээ дагалдуулсан зүйлс нь энэ бие хэдий үхсэн боловч түүний хойд насанд идэж уух юм, хувцас хунар, зэр зэвсэг, орон гэр, гал голомт нь хамт байх ёстой гэсэн санааг агуулж байгаа нь тодорхой байгаа билээ. Эд нь эзнээ дагаг хэмээх энэхүү ёсонд ба нилээд сонирхолтой санааг агуулж байгаа юм. Тухайлбал, эд нь бүтэн бол “сүнс” нь гарахгүй, эзнийхээ сүнсийг дагахгүй зовооно гэж үзэж, жишээ нь нас нөгцсөн хүүхдийн тоглоомыг хэмхлэхгүй бүтэн байлгавал тоглоомын сүнс хүүхдийн сүнсэнд үйлчлэхгүй байхаас гадна хүүхдийн сүнс тоглоомонд хоргодоод явж өгөхгүй зовоох ажээ. Иймийн тул үхсэн буюу үхэж байгаа хүний эдэлж явсан эд юм, багаж зэвсэг юмаар цохих буюу хутгаар шарх оруулаж “үхүүлэн” сүнсийг нь эзнийхээ сүнсийг даган үйлчлэхэд бэлэн болгож “эд нь эзнээ дагаж, элэгдэлгүй мөнх, ханзрахгүй бөх, хагаралгүй бат, үүрд эдлүүлж, хэзээд хэрэглүүл” хэмээн ерөөдөг бөлгөө. Эртний булш авсанд нар сар, ан гөрөөсний дүрс бүхий элдэв хүрэл болон алтан чимэглэл хадсан байдаг, бас хувцас эд бүс, сав суулга, гоёл чимэглэл, зэр зэвсэг, дэвсгэр, эмээл хазаар гэх мэт олон зүйл хийсэн байдаг нь тэр үеийн сүсэг бишрэлийн дагуу нас барсан хүний сүнсэнд зориулсан зүйл бөгөөд энэ үеийн хүмүүсийн бодлоор сүнс эргэж төрж болох ба үгүй бол амьд үлдсэн ураг садан, удам угсаандаа сайн муу талаар нөлөөлнө гэж үздэг байсантай холбоотой байжээ.


Ийнхүү монголчууд бурхан, сүнс, далдын хийсвэр зүйлд итгэдэг байв. Шинжлэх ухааны хөгжил, ололт, сургууль, боловсрол, ертөнцийн тухай шинжлэх ухааны үзлийг танин мэдэх болсон дээр социализмын үеийн шашингүйн үзлийн давамгайлал монголчуудыг уламжлалт итгэл үнэмшлийг бүдгэрүүлсэн болой. 1970, 80-аад онуудад ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн хийсэн цуврал судалгаануудад оролцогчдын 80-85 орчим хувь нь өөрсдийгөө огт сүсэг бишрэлгүй бөгөөд шашин, сүм хийдтэй огт холбоогүй гэж үзэж байсан билээ.
Нийгмийн өөрчлөлтийн явцад нийтийн итгэл үнэмшилд мөн хөдөлгөөн орсон аж: Нийгмийн эрчимтэй өөрчлөлтийн ид үе буюу 1994 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав буюу 71.1 хувь нь өөрсдийгөө аль нэг шашинд хамааруулсан буюу ямар нэг хэмжээгээр “шүтлэг бишрэлтэй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн сонирхолтой өөрчлөлт ажиглагдсан юм. Харин 2003 оны “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд нийт судалгаанд оролцогчдын 74.89 хувь нь “шашин шүтэгчид” байсан бөгөөд есөн жилийн хугацаанд шашин шүтэгчдийн тоо 3.7 хувиар нэмэгдсэн байлаа.
Монголчууд 21 дугээр зуунд юунд итгэж байна вэ? гэдэг асуултыг 2012 онд Улаанбаатар Их сургуулийн багш, оюутнуудын санаачилгаар явуулсан 2012 онд “Улаанбаатарчуудын шашин шүтлэгийн байдал” сэдэвт социологийн судалгаанд оруулсан билээ. 18-аас дээш насны Улаанбаатар хотын 6 дүүргийн 1000 оршин суугчдаас олон шатлалтай квотын түүврийн аргаар авснаар судалгаанд оролцогсдын хариултыг сонирхоё.

image006

Судалгаанд оролцсон Улаанбаатарчуудын талаас илүү хувь бурхан, зөн билэг, онгод сахиус, лус савдаг, хараал жатга, хойд нас болох монголчуудын уламжлалт зүйлд итгэдэг байв. Харин био энерги, гэрлэн бүрхүүл хэмээх орчин үеийн гэж тодорхойлж болох үл харагдах зүйлд мөн нилээдгүй хүн итгэдэг болой. Сонирхолтой нь домгийн гэж яригддаг ид шид, алмас, хүн гөрөөс, харь гаригийхан мэт зүйлд баргалж 10 хүний нэг нь итгэдэг, 40 хувь орчим эдгээрийн байгаа эсэх талаар тээнэглэзсэн байр суурь эзэлсэн нь анхаарал татаж байгаа юм.

image002

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Цэцэнбилэг