Монгол Улс яагаад олигтой /үсрэнгүй/ хөгжихгүй байна вэ? Бодоход зах зээлийн тогтолцоог сонгож чөлөөт эдийн засгийг тунхагласнаас хойш 24 жил өнгөрчихөөд байхад өнөөх л ТҮЦ, ганзагын наймааны сэтгэлгээ нийт хүн амын тодорхой хэсгийн оюун тархинаас салалгүй гүн бат оршсоор байгаад л асуудлын гол учир байх шиг. Нэгнээсээ мөнгө зээлсэн, авчирсан зүйлээ хэд нугалж зарсан гээд олон жилийн өмнөх өнөөх л хэвшмэл дүр зураг, лангуу тойрсон өнгө өнгийн амьдрал үргэлжилсээр байна.

 

25 жилийн өмнө эхэндээ Эрээнээс бараа зөөж, дотоодын зах зээлээ "хангадаг" байсан бол хэдэн жилийн дараа арай цаашилж Бээжингээс гахай гахайгаар нь бөөнддөг болсон. Тэгвэл одоо Зүүн өмнөд Азиас Өмнөд Солонгос улс бизнесийн хамтрагч гол түншийн нэгээр нэмэгдэж, Оросын хил “нээгдсэн”-ийг эс тооцвол Эрээн, Бээжингийн бараанаас ашиг хардаг байдал яг хэвээрээ. Өнгөрсөн жилүүдэд гарсан өөрчлөлт гэвэл өнгө үзэмж муутай амбаар шиг төмөр ТҮЦ орчин үеийн "супер" ТҮЦ-д халаагаа өгч, Эрээний цамцыг бодвол Бээжингийнх илүү чанартай гэдэг итгэл үнэмшил ард хоцорч, Солонгос "брэнд" орон зайг нь эзэлж эхлэх шив дээ.

 

 

Гайгүйхэн өнгө зүстэй, хямдхан үнэтэй бараа авчраад хурдхан шиг зарж борлуулж л байвал болох нь тэр гэдэг "үе залгамжилсан" ганзагын сэтгэлгээ хэзээ арилж, дотооддоо үйлдвэр эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх сэтгэлгээ хэзээ бүрдэх юм бол? “Буян”-гийн Жаргалсайханы хэлснээр Монголчууд бид онгоц хийхээ байя. Оймс, дотоожоо өөрсдөө хийгээд байж чадахгүй гэж үү?

 

Ардчилсан хүчний ууган зүтгэлтний нэг, доктор П. Нэргүй "Бид инфляцийг импортлоод байна" гэж 18 жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан байх юм. Гаднаас оруулж ирсэн бараагаа тааллаараа нугалж зарах үзэгдэл зах зээлд давамгайлах нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах гол шалтгаан гэдэг санааг тэр анхааруулж хэлсэн хэрэг.

 

Тэгвэл өнөөдөр нүд хуурсан чанаргүй бараанд хөтлөгдсөн идэвхгүй лангууны сэтгэлгээг таягдан хаяж, баялаг бүтээх, улсаа хөгжүүлэх эх оронч дайчин ухамсрыг хүссэн ч хүсээгүй ч цаг үе шаардаж эхэллээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” хэмээн хоолойныхоо хэрээр хашгирч олон түмний саналыг авчихаад бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхлэхээрээ хөдөлж ядаад байдаг төр засгаас гадна хувь хүн бүрээс ч энэ өөрчлөлт шалтгаалах болоод байна.

 

 

Д. Лхагвадорж

http://www.sonin.mn