Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр “Шударга ёс” эвсэл 5 хоногийн завсарлага авсан.

Дараа нь Ардын намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр тус тус завсарлага аваад байна. Тэрбээр энэ өдөр хэлэлцэх бүх асуудлаар Ардын намын бүлэг завсарлага авах болно хэмээн мэдэгдсэн юм.

Энэ үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “МАН-ын бүлэг бүлгээрээ хуралдаж, албан ёсоор шийдвэрээ гаргаж байж завсарлага авах ёстой. Бүлгээр хэлэлцэж шийдвэр гаргаагүй байж, завсарлага авах нь хууль бус” гэдгийг сануулав.

Хоёр цаг хүлээлгэн байж эхэлсэн өнөөдрийн чуулганы ирцийг сонирхвол Ардчилсан намын 35 гишүүнээс 30, "Шударга ёс" эвслийн 10 гишүүнээс 5, Иргэний зориг намын хоёр гишүүн хоёулаа, гурван бие даагчаас хоёр нь ирсэн бол Ардын намын бүлгийн 26 гишүүнээс ердөө ганцхан гишүүн ирсэн байна. Ганцаарханаа ирсэн Н.Номтойбаяр гишүүн завсарлага авах л зорилготой чуулганы танхимд орж ирсэн бололтой. Ардчилсан намын бүлэг Хөдөлмөрийн хуулиар мөн завсарлага авлаа.