Орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж орон сууцны зээлийн бага хүүг зогсоосон гэж АН-ын гишүүд хэлж байгаа.

Энэ маргаантай асуудлыг өөрөөр шийдэж болох гарцыг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан 8 хувийн зээлийг хүүг бууруулж, далайцыг нэмэх талаар бичжээ. Түүний дурьдсанаар “Инфляци 14 хувь байхад эдийн засагт нийлүүлсэн 4 их наядын 3-ыг нь иргэддээ орон сууц авахад нь дэмжлэг болгож зээл хэлбэрээр гаргаж болсон юм чинь инфляци одоо 3 хувь байхад харин ч хүүг нь бууруулж далайцыг нь нэмэх хэрэгтэй. Эрэлт хот хөдөөд өндөр хэвээр байгаа” хэмээжээ.

Засгийн газар орон сууцны хүүг бууруулж, 8 хувийн зээлийг гаргасан. Энэ нь үр дүнгээ өгч өнгөрсөн гурван жилийн хугацаанд 72 мянган өрх шинээр орон сууцтай болсон юм. Ялангуяа шинээр орон сууц худалдаж авч чадахгүй залуу гэр бүлүүдэд ач холбогдолтой ажил болсон гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Харин үүнийг болиулж, арилжааны банкууд зээлээ зогсоосон нь зээл хөөцөлдөж буй, цаашид зээл авах бодолтой иргэдийг гацаанд оруулчихсан.

Гэсэн ч УИХ-ын дарга 8 хувийн зээлийн хүүг бууруулах сайхан санаачилга гаргалаа. Тэрбээр цагаан сараас өмнө ипотекийн зээлийн асуудлыг шийдэх болно хэмээн “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын нээлтэнд дээр дурдсан юм. Мөн АНУ-д л гэхэд ипотекийн зээлийг иргэний ажил, орлогоос хамаараад 30 гаруй хэлбэрээр олгодог. Тэгэхээр манайд дор хаяж 2 хувилбараар олгох боломж байгаа эсэхийг судалж байна. Урьдчилгаа 10 хувь боллоо ч сарын төлбөр төлөлт нь өндөр байвал иргэд хүнд байдалд орно. Тиймээс иргэний сарын орлоготой нь уялдуулах бодлогыг баримтлах ёстой гэж бодож байгаа. Ямар ч байсан инфляци 3 хувь болсон учраас 8 хувийг бууруулах боломжтой гэдэг нь тодорхой гэсэн хариултыг өгсөн юм.

Энэ санаачилгыг олон хүн дэмжиж буй биз ээ. Гагцхүү уг асуудлыг УИХ хэлэлцэж, зээлийн хэвийн олгохыг шийдвэрийг дэмжих учиртай юм.

Т.Буянаа