Гайхамшигт ертөнц (богино өгүүллэг)
2016/01/11
Халуун усан дотроос хүйтэн гаригт нүцгэн төрөх ч хүн хэмээх дулаан сэтгэлтний бүлээн гар дээр чи минь унана. Асар их өвдөлт, зовлон дундаас чи минь ээжийгээ хайж байгаа. Биеийг минь таллах мэт их шаналан, бүх яс салах мэт их өвдөлт миний хувьд одоо зовлон биш. Харин чамайгаа алдах гэж байгааг мэдрэх энэ аймшигт айдас л ээжийнх нь хувьд орчлон дээрх хамгийн том зовлон, үр минь. Бие дотор минь бүрэлдсэн гайхамшигтай ертөнцийн төлөө би бурхан, чөтгөрт нүглээ тоочиж өршөөл эрэе. Яг одоо би чамайг үхэлтэй булаалдаж байна үр минь….
Залуу халуун насандаа “Хүүхэд л төрүүлэхгүй” гэж өөртөө тангараг өгч амаараа нүгэл үйлдэж явсан тэнэг толгой би өнгөрсөн цаг хугацаанд чамайгаа гомдоохоор үг үйлдэл их хийж байж. Төрөхөөс чинь өмнө чөтгөрт хүртэл өгөөд явуулахаар тийм тэнэг байж. Бусдын бодол гэдэг хэнд ч хэрэггүй, хогоор дүүрсэн савнаас айдаг аймхай хулчгар! Үг төдийхөн хямд зүйлд үнэт эрдэнээ алдаад явуулахаар тэнэг байж ээж нь. Энэ бүхнээс өршөөл гуйж, өөрийнхөө амь амьдралаар би бурханд өргөл өргөж, чамайг л авч үлдэхийн төлөө амьсгалж байна. Миний биенд хэдэн сая хадаас зоогдож хэдэн мянган хутга дүрэгдсэн байлаа ч би бууж өгөлгүй чинийхээ өмнөөс хэдэн тэрбум удаа ч сийчүүлэхэд бэлэн тийм их эр зоригтой байна, яг одоо. Чамайг л алдаж болохгүй. Чамайгаа л өвтгөж болохгүй. Үр минь чи бурханаас хамгийн их гуйж байж авсан цор ганц үнэт эрдэнэ минь.
Өмнө нь би амьдралаас юуг ч ийм ихээр гуйж байсангүй.
Өмнө нь би амьдралтай юуг ч ингэтлээ их булаалдаж байсангүй.
Эмнэлэгийн цагаан халаад нүдний өмнө бурханы элч шиг харагдаж судсаар минь цус нулимстайгаа хамт урсаж байна. Эцсийн амьсгалаа шингээгээд ч болов үр минь чинийхээ дуу хоолойг сонсох л болно. Тэнгэр бурхан чамайг биш тэнэг ээжийг нь л шийтгэж, ухааруулж байгаа нь энэ. Тиймээс үр минь ээжээсээ зуураад үлд. Энгэрт минь байгаа амтат цагаан сүүгээ бодоод эрхлээд үлд. Ээжийнхээ шуналаас зуураад үлд. Хоёр амийг нэгтгэн холбох цусан халуун уурагнаасаа зуур. Ээж нь чамайгаа өвтгөхгүй. Ээж нь чамайгаа явуулахгүй.
Өдөр бүр сэтгэлийг минь цатгах сүү шиг сайхан үнэрийг чинь үнэрлэж хэвтэх шунал надад байна үр минь. Бүлтгэр алаг нүд нь тогтох гэж тэнүүчлэн, ээжийгээ хараад инээд алдан намайг л харуулдах чиний ертөнцөд би өдөр бүр амьдармаар байна үр минь. Шулганан үглэх болжмор шиг бяцхан хошууг нь өдөр бүр үнсэж, үнгэж, өвөрт минь тонгочиж наадахыг цаг хором бүрт хармаар байна. Хамгийн анх нүдээ нээх мөчийг чинь, хамгийн анх инээх инээдийг чинь, хамгийн анх уйлах тэр хүчтэй дуу хоолойг чинь бас хамгийн анх ээждээ хэлэх үгийг чинь, аавдаа хөтлүүлээд хөлд орохыг чинь би хармаар байна. Бурхан минь би өөрийнхөө нүдээр хармаар байна.
Эх хүний нугэлгүй шуналыг ойлгооч дээ. Өөрийнхөө өвөрт бүтээсэн бүлээн амины төлөө бүхнээ зориулаад өөрөө явж чадах эр зоригийг минь ядаж үнэлээч. Өвдөж байна, гэхдээ энэнээс илүү их өвдөлтийг ч би тэснэ. Харин үрийг минь бүү өвтөг. Энэ хүйтэн ертөнцөд гарч ирээд л дуу алдан чарлаж өвдөхөөс хойш үрийг минь ядаж хэвлийдээ айх зүйлгүй өвдөж зоволгүй амьсгалахад нь туслаач дээ. Энэ гайхамшигтай бяцхан ертөнц миний биед амьдарч, миний нүдээр орчлонг харж, миний мэдэрсэн уй гашууг бас аз жаргалыг л мэдэрч үзсэн. Харин одоо өөрийнхөө нүдээр хүний дэлхийн алтан нарыг харах их хувь заяаг нь хайрла. Өөрийнхөө мэдэрхүйгээр нулимс, инээдийг хүүдийлэх боломж олго...
Энэ гайхамшигтай бяцхан ертөнцийн нүд түүнийг хайрлах олон мянган халуун дулаан харцан дунд нээгдэнэ. Дэлхий ертөнц гэж дуу алдаж биширмээр гайхам сайхан өнгө гэрлээр дүүрэн байдгийг тэр өөрөө олж хараг. Энэ бяцхан ертөнцийн чих түүнийг тосч, уухай алдах аз жаргал дүүрэн дуу хоолой дунд төөрөх болно. Тэр өөрөө олж сонсог. Аав нь байна гэж эв хавгүйхан дуу алдах өөрийнхөө эхлэлийг түм буман цуурай дундаас олж сонсог. Бяцхан өхөөрдөм хуруугаааараа тэмтчин байж энгэрээс минь амтат халуун сүүгээ олж амлан аваг. Өөрөө бүгдийг амтлаг. Зовлон жаргал, чихэр давс, нулимс инээд, үхэл амьдрал гээд бүгдийг өөрөө олж мэдэг.
Бурхан минь та ч бас эх гэдэг хүнээс төрсөн байх. Эсвэл энэ эх гэдэг хүнийг та өөрөө бүтээсэн байж таараа. Эх хүний үрээ гэх их шуналд нүгэл гэж үгүй. Таниас тэд алт эрдэнэс, үнэт баялаг гуйхгүй харин хүний амь, үрийнхээ амьдралыг л нэхнэ. Би энгэртээ тэвэрч, зулайг нь үнэрлэж, өчүүхэн бяцхан гарыг нь атгаж, өөрөөсөө төрүүлсэн өөдөсхөн амины төлөө тантай тэрсэлдэж байна. Намайг ойлго, бас өршөө. Есөн сар энэ өчүүхэн амийг өөрөөсөө ч илүүд үзэж инээдээрээ, нулимсаараа, усаараа, цусаараа тэжээж би өдийг хүрсэн. Урд насны ял нүгэлийг минь одоо дэнслэх гэж байгаа бол үрийг минь бузар булайтай минь бүү холбо. Миний үр ариунаас ариун, дээдээс дээд, хиргүй цагаан. Тиймээс би нүгэл бүхнээ өөрөө тээж одъё. Харин үр минь энд ээжийнхээ ариун цагаан бүхнийг аваад хоцрог. Бас аавынх нь хамгийн их дуртай бүлтгэр алаг нүдийг минь, хацар нь хонхойж тас тас хөхөрдөг инээдийг минь аваад үлдэг. Үрийнхээ амьсгалахыг, ханийнхаа аз жаргалтай инээхийг сэтгэлдээ л төсөөлөөд харчихъя. Тэгэхэд л болно. Одоо дахиж илүүд шунахгүй. Үрийг минь л үлдээ. Амины төлөөс амь болж би өөрөө одъё ...
Гайхамшигтай ! Эх үрийн холбоо хэмээх энэ нандин гайхамшигтай ертөнцийн талаар асар их зүйл бодож суухнээ, Амь тэрсэлдэх эх хүн үрийнхээ төлөө үхэж чаддаг бол юуг ч үл ойлгох үр нь хүртэл эхийгээ бурханаас харамлан уйлж байдаг мэт. Нэгхэн хормын агшинд эх үр аль аль нь үхэл амьдралын хаалган дээр хамт зогсоно. Азтай тохиолдлуудад эх үр хамтдаа тэр хаалганаас буцдаг бол эз хаясан бурханы хатуурхал тохиох үед эх үрийн аль нэгийг, бүр хамтад нь ч аваад үлдэх хилэгнэл таарахуй. ЭЭЖийгээ хайрла. Бас хэвлийд чинь амьдарч байгаа гайхамшигтай бяцхан ертөнцийг хайрла. Эх хүн гэдэг нэгэн амины төлөө өөрийгөө ч золих их зоригтон юм. Ээж болох бүсгүй хүн бүр ирээдүйд төрөх үрээн бодож амаараа нүгэл үл үйлдэг. Эз нь таарч бумбын хорлол үгээр чинь чамайг ороож тохуурхаж мэднэ. Бүсгүй минь чи зөвхөн өөрийнхөө төлөө бус өөрийнхөө гараар бүтээх гайхамшигтай ертөнцийн төлөө амьдарч явдагаа бүү мартаарай.