Одоогоос хорь гаран жилийн тэртээгээс хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл эхэлсэн гэж болно. Хорь гаран жилийн тэртээ эхэлсэн их нүүдэл өнөө ч үргэлжилсээр өдгөө  нийт хүн амын 45 хувь нь нийслэл хотдоо төвлөрчээ.

Ард иргэдээ нутаг орондоо тараан байршуулах чиглэлээр төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй бол 2025 онд монголчуудын 57 хувь Улаанбаатарт суурьшина гэсэн тооцоо гаргаснаа Үндэсний статистикийн хорооныхон мэдээллээ.

 Бид дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүх нутагтай хувьтай ард түмэн. Гэтэл юуны учир  нийт хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотын 4704 мянгахан ам км талбайд чихцэлдэн тэмүүлэх болов?

Бид эрт дээр үеэсээ мал аж ахуй эрхлэн, нүүдэллэж ирсэн ард түмэн. Тиймдээ ч дэлхий дахинаа нүүдэлчин Монголчууд гэдгээрээ танигдсан.   Гэхдээ орчин цагт мал аж ахуй эрхлэлгүйгээр амьдрах таатай орчиныг хайж их хөлийн газар нийслэл хотоо бараадах болжээ. Бидний амьдралын эх үүсвэр мал аж ахуй. Гэтэл тэртээх 2000 оны ган зуднаар малчид малаа алдаж, аргаа барахдаа олноо бараадсан гэх. Үүнээс хойшхи хэдэн жилд хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь судалгаанаас харагддаг.

Хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй дараагийн хүчин зүйл нь  хотдоо төвлөрсөн улсын, хувийн их дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь хотдоо шингэхийг зорих болсон. Нутаг орноо бараадлаа гээд тэр бүр ажлын байр байдаггүй болохоор арга ч үгүй биз. Сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтээс хоцрохгүй гэсэн залуусыг буруутгах аргагүй. Үүнээс гадна иргэдийн  ажилгүйдэл, ядуурал, ган зуд шилжилт хөдөлгөөний хөшүүрэг болж байна. Гэтэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх улсууд иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцөлийг аль ч талаар нь сайн хангасан байдаг тул бүгд нийслэлийн иргэд болохоор тэмүүлдэггүй. Муж, тосгон, хотууд нь ижил түвшинд хөгжчихсөн, иргэд нь таатай орчинд ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна.

 

Манай улс 21 аймаг 300 гаруй сум сууринтай. Гэтэл ажлын байрны хомсдол, хөгжил цэцэглэлтийн дулимаг байдлаас сум эзгүйрч байна гэхэд хилсдэхгүй. Үүнтэй холбоотой ганцхан жишээ дурьдахад Говь-Алтай аймгийн Баянтал сум ердөө 987 хүн амтай тоологджээ. Хөдөөд өндөр настнууд, мэргэжил боловсролгүй цөөн залуус, малчид л бууриа сахиж үлдэв. Харамсалтай хэдий ч бодит үнэн энэ.  Энэ мэтчлэн сумын хүн ам цөөрсөөр, эсрэгээрээ нийслэлийн иргэд олширсоор.

Үүний үр дүнд Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрлээ. Хүн ам олноор төвлөрснөөр утаанаас үүдэлтэй агаарын бохирдол, авто замын түгжрэл, хөрсний бохирдол гээд л асуудал хөвөрнө. Агаарын бохирдлоос болж нийслэл хот өвөлдөө элдэв ханиад томуу, өвчинд дарлагдаж байна.  

Бид Үндсэн хуулиараа монгол хүн амьдрах газар нутгаа дураараа сонгох эрхтэй хэмээн тунхагласан. Тиймдээ ч нийслэлийг зорих иргэдийг та  хөдөөдөө үлд гэж хэлэх эрх хэнд ч байхгүй.  Нийслэл Улаанбаатарыг зорих нүүдлийн цувааг сааруулах хөшүүрэг өнөөдөртөө алга. Манай улс хөгжсөн орнуудын жишгээр хүн ам зүйн бодлогоо тодорхойлж, иргэдээ орон нутагт амьдрах боломжийг бүрдүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Ядаж л орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлчихвэл их, дээд сургуулиа төгссөн залуу боловсон хүчин хотод үлдэхээр тэгтэл их тэмүүлэхгүй. Хүн амын тархалт, суурьшилтын асуудалд дорвитой арга хэмжээ авч энэ асуудлыг шийдвэрлэх цаг нэгэнт иржээ.

Б.Хорлоо