Намаа сонгуульд сойж буй дарга нарын рейтинг
2016/02/24
Дөрөвхөн сарын дараа орон даяар сонгууль болж, УИХ болоод нийслэл, аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Ялангуяа УИХ-ын ээлжит сонгуульд улстөрчид, улс төрийн намууд хамаг хүчээ хаядаг.
Энэ сонгуулийн 26 тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг онцлохоор манай сонин "Сонгууль-2016” булангаа эхлүүлж байна. Эхлээд намаа, нэр дэвшигчдээ сонгуульд сойж буй намын дарга нар хэр рейтингтэй байгааг зарим судалгааны дүнгээр харьцуулав. Ингэхдээ саяхан хэвлэлд нийтлэгдсэн "Максима” төвийн судалгаанаас иш татлаа.
Сонгуулийн өмнөх тандалтаас харахад парламентад олон суудалтай Ардчилсан нам, МАХН, МАН-ын хооронд голлох өрсөлдөөн болохоор байна. Бусад нь жижиг намууд бөгөөд зарим нь том намуудтэй нэгдэж, эвсэж сонгуульд оролцохоо мэдэгдээд буй.
УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийг дарга нар нь тэргүүлж байсан өмнөх сонгуулийн жишиг бий. Тэр үед МАХН-ын жагсаалтыг, тус намын дарга Н.Энхбаяр тэргүүлж, түүний удирдсан эвсэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Одоогийн АН-ын дарга З.Энхболд тэр үед намын дарга байгаагүй тул жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв. МАН-ын дарга М.Энхболд ч гэсэн 2012 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн дараа намын даргаар хоёр дахиа сонгогдсон юм. ХҮН-ын даргаар очоод удаагүй байгаа С.Ганбаатарын рейтинг хамгийн өндөр байсан ч өмнөхөөсөө буурч яваа. Тодруулбал, С.Ганбаатар 26.9, Н.Энхбаяр 24.5, М.Энхболд 4.5, З.Энхболд 3.2 хувьтай байна.
Энэ удаад дээр дурдсан дарга нарын хэн хэн нь намын жагсаалтаа тэргүүлж сонгуульд өрсөлдөх болов уу. Жагсаалтаар нэр дэвшигчдийн төлөө улсын хэмжээнд санал өгнө. Тэгэхээр хэн нь илүү рейтингтэй байна тэдний нам илүү санал авах талтай. Гэхдээ С.Ганбаатар өндөр хувьтай байгаа гээд түүний нам УИХ-д хамгийн олон суудал авна гэвэл өрөөсгөл болно. Тэр өөрөө сонгогчдод танил байлаа ч нам нь нийтэд танигдаагүй. Харин бусад намын дарга нар олны танил, нам нь ч орон нутагт салбар үүр, хороодтой юм.
Энд бас нэгэн судалгаанаас иш татъя. Сургалт явуулж, судалгаа хийдэг "Эс Ай Си Эй” компанийн www.sica.mn цахим хуудаст уржигдар нийтэлсэн "Олон нийтийн санаа бодол: бүтээн байгуулалт” судалгаагаар сүүлийн 25 жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газраар 2012-2014 оны Н.Алтанхуягийн удирдсан танхим 30.3 хувь, Н.Энхбаярын 2000-2004 онд удирдсан танхим 19.3 хувийн саналаар тэргүүлжээ. С.Баяр, Ц.Элбэгдоржийн Засгийн газар удаалсан байна. Иймэрхүү судалгаа, олон нийтийн дунд явуулсан тандалтын үр дүн 2016 оны сонгуулийн хар зургийг ерөнхийд нь гаргаж байна.
М.Цэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
MGL · 2016/02/24
Энэ оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН 2 нэгдэж ороод олонх болох нь тодорхой болсон. Ерөнхий сайдаар М.Энхболд болоод 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн хамтарч орно. М.Энхболд ерөнхийлөгч болно. Тэгээд 2018 оны 08-сараас Н.Энхбаяр ерөнхий сайд болох магадлал маш өндөр байна. Түүнээс хойш улс төрийн амьдрал өшөө хонзон, хариу авах үйл ажиллагаа эхэлнэ.Бодит үнэн ийм л байна.
Зочин · 2016/02/24
Baabar l goloor n helne dee.... busad l bol baind ch ygyi banzand ch yvyi buudnaaa