Ирэх сонгуулийн өнгө М.Энхболдоос хамаарах нь
2016/03/10
Энэ удаагийн сонгуулийн өнгө М.Энхболдын гарт шилжчихлээ. Энэ хүн яаж хөдөлнө, ямар сценари гаргана. Улс төр ба улс төрд эргэн ирсэн Н.Энхбаяр түүний тоглоомын дүрмийн дагуу ажиллахаас өөр гарцгүй болов. Үүний хамгийн том баталгаа нь таван жилийн өмнө өрх тусгаарласан МАН, МАХН хоёр Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэсэн явдал байлаа. Өнгөн талдаа М.Энхболд, Н.Энхбаяр хоёр мөр зэрэгцэн алхаж харагдсан ч үүний цаана хүн чанарын тухай том ойлголт явсныг хэлэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нэгэн цагт Н.Энхбаярт “ар”-аараа тавиулж, Ерөнхий сайдын суудлаа С.Баярт өгч байсныг нь бодвол М.Энхболд урт шар дээлтэд хаалгаа нээхгүй байх байлаа. Нээх нь бүү хэл, бүр хашаандаа оруулж ирээд бодсон санасан, сэтгэлийн үгийг нь хүртэл хэлүүлэхгүй байв. Гэвч түүнд улстөрчийн зангараг, эр хүний жудаг байсан учраас намынхаа 95 жилийг ойг МАХН-тай хамтран тэмдэглэхийг зөвшөөрсөн. Ингэснээр зарим хүнд МАН МАХН-д найр тавьж байгаа юм шиг харагдсан ч бодит байдал тийм биш аж. М.Энхболд урьдын явдлаа санаж, урт шар дээлтэд улс төрийн ууган хүчний хаалга хэзээд хаалттай гэдгийг харуулчихаж болох байлаа.
Гэвч М.Энхболд 95 жилийн түүхтэй намаа бодсондоо бас улс эх орны цаашдын хувь заяанд хэрэгтэй гэж үзсэндээ Н.Энхбаярт хаалгаа нээв бололтой. Тэгээд ч “хоол” идсэн сав руугаа нулимж орхиод хаалга савж гарсан Н.Энхбаяр энэ байдлаараа удаан явахгүй гэдгийг ухаарсан бололтой. МАН-д анхлан хүсэлт тавьж, М.Энхболд түүнд толгой дохьсноор хэдий УИХ-ын хэдэн гишүүнийхээ кнопыг худалдаад үнэтэй яваад байж болох ч угшил нэгтэй намаа түшилгүйгээр, уугуул нөхөдтэйгөө нэгдэлгүйгээр улс төрд хол явахгүйгээ мэдэрсэн урт шар дээлт цаашдаа М.Энхболдын сценариас гажихааргүй болчихлоо. Түүнчлэн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд МАХН, АН-тай нэгдэж засаг хүртэл хамтран барилцсан ч хаяа муутай АН-д хэзээд хулхидуулсаар ирсэн нь нууц биш.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Ч.Сайханбилэгийг нь авч үлдэх ажиллагаанд идэвхийлэн оролцсон МАХН-ынхан өнөөдөр шагналаа авч чадаагүй яваа. Цэвэр хулхидуулсан гэхэд болно. Үнэндээ Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд болгоно хэмээн амлаж, эвслийнхнийг кнопдуулсан ч гэлээ Ерөнхий сайдын суудалтайгаа үлдсэн цагт ямархан хариултаар Н.Энхбаярын амыг таглахаа мэдэж байсан нь лавтай. Тэр бүү хэл энэ жүжгийнхээ эхлэл, өрнөл, төгсгөлийг маш нарийн тооцоолж байж засгаа авч үлдэх ажиллагаанд АН-ынхан орсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгээд ч АН-ыг, УИХ-ыг цаашлаад Засгийн газрыг “эчнээ” тэргүүлж байгаа Зи-д иймэрхүү сийрэг ухаан төрөх нь тодорхой. Нөгөө талаар Н.Энхбаярыг БНСУ-аас ирснийх нь дараа прокурорын байгууллагын ой дээр очиж үг хэлэхдээ бүх уур бухимдлаа нэг мөсөн гаргаж, Н.Энхбаярыг “Авлигач, хамгийн муу хүн”-ээр улс орон даяар зарлан тунхаглагчихсан Ц.Элбэгдоржийн санааг Зи овжин ашигласан.
Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн Н.Энхбаярыг эргэн ирсэнд, тэр бүү хэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг авч үлдсэнийхээ төлөө засагт багтаж, Шадар сайд болох хүсэлтэй байгааг нь хүртэл илтэд буруушааж, “Монголын төрд ийм авлигач хэрэггүй” гэж зарласан нь Зи-гийн тархинд хадаатай үлдсэн учраас хожмоо ийнхүү овжноор ашигласан гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй. Нэг ёсондоо Ерөнхий сайд төдийгүй АН-ынхан “Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төр эргэн авчирч, Шадар сайдаар томилоход цааргалах зүйлгүй байсан ч Ерөнхийлөгч тээг тавьчихлаа” гэх мессежийг нийгэмд амжилттай өгч чадсан. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэлдээ байдаг АТГ-аар дамжуулан, өөрөөрөө төлөөлүүлэн “Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй” гэх үгийг хэлүүлж орхисон. Урт шар дээлтийг улс төрд оруулах ажиллагаанд өөрсдөө ямар ч саад хийгээгүй гэх мессежийг олон нийтэд хангалттай өгч чадсан нь Зи-гийн “заан ухаан” гэхэд буруудахгүй. Тиймдээ ч АН-ыг эрх барьж байх үед Н.Энхбярт улс төрийн хаалга хаалттай гэдгийг өөрөөсөө холуур ойлгуулчихсан. Тэр бүү хэл, АН-ынхан МАН-ын угшилтай Н.Энхбаяр ба түүний нөхдөд үнэнчээр хандахгүй гэдгээ ч бас баталчихсан. Шинэхэн мэдээ. Засгаа авч үлдчихээд Шадар сайдын суудлаа харамласан АН-ынхан МАХН-д байгаа сайдын суудлуудаа буцааж авах сураг чих дэлсээд эхэллээ.
Тодруулбал, МАН, МАХН-ын нэгдэл нэгэнт ойлголцолд хүрч байгааг ойлгосон даруйдаа эрх баригчид МАХН-д өгсөн сайдын суудлаа буцаахаар яриад эхэлсэн байна. Энэ талаарх мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнөөс Төрийн ордонд гарсан гэнэ. Одоо Ч.Сайханбилэг гагцхүү гарцаа хайхаас гадна боломжтой цагийг хүлээж суугаа бололтой. МАН, МАХН хоёр нэгдчихвэл АН “Газрын хөрснөөс арчигдана” гэдгийг гадарлаж байгаа эрх баригчид эхний ээлжид ханилж яваад нөхрөө түлхдэг зангаа МАХН-ынханд гаргаж байгаа бололтой. Ямартай ч шуум гараад эхэллээ. Хэрхэн төгсөхийг харах л үлдэж байна. Хавар цаг ирж байгааг ч хэлэх үү МАН, МАХН Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэснийг эс тооцвол онцын сонингүй байсан улс төр ирэх сард эхлэх хаврын чуулганаар халуухан өрнөх бололтой. Ингэхдээ гурван сайдыг засгаас хөөхөөс авахуулаад сонирхолтой үйл явдал өрнөх бололтой. АН нөхөрлөж, эвлэж эвсч чаддаггүйг мэдэхгүй хүн цөөн.
Харин МАН, МАХН-ын нэгдлийг М.Энхболд хэрхэн залуурдаж, Н.Энхбаярыг өөрийн хашаан дахь улс төрдөө хэний дүрд тоглуулах нь сонгуулийн өмнөх сонирхолтой улс төр байж мэдэх нь. Н.Энхбаяр АН-тай хэнчээн хүзүү толгой холбоод нэг л өдөр тонгоруулж орхих нь гарцаагүй учраас угшил нэгт намтайгаа эвсч ирэх сонгуульд орох нь аминд өлзийтэй байж болох. Тэгээд ч нэгэн цагт бусадтай нийлэн чадаж явсан МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр зангараг заан, түүнийг хүлээгээд авчихсныг энэ цагт Н.Энхбаяр ашиглахгүй бол цаашид бүх боломж түүнд “нөөв” гэж хэлэхийг үгүйсгэх газаргүй. Тэгээд ч улс төрийн ууган намын ахмадууд “Бүтэн таван жилийн дараа буюу М.Энхболдын үед хоёр нам нэгдэж, цэцэг өргөхийг харлаа” хэмээн Сүхбаатарын талбайг дүүргэсэн нь хэдхэн хоногийн өмнө. Энэ бол намын жирийн гишүүд хоёр намыг нэгдэхийг хэчнээн их хүлээж байгаагийн бодит илрэл. Энэ үйл явц улс төрийн ууган хүчний гишүүд дэмжигчдээ баярлуулахаас гадна эрх баригчдыг багагүй сандаргасныг энд дурдах нь зүйтэй.
Учир нь үндсэндээ эрх барьсан дөрвөн жилдээ улс орноо “самарчихаад” сууж байгаа АН-ынханд хоёр намын нэгдэл том цохилт болсон нь гарцаагүй. Ирэх сонгуулиар олноос өндөр оноо авч, өмнөх шигээ олон суудалтай болох магадлал АН-ынханд үнэндээ хомс болсон. Тиймээс МАН, МАХН-ын нэгдэл гишүүд дэмжигчдээсээ илүү улс эх орны цаашдын хөгжил дэвшилд илүү хэрэгтэй байж мэдэх. “Хүний хуучин, дээлийн шинэ нь” гэж үгтэй. Одоо М.Энхболдын шийдлийг хэн хүнгүй харж байна. Эрх баригчид, эвсэгчид гээд Миеэгийн хүү ямар алхам хийхээс бүх зүйл шалтгаална гэдгийг гадарласан учраас чих тавин сууна.
М.ӨНӨРЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН
Зочин · 2016/03/10
An man mahn 3 neg nam yum bishuu bugd eh ornoo hudaldasan humuusiin negdel. Uul ni ene huniig gazriin chenj geed l buun yum bichdeg bsan biz dee
Ц. Мийгаа · 2016/03/10
Сайн бичжээ. Үнэхээр МАН, МАХН хоёр сонгуульд нэгдэн ороод цаашид намаа нэгтгээд хуучин байранд нь оруулбал ард түмний дийлэнх олонхийн дэмжлэгийг хүлээх нь гарцаагүй. АН төр барихаар л Монгол Улсын эдийн засаг уналтад орчих юм. Үйлс муутай, "хар" зам мөртэй амьтад энэ намд олноороо шургалсны гор юм байлгүй дээ.