АН-ын ҮЗХ-ны хурал өнгөрсөн даваа гаригт болж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө цэгцэлснээс гадна намын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцээд тарсан. Тус хуралдаан нөгөөдөр буюу бямба гаригт үргэлжлэх бөгөөд хуралдаанаар намын дотоод зохион байгуулалтын зарим асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал, намын эв нэгдлийг хэрхэн хангах талаар ярилцахаас гадна Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. ҮЗХ-ны хуралдаанд хөдөө орон нутгаас ирсэн гишүүд Л.Эрхэмбаярыг чөлөөлөх саналыг хурлын үеэр гаргах гэнэ. Хамгийн сонирхолтой нь уг саналыг намын дарга З.Энхболд нь дэмжиж байгаа аж. Тэгэхээр Л.Эрхэмбаяр ажлаасаа чөлөөлөгдөх өндөр магадлалтай болж байна.

Намынх нь гишүүд Л.Эрхэмбаярыг голж, намын эв нэгдлийг хангаж сайн ажиллаж чадахгүй байна гэж үзсэн байна. Сүүлийн үед АН-ынхан эв түнжин муутай байгаа нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын үг, үйлдлээс тод харагдсан. Мөн Дарханы АН-ынхан хөл нүцгэн суулт хийж Л.Эрхэмбаяртай уулзахыг шаардсан ч зугатаагаад олдохгүй байгаа гэх мэдээлэл бий. Нам дотор юу ч болж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга биечлэн очиж, гишүүдийнхээ үгийг сонсож, асуудлыг зохицуулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Л.Эрхэмбаяр гараа хумхин сууж “зодоон”-ыг зүгээр хараад сууж байгаа нь байна хэмээн намын гишүүд нь шүүмжилж байгаа юм.

 

Л.Эрхэмбаяр дүрмийн бусаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Энэ нь өөрөө АН-ын дүрэм, журмыг зөрчсөн гэсэн үг юм.

 

Сонгууль дөхсөн үед намын эв нэгдлийг хангах нь маш чухал бөгөөд үүнд Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс тодорхой ажлуудыг явуулах ёстой. Мөн түүнийг сонгуулийн өмнөхөн намын нэр хүндийг өсгөх төлөвлөгөөт ажлуудыг огт хийхгүй байгаа гэж буруутгаж байгаа юм байна.

 

Хамгийн асуудалтай нь Л.Эрхэмбаяр дүрмийн бусаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Энэ нь өөрөө АН-ын дүрэм, журмыг зөрчсөн гэсэн үг юм. Түүнийг ҮЗХ-ны хурлаар одоогийн албан тушаалд нь томилох ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Одоо ҮЗХ-ны хурлаар жинхлэх ёстой. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хангалттай сайн ажиллаж чадаагүй учир жинхлэх шаардлагагүй гэж тус намын гишүүд үзэж байгаа аж.

 

Мөн хэлсэн үг бүр нь асуудал дагуулж, АН-ын нэр хүндийг унагаж явдаг түүнд намын өндөр албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж намын нөхөд нь үзэж байна. Тухайлбал, Л.Эрхэмбаяр ИЗНН-ыг АН-тай нэгдэх гэж байгаа талаар мэдэгдэл хийснийх нь дараахан ИЗНН-ынхан үүнийг нь эрс үгүйсгэсэн тайлбар хийж, түүнийг дур мэдэн худал мэдээлэл тарааж намын язгуур эрхэд халдсан асуудалд буруутгаад байсан.


Мөн МАН-ынхан 8 хувийн ипотекийн зээлийг 20 хувьд шилжүүлэх гэж байна хэмээн гүтгэж байв. МАН-ын зүгээс Л.Эрхэмбаярыг худал мэдээлэл, цуурхал тараасанд буруутгаж шүүхэд өгсөн. Харин Л.Эрхэмбаяр андуурснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ мэт намын хариуцлагатай албан тушаалтнаас гарахааргүй хариуцлагагүй үйлдлүүд нь мөн
ажил хийдэггүй байдал нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа аж. Үүнийг нь ч намын дарга нь мэдэж түүнийг огцруулахаар сэтгэл шулуудсан гэж эх сурвалж мэдээллээ. З.Энхболдын хувьд сонгуульд ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй хүнтэй хамтарч сонгуульд оролцоно гэдэгтээ итгэлгүй байгаа бололтой.

 

Т.Энхэлээ

24tsag.mn