-Эрх мэдэлтнүүдэд их мөнгө өгчихөөр гадны шашныхны хүссэн газрыг нь олгодог гэж үнэн үү?!-

Г.ЖАМЬЯН

(Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн)

Төв замаар явж байгаад галт тэрэгний вокзал руу эргэхэд, яг тэр өнцөг дээр долоон шовх оройтой сонин барилга бий. Тэнд төмөр замынхны олон үеэрээ үйлчлүүлсэн хүнс-барааны дэлгүүр байж билээ. Нэг л өдөр тэр хавийг бүгдийг буулгаад хурц шовгор оройтой барилга барьж эхлэсэн. Эхний үед хүмүүс “Үндэсний хэмжээний магадгүй ази тивдээ ховорхон тооцогдох одон орон судлалын төв баригдах юм байхаа” хэмээн ярилцдаг байсан. Тэгсэн чинь сүүлдээ “гадны сүм хийдийн барилга гэнэ” хэмээн шуугиж билээ. Яг бариад дуусдагийн даваан дээр барилгын ажил гэнэт зогсож, бараг арваад жил “хөсөр хаягдсан”байх. Хүмүүс янз бүрээр дахин шуугисан. “Энэ барилгын цаана гадна, дотны хоёр эзэн байдаг гэнэ. Монгол эзэн нь их том хүн юм байхаа. Дуртай газраа авна гээд л авчихсан гэнэ”. “Тэгтэл, бүр том хүн , гадна дотны зочид төлөөлөгчид цувдаг замын уулзварт гадаадын сүм хийд бариулахгүй гээд зогсоочихож гэнэ” “Их мөнгө авсан, өгсөн хүмүүс түнжин хагарсан юм байхаа. Хайран газар!” гэх хүн ч тааралдаж л байсан. Миний хувьд үзэж харахаар, сурвалжлахаар хэд хэдэн удаа очсон. Мэдэх эзэн байдаггүй юм билээ.

Ингээд, хотын А зэрэглэлийн бүсэд, долоон оройтой нэгэн барилга арваад жилийн нүүр үзэж байгаа. Хайран газар! Хайран дэлгүүр, үйлчилгээний газрууд! Энэ газар, миний тооцоогоор бол тэрбумаас доош үнэлэгдэхгүй л газар байх. Эзэн нь жил болгон газрын хураамж төлдөг юм уу, үгүй юу бүү мэд. Энэ олон жилийн хураамж бас л тэрбум даваад явчихсан баймаар. Энэ газар дээр дэлгүүр ч юм уу, ямар нэг үйлчилгээ явуулж байсан бол олон тэрбумын ашгийг улсад, хувь хүнд оруулсан байж таарна.

Эмнэлэг, сургууль барих болохоороо “газаргүй” гээд далаа хавчдаг эрхэм дээдэс Улаанбаатарт газрыг иймэрхүү байдлаар л “ашиглаж” байгаа юм даа.

Та анхааралтай ажигладаг уу? Хотын аль сайхан нутаг дэвсгэрүүдэд, газар чөлөөлөөд гадны сүм хийд барьчихсан байгаа. Би андуу дуулаагүй бол Улаанбаатар хотын барилгажилтын 0,5 хувь нь гадаадын сүм хийдүүдийн хэрэгцээндбайдаг гэж телевизээр ярина билээ. Талийгаач их ламтан Чулуунбаатар(Чуука) “лус аргадах” хийд байгуулъя гэж олон жил хөөцөлдөж газрын зөвшөөрөл олдохгүй, хамгийн сүүлд Дамбадаржаагийн мод үржүүлгийн хашаанд газар зааж өгөн хуураад өнгөрсөн. Ламтан амьсгал хураан хураатлаа “лус аргадах” хийдийн ач холбогдлыг ярьсаар, бичсээр таалал төгссөн дөө. Тэгэхэд гадны шашныхан өнөөдөр нь ирээд л маргааш нь хотын төв хэсэгт хамгийн сайхан газруудад сүм хийдээ босгочихсон, хурал чуулганаа явуулж байдаг. Үүнийг олон нийт ганцхан зүйлээр тайлбарладаг юм. Гадны шашныхан газрын төлбөр гэж багахан мөнгийг улсын дансанд хийгээд, гол эрх мэдлийн хүмүүст авилгын журмаар асар их мөнгө өгдөг, тэгээд ажил нь амархан бүтчихдэг юм гэцгээдэг. Үнэний ортой ч байж магадгүй. Газрын албаныхнаас баяжаагүй хүн бий гэж үү?! Гадны шашны хамгийн харгис урсгалынхан нь эрх мэдэлтнүүдэд хамгийн их мөнгө хаядаг (магадгүй тэрбумаар тооцох) гэсэн яриа ч бий.

Саяхан Мүүний шашны тухай цахим ертөнцөөр шуугилаа. Манай ихэс дээдсийн Мүүнийхэнтэй авахуулсан зураг хөрөг, хурал чуулган, бишгүй л цацагдлаа. Телевизээр их ярилаа.

Би нэг зүйлийг ойлгодоггүй байж. Манай дээдчүүд Ерөнхийлөгчөөсөө эхлээд гарын хоёр алгыг дээш нь харуулан, тэнгэр өөд алдлан ёслол үйлдэх болсон. Тэр чинь харийн шашны ёслол-хүндэтгэл юм байна. Манайхаар бол залбирал юмуу даа. Тэр шашинд элсчихсэн юмуу, дэмжин талархдаг юмуу, их мөнгө авчихаад ач буяныг нь хариулж байгаа юмуу, мэдэхгүй юм даа. Зарим хүмүүс, гарцаагүй баригдчихаараа зүгээр л хурал чуулганд нь оролцсон гэж өөрийгөө өмөөрч байгаа юм. Манай хуулиар шашин шүтлэг чөлөөтэй, хаанахын ямар ч шашныг шүтэж болно л доо. Гэвч анхаармаар хэдэн зүйл бий.

Түүх сөхвөл энэ барууны хүчирхэг гүрнүүд чинь ази, африк, латин америкийн бага буурай орнуудыг колончилж авахдаа голдуухан шашин, буяны байгууллагуудаа эхлээд оруулсан байдаг юм. Ядарсан ард түмэнд буянтны дүрээр ирж байгаа нь тэр. Эрх мэдэлтнүүдэд дээд зэргийн “өргөл барьц” өгч ивээлдээ татдаг. Ядууст хоол унд, хувцас хунар, түлээ нүүрснээс эхлэн олгож талдаа татдаг. Нөлөө бүхий хүмүүсийг судлаж, шашны сургаал номдоо итгүүлдэг гэхчлэн олон хэлбэрээр ажиллаж, нэг л мэдэхэд өнөөх пастерууд (номлогчид) маань толгой дээр гараад суучихсан, бүр төр засгийн толгойд нөлөөлөхүйц байдалд хүрсэн байдаг гэнэ. Манай мэтийн жижиг буурай улсуудад шашны олон урсгал ингэж дэлгэрсэн. Нэг л мэдэхэд шашнаараа талцан байлдаж байдаг. Өнөөдөр, дэлхийн халуун цэг болгонд шашин хоорондын мөргөлдөөн болж сая, сая хүний цус урсаж байгаа нь үнэн. Ард түмнүүдийг шашнаар нь талцуулан хядалцуулдаг энэ арга бол дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонгодог арга юм билээ.

Тэгээд ч орчин үед, юу юугүй бөмбөгдөөд эхлэхийн оронд, хэдэн номлогчдод их мөнгө ганзагалуулаад явуулчих нь хаа хаанаа ашигтай байдаг бололтой. Өнөөдөр төрийн томчуудын хэмжээнд дэмжлэг авч байгаа шашныхан бол Монголыг хэзээ ч нөлөөндөө бүрэн оруулахад бэлэн болчихоод байна гэсэн үг.

Уг нь Монгол Улс эзэнтэй, шудрага сайн удирдагчидтайсан бол гол анхаарах зүйл энэ л юмсан. Даанч тийм улс орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй удирдагчид ховор юм даа.

Өнөөдөр, оройтой, оройгүй сүм нийслэл хотоор Монгол Улсаар дүүрэн боллоо. “Од” мэтийн том кино театр, соёл урлагийн газруудаа хүртэл суллаад гадны шашныхныг оруулчихсан байгаа. Тэгсэн хэр нь Гандангийн хашаанд баригдаж байгаа буддын шашны Цогчин дуганы барилгаас хэдэн төгрөг яаж харамлав даа?! Монгол уг нь баян орон хэвээрээ л байгаа. Харамсалтай нь Монголын хөрөнгө мөнгө цөөн хэдэн эрх мэдэлтний халаасанд орчихсон. Ард түмэндээ болохоор “хямрал, байхгүй, мөнгөгүй”гэж хувхай амлаад байдаг. Тэр нь хоёр зорилготой юм гэнэлээ. Ард түмнээ ядууруулж, туйлдуулж байгаад сонгуулиар саналыг нь худалдаж авдаг. Нөгөө нэг зорилго нь гадны шашин , сайн дурынхан руу гарыг нь сарвайлган тосуулж байгаад мөнгөөр хууран оруулж ирэх зорилготой юм гэсэн. Энэ хоёр нууц зорилго ч одоо ил боллоо доо.

Хүмүүстэй уулзаж, хурал зөвлөгөөнд оролцож байхад тэднээс гаргадаг гол нэгэн хүсэлт бол, гадны шашны тухай санал хүсэлтүүд байдаг. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нэгэн хурал дээр төр нийгмийн ахмад зүтгэлтэн Б “Гадны шашныханд газар олгосон явдлыг нийтэд нь шалгая. Хотын дарга хэний үед, ямар хүний зөвшөөрлөөр газрын зөвшөөрөл олгосон болон төлбөр мөнгөний хэд нь улсын санд, хэд нь дарга нарын халаасанд орсныг нарийвчлан шалгаж, буруутай хүмүүстэй нь хариуцлага тооцъё. Шаардлага хангаагүй манай ард түмний нийтлэг эрх ашгийн эсрэг, бодлого үйл ажиллагаа явуулж байгаа гадны шашныхныг буцааж явуулъя, газар хөрөнгөө эргүүлэн авъя” гэсэн санал гаргаж байж билээ. Эрх мэдэлтнүүд мэдээж энэ саналыг зөвшөөрөхгүй, хав дарна. Яагаад гэвэл гадаадын сүм хийдүүдийн ард нэг юмуу, зарим нь хэд хэдээрээ сайд дарга нар байдаг юм гэсэн. Буддын том лам агсны хүү хүртэл гадны шашин дэмжээд гүйж яваа сураг байдаг.

Уг нь монголчууд бид чинь олон зууны турш нэг л шашин шүтсэн, тэр нь мах цусанд нь хүртэл шингэсэн хүмүүс юмсан. Яахаараа Буддын шашин, бурхан багшийнхаа “эсрэг” энэ олон шашин оруулж ирчихээд, Ертөнцийн эзэнд гэхээсээ ногоон мөнгөнд зулайгаа халцартал мөргөөд байдаг юм бол доо?!