Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлтийг АН, МАН-ынхан хамтран захиалсан бөгөөд УИХ-ын чуулганы түвшинд хэлэлцэж эхлээд байна. Хүлээж авч дэмжих нь ч тодорхой. Учир нь тэд захиалагч шүү дээ. Ингэснээр сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болно гэсэн үг.

Жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг хассанаар горилогчид бүгд тойрогт өрсөлдөнө гэсэн үг. Жагсаалтад орно хэмээн мөрөөдөж суусан нөхөд одоо аль нэгэн тойргийг өөрийн болгохоор нам дотроо үзэлцэж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хэн, хэн нэр дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэг өмнө нь гурван мандаттай байж байгаад 2012 оны сонгуулиар хоёр мандаттай болсон. Энэ жил эргээд гурван мандаттай болохоор байна. Тус дүүрэгт Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-ын гишүүн Г.Уянга нэр дэвшинэ. Тэрбээр өмнөх сонгуулиар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хамтаар ялалт байгуулж сонгогдсон. Түүний рейтинг өндөр байгаа нь энэ жил ч ялж магадгүй гэдгийг хэлээд байна.

 

МАХН


МАХН-аас тус дүүрэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар горилж байгаа. Гэхдээ тэдний нэг нь л нэр дэвших боломжтой. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд гурван жилийн өмнөөс тус дүүрэг рүү гүйдэлтэй болж, баяр ёслолоор бэлэг сэлт тарааж, будаа гурил хүртэл бэлэглэж хэвшсэн нэгэн. Харин З.Баянсэлэнгийн хувьд тус дүүргийн оршин суугч. УИХ-ын гишүүн болсныхоо дараа гэр хороололд амьдардаг хэмээн өөрийгөө танилцуулж байсан тэрбээр одоо ч дүүрэгтээ амьдарч байгаа. Гэхдээ өмнө нь амьдарч байсан жижигхэн цагаан байшингаа тохилог хаус болгосон байдаг.

 

МАН


Харин МАН-аас өмнө нь өрсөлдөж байсан Уул, уурхай эрчим хүчний сайд Д.Зоригтыг дахин үзнэгэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар өрсөлдөж магадгүй байгаа аж. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд Хөвсгөл аймгаас сонгогдож байсан бөгөөд 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-д суусан юм. Харин энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөх гэж байна. Улс төрийн хашир туршлагатай тэрбээр Чингэлтэйд биш ч гэсэн хотын аль нэг дүүрэгт өрсөлдөх гэнэ. МАН-ынхан хууччуулаа нийслэлд сойх нь өмнө нь хэд, хэдэн удаа Улаанбаатарт ялагдал хүлээсэнтэй нь холбоотой юм. Т.Зоригтын хувьд Оюутолгойн гэрээг хийснээс болж Г.Уянга тэргүүтэй нөхдүүдэд баалуулж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жил нам гүм явснаа дахин гарна гэвэл бүтэхгүй гэх нь ч байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход орон гарсан суудал дээр нь нөхөн сонгуульд нэр дэвшин гишүүн болж байсан түүхтэй. Т.Аюурсайханы хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай учраас Чингэлтэйд шинэ хүн биш гэсэн үг.

 

АН


АН-аас тус дүүрэгт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар өрсөлдөх нь. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы хувьд 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр удаа дараалан Чингэлтэйд ялалт байгуулсан гавъяатай нэгэн. 2008 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт тус дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж байжээ. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батбаатарын хамтаар өрсөлдөн ялжээ. Ер нь Чингэлтэйчүүд түүнд хайртай. Тиймдээ ч хоёр дараалан сонгоод байна. Харин энэ жил итгэл хүлээлгэх эсэх нь сонин байна. Энэ дүүргийн намыг олон жил толгойлж явсан УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг. Б.Батбаатарыг тойргийнхон нь сайн мэднэ. Түүний хувьд АН дотор хэлэх үгээ шулуухан хэлчихдэг фракц дагаж намирдаггүй хүн юм. Анх Баянгол дүүрэгт УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржтой өрсөлдөн ялж гишүүн болж байсан. О.Эрдэнэбулганы хувьд ТӨХ-ны дэд дарга, Уул уурхайн яамны дэд сайдын албыг хашиж байсан нэгэн. АН-ын боловсрол өндөртэй залуусын төлөөлөл юм.

 

Т.Энхэлээ

24tsag.mn