Олон жилийн өмнөөс сайн мэдэх, дотроо ихэд хүндэлж явдаг бичиг номын ахтай айлаас гарч яваад орцны үүдэнд нь таарав. Орцны шатны цементэн хашлаган дээр хэдэн ном дэлгээд тавьчихсан, дэргэд нь сууна. Гэнэтхэн таарсандаа баярласан би

- Хүүе, ах сайн байна уу? гэж хөөрөн дуу алдав. Өмнө нь бид энэ мэтээр санамсаргүй уулзах үед нүүр дүүрэн инээсээр, халуун дотноор гар барьдагсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй, нэг муухан инээмсэглэмэр болоод, гараа сунгаж байна.

 

Царай нь харлаж, хөхийгөөд нэг л биш. Харц нь доогуур гүйлэгнэнэ. Гарын алга нь хөрзийгээд, хувцас хунараас нь хир ханхийнэ. Бас архины эхүүн үнэр ч ханхлах шиг болов. Эхний хөөрөл маань оргүй болоод, гайхсандаа тэссэнгүй,

 

 

- Та минь юу хийж сууна вэ? гэж асуулаа.

- Зүгээр зүгээр гэж төвөгшөөсөн шинжтэй гараа савчиж байна.

- Таны бие сайн уу?

- Зүгээр зүгээр... хмм, тамхи байна уу?

- Би ямар тамхи татах биш...

- Хэдэн ном зарах гээд л...

- Юун ном бэ?

- Зүгээр л... Байдаг л номууд...

Номуудыг нь гүйлгэн харав. Ховор сонин сайхан номууд ч байна. 20 орчим ном байх.

- Та номуудаа зарж байгаа юм уу? Яах нь вэ?

- Зүгээр зүгээр... Энэ хэдээр би одоо яах вэ дээ.

- Танайхан сайн уу?

- Сайн сайн.

Надтай ер ярих сонирхолгүй байгаа нь илэрхий, тэр ч бүү хэл намайг бушуухан яваасай гэж буй мэт байдал ч анзаарагдав. Энэ үед нэг хижээл насны хээнцэрдүү эр бид хоёрын дэргэд ирлээ. Номууд руу өнгийж харснаа хуучин цагийн шар алаг хавтастай "Шадар гурван цэрэг", хөх саарал хавтастай "Миний Дагестан", "Өлзийнарангийн өчил" гэх мэт номуудын үнийг асууж байна. Ах надаас санаа зовнисон шинжтэй хулмагнаснаа

- Нэг бүр нь 5 000 мянга гэх. Өнөөх эр хоолойгоо засаад

- 10 номыг тус бүр 3-д авая.

- Тэг тэг...

Би өөрийн мэдэлгүй,

 

- Хүүе, юу гэсэн үг вэ? Наад номууд чинь тус бүрдээ 20 мянгаар зарагддаг номууд. Та арай хямд өгөөд байгаа юм биш үү?

- Зүгээр зүгээр...

Өнөөх эр надруу зэвүүцэнгүй харснаа

- Чи өөрөө авах гээгүй л юм бол дуугүй бай гэж загнаж байна.

Тэгээд 10-аад ном бушуухан хамж тэврээд, ахын гарт хэдэн төгрөг атгуулчихаад орц руу орчихов.

- Та минь яачихав аа?

- Яах вэ дээ. Номоо л зарж амьдарч байна.

- Ном чинь дуусахаар яах гэж...

- Хмм. Яах вэ дээ. Тэр цагт тэгээд болно биз.

Би ямар нэгэн үг хэлмээр байсан боловч чухам юу хэлэхээ мэдэхээ байчихав. Тэгээд байрны мөнгө болон охин, хүү хоёрын утасны төлбөрт авч гарсан 100 гаруй мянган төгрөгөө гаргаж ирээд ахын гарт атгуулав. Надруу харж байна.

- Зүгээр та энийг авч бай. Би таны энэ номуудыг чинь аваад явлаа. Та дараа хэрэг болохоороо буцаагаад аваарай. Миний утсыг та мэднэ шүү дээ.

Ахын царай хувьсхийн барайж, илэрхий уурласан шинжтэй өнөөх мөнгийг маань надруу буцаан сарвайв.

- Энэ чиний хэрэг биш...

- Юу гэсэн үг вэ?

- Ах нь чамайг ойлгож байна. Гэхдээ энэ чиний хэрэг биш.

- Яагаад миний хэрэг биш гэж. Би таны номуудыг худалдан авч байна.

Ах хүү миний хамаж авсан номуудыг буцааж авах гэж оролдов. Би гарыг нь дараад,

- За ах минь, би бас юу хийхээ мэдэе. Танайд хамт очие.

- Үгүй үгүй, тийм юм байхгүй.

- Юу гэж байгаа юм.

- За за, чи наад хэдээ ав, ах нь нэг дээр нь гарын үг бичээд өгөе.

Би 10-аад номоос нь нэгийг сугалан өгөв.

Энэ үед өнөөх түрүүчийн ном хямдхан авдаг эр буцаж ирээд дэргэд минь зогсон бид хоёрыг, ялангуяа надруу сэжигтэйгээр харна.

- Чи номын наймаа эрхэлдэг үү?

- Тийм.

 

- Тэгж л таарна гээд бах нь ханасан янзтай зэвүүнээр мушийв.

Гэнэтхэн миний уур хорсол гозолзоод ирэх нь тэр.

- Номын наймаачин байхаар яадаг юм?

- Муу хөгийн амьтан, тэгж л таарна. Тэгээд өөрөө хямдхан авах гээд л...

 

Түүний тэр хорон үгэнд хариу өгөхсөн гэсэн хүсэл хичнээн их байсан ч би юу ч хэлж чадсангүй. Дэмий л амаа ангалзуулав. Өнөөх эр "Хнн" гэж хамраа дугарган, ярвайснаа буцаад орц руугаа орчихов. Зүрхээр ёг хийж байна.

 

Ах тохойноос татаж хөшөөнөөс минь гаргаад, үгээ биччихсэн номоо надад өгөв. Тэгээд,

 

- За ах нь явлаа гэж хэлчихээд эргэн алхав. Би түүнийг байшингийн булан тойртол харж зогслоо. Хэзээ ямагт цэх сайхан алхдагсан. Харин одоо бөгтийгөөд, өцийгөөд хэрэг алга. Нэг пөөдийсөн саарал куртка өмсчихөж... Нэг их бархирмаар, орилмоор болж байна.

 

Орой гэртээ сэтгэл их хөндүүр ирлээ. Тэгээд өнөөх номуудаа нэг бүрчлэн үзэв. Ном бүрийнх нь хуудсанд ахын гараараа нямбайлан тэмдэглэсэн тэмдэглэлүүд байх аж. Нэг номын зах дээрх үг их содон. "Сайн сайханд итгэж яваа цагт хүн мөхөхгүй"... Ахын төвөгшөөсөн, надаас зовсон ч юм шиг хулмагнасан дүр төрх нь харагдана. Дөлгөөн сайхан харцтай хүнсэн, уг нь. Их өрөвч, зөөлөн хүнсэн. Ганц охинтойсон. Тэр нь хүнтэй суугаад гадагшаа гарсан байсан. Буурал үс нь хийссээр булан тойрсон нь харагдав.

 

Надад үг бичиж өгсөн номыг нь дэлгэв.

Тэнд ингэж бичсэн байх.

"Миний дүү тэсч үзээрэй. Энэ орчлон галзуу шүү"...

 

Б.Номинчимэд