Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улс төрд ХҮН-ын дарга болсон ч дотроо даргаа хүлээн зөвшөөрөхгүй байснаар С.Ганбаатар намгүй болох шахсан. Тэрбээр намынхаа нөхдөд үнэнч үлдэж, бие даан нэр дэвших хүсэлт гаргаагүй байна. Гэвч ХҮН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон. Энэ нь С.Ганбаатарт шинээр улс төрийн сонголт хийхээс өөр зам үлдээсэнгүй бололтой.

Учир нь Сонгуулийн тухай хуулиар Үндэсний аудитын газарт хуулинд заагдсан хугацаанд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүсэлт гаргаагүй хүн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших боломжгүй юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэлд нэгдэхээр ярилцаж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Яриа С.Ганбаатарын зүгээс анхлан гарсан бөгөөд тэрбээр уг эвслийг бүрдүүлж буй Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын аль алинд нь намын гишүүнээр элсэлгүй гагцхүү эвсэлд нэгдэн, "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх гэнэ.

Үүгээр нам дамжигчдын жагсаалт дууссангүй. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэхээ мэдэгдлээ. Мөн Д.Тэрбишдагва УИХ-ын сонгуульд МАХН-аас бус МАН-аас нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. Тэд намаас гарах өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өгсөн. Намын дарга болон бүлгийн гишүүдтэй санал зөрчилдөж байсан нь намаасаа гарах үндэслэл болжээ.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар 2012-05-01-ны өдөр МАН-аас гарч буйгаа мэдэгдсэнийхээ дараа МАХН-ын төв байранд очиж, МАХН-ын гишүүн болж байсан. Ингэхдээ МАХН-ын дэд даргаар Д.Тэрбишдагва, нарийн бичгийн даргаар Ч.Улаан, О.Чулуунбат нар сонгогдож байсан юм.

Нийгэмд Халаалтгүй, ордерыг нь банкны барьцаанд тавьсан "Могул скай" компанид ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ

Сүүлийн жилүүдэд орон сууцтай холбоотой гомдол тасрахаа байсан. Ихэвчлэн зураг төслийнхөө дагуу баригдаагүй улмаас гүйцэтгэл дутуу, чанаргүй, стандартын шаардлага хангаагүй зэрэг асуудлаас болж худалдан авсан иргэд хохирогч болдог. Үүнийг дорвитой шийдэж оршин суугчдыг хохиролгүй болгох, тэдний эрх ашгийг хамгаалж буй ганц ч байгууллага алга аа.

Уг нь баригдаж буй барилга, байшинг мэргэжлийн хяналтаас шалгаж хариуцлага тооцох, улсын комисст хүлээлгэж өгөх, өгөхгүйг шийддэг. Гэтэл болсон, болоогүй барилгуудын эзэд хууль зөрчин оршин суугчдаа байранд нь оруулж дараа нь тэднийг хохирсоор байна. Үүний нэг тод жишээ нь "МОГУЛ ТАУН" хотхон.

“Могул таун” хотхоныг барьсан эзэд халаалт, халуун хүйтэн ус татах хоолойныхоо хөрөнгийг нарийлсан уу, төвийн халаалт аваагүй өнөөдрийг хүргэсэн юм. Уг нь тус хотхон ашиглалтад ороод таван жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тус хотхныхон халаалтынхаа асуудлыг уурын зуухаар шийдвэрлэж, тэндээ түүхий нүүрс ашигладаг зуух барьж, хорооллынхоо 4-5 орон сууцаа халаадаг гэх. Ингэж халаасан ч нэг айлын өрөөний дулааны хэм 14-16 хэмээс дээш явдаггүй. Үүний улмаас нэмэлт халаалт хэрэглэдэг гэдгийг оршин суугчид онцлов.

Оршин суугч н.Амар “Төвийн халаалалттай бүх зүйлийг шийдсэн гэж маш гоё зураг төсөл үзүүлж захиалгаа авсан. Иргэдийн зүгээс төлбөр тооцооны асуудал байхгүй. Гэтэл компанийн зүгээс дулаанд холбох асуудлыг анхнаасаа шийдээгүй. 1а, 1б байрнуудын ордер нь хүртэл байхгүй” гэлээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Увсын АН-ын дэд дарга Хяргас сумын 90 жилийн ойгоор мөнгө завшсан нь тогтоогдож байжээ

Өнгөрсөн жил тохиосон Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадмын хандивыг тус аймгийн АН-ын дэд дарга Т.Эрдэнэбат өөрийн үүсгэн байгуулсан Төрийн бус байгууллагынхаа дансаар дамжуулан захиран зарцуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр ингэхдээ тайлангаа зөрүүтэй тавьж, зарим мөнгийг өөр тийш нь шилжүүлэн будилуулж, улстөрийн албан тушаалаараа тус дэм хүргэх сонирхолтой ойрын хүрээний компаниудаасаа ашиг сонирхолын зөрчлөөр хандив цуглуулсан байж болзошгүй байгаа юм.

Хамгийн ойрын жишээ гэхэд л С.Цэгмид захиралтай Увсын “Нарлаг төв” 90 жилийн ойд 3 сая төгрөг хандивласан байна. Хамгийн гол нь аймгийн усан спорт цогцолбор барихаар төсөвт өртөг нь суучихсан байсан талбайд хувийн орон сууцны барилга барих гэж байсан компани нь энэ байгаа учир нэлээд хардлага төрүүлж буй.

Гэхдээ өнгөрсөн сард тус компанийг барилгын ажлаа эхлүүлэх гэж байхад нь спортод элэгтэй хэсэг залуус гэр барин эсэргүүцэл илэрхийлж, цуглаан зохион байгуулснаар барилгын ажлыг түр хойшлуулсан байгаа. Мэдээж Увс аймгийн удирдлагууд АН-ынхнаас бүрддэг учир энэхүү газрыг авах нь хандив өгч нүхээ малтсан тэдэнд тийм ч хэцүү байгаагүй биз ээ.

Мөн үүнээс гадна Т.Эрдэнэбат гэгч нь Увс аймгийн Хяргас сумын 90 жилийн ойн хандивыг мөн дур мэдэн цуглуулж, захиран зарцуулж байжээ. Ингэхдээ Ж.Батмөнх агсаны хөшөөний гадна хашлагын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хашааг нь Photoshop-оор зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хандиваас мөнгө завшсан нь илэрч, завшсан мөнгөө буцаан төлж байсан гашуун түүхтэй юм байна. Мөн Хяргас сумын орон нутгийн давсан орлого, сум хөгжүүлэх сангийн 151755401 гэх данснаас удаа дараа мөнгө хүртэхийг санаархаж байсан талаар “Увсын амьдрал” сонин дээр бичигдэж байгаад тухайн үед чимээгүй болсон байдаг.

Цуврал нийтлэлийн үргэлжлэлийг эндээс уншина уу

Эдийн засаг: “Оюу толгой” ордын гүний уурхайн төслийг эцэслэн баталлаа

 

Оюу толгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн баталлаа.

 

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг компанийн хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” компани 5.3 тэрбум ам.доллараар баталсан байна. Улмаар “Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, төслийг эцэслэн баталлаа.

Төслийг ийнхүү баталсныг тэмдэглэж өнөөдөр Өмнөговь аймаг дахь Оюу толгой төслийн талбайд "Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа" арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон бусад төлөөлөгчид оролцов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэхүү хөрөнгө оруулалт манай түншүүд “Оюу толгой” болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж буйг тод илэрхийлж байгаа юм. Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг мөн харуулж байна. Ингэснээр дараа дараачийн хөрөнгө оруулалтыг татахад түлхэц болж, Монголын эдийн засгийг бэхжүүлнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр монголчууд бид бахархах ёстой, учир нь бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” хэмээн цохон тэмдэглэв.

Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак “Рио Тинто Групп, Монгол Улсын хоорондын түншлэл нэгэн арван жилийг туулжээ. Бидний хамтдаа барьж байгуулсан дэлхийн хэмжээний бөгөөд аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн уурхайн цогцолбор нь гурван жилийн турш зэсийн баяжмал амжилттай олборлож, экспортолж ирлээ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь “Оюу толгой”-н баялгийн 80 хувийг эргэлтэнд оруулж, тус уурхайг зэсийн салбарт дэлхийн хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм.

“Оюу толгой” цаашид ч өргөжиж, хөгжих боломжтой. Өнөөдрийн барьж байгуулсан дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн, хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсад олон арван жилийн турш арвин үр өгөөж хүртээх болно. Энэ бол харилцан ашигтай, урт хугацааны түншлэл юм” гэж тэмдэглэв.

 

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Оюу толгойгоор овоглодог хүн бүрт түүхэн өдөр тохиож байна. Хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч дотоод, гадаадын түншүүд, хамгийн гол нь манай хамт олны шургуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэл өнөөдрийн үр дүнд хүргэсэн юм. “Оюу толгой”-н гүний уурхайн төслийг баталснаар энэхүү ордын гол үүцийг эргэлтэнд оруулж, Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд томоохон оролцогч болох эхлэлийг тавьж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж буй гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь эдүгээ олборлолт явуулж буй ил уурхайн зэсийн агуулгаас 3 дахин өндөр буюу дунджаар 1.66 хувь байх юм.

Гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд ингэснээр “Оюу толгой” компани жилд 500,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэнэ. Тус компани одоогоор жилд 175,000-200,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барина. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлснээр “Оюу толгой” нь дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Спорт: Г.Болдбаатар гавьяат Бакугийн ”Их дуулга”-д түрүүлэв

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 76 орны 448 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар түрүүлж, чансааны 500 оноог авав.

Тэрбээр Ливан, ОХУ, Их Британи, Узбекстан, Японы бөхчүүдийг ялж, аваргалсан юм. Финалд тэрээр өсвөр, залуучуудын дэлхийн аварга Японы Рюүжү Нагаямаг торгуулиар хожлоо. Энэ жинд барилдсан Д.Амартүвшин шагналт V байр эзлэв. Мөн эмэгтэй 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медаль хүртсэн юм. Манай баг тамирчид эхний өдөр Япон, Испанийн багийн дараа гуравдугаар байр эзлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа