Улс орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны тавдугаар сарын 7-ны энэ өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг цэрэг татлагын явцтай танилцлаа. Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нарын албаныхан ажиллав.
Баянзүрх дүүргийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 53 дугаар сургууль дээр болж байна. Сургуулийн гадаа зарлан дуудах хуудсаа барьсан залуус эгнэн дугаарлаж байлаа. Тэдний заримынх нь ар гэрийнхэн халуун савтай хоол, цай барьчихаад зогсох нь хүүгээ, дүүгээ цэргийн албанд тэнцээд явах байх гэж найдсаны илрэл. Хөвгүүд нь ч албандаа тэнцээд явах хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа нь илэрхий байлаа.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон залуусын хорооных нь бүртгэлээс эхлээд мэргэжлийн эмч нарын үзлэг, бичиг баримтын үзлэг, албандаа тэнцчихээд ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа үе хүртэл ажиллав. Хорооны дарга, бүртгэлийн ажилтнуудын хэлж байгаагаар зарлан дуудах хуудас сайн тарагдсан, тэр хэмжээгээр залуус сайн ирж байна гэв. Харин мэргэжлийн эмч нарын зүгээс нэлээд ярих асуудал ихтэй байв. Тухайлбал, чих хамар хоолойн эмч "Цэрэгт тэнцэхгүй байгаа залуусын багагүй хувийг энэ төрлийн өвчлөл эзэлж байна. Идээт үрэвсэл ихтэй, чих хатуурсан байна. Энэ нь доороосоо даарснаас болж хэнгэрэг нь цоорсон хэрэг. Нөгөө талаас залуус өдөр, шөнөгүй шахам чихэвчээр хөгжим сонсч байна. Энэ бол маш буруу. Чихний хатуурлын нэг шалтгаан энэ" гэв. Мөн энэ үеэр бусад мэргэжлийн эмч нарын зүгээс "Залуусын дунд бэлгийн замын өвчлөл их байх боллоо. Дотор эрхтний өвчлөл багагүй хувийг эзэлж байна, ходоод муу байна" гэцгээв. Түүчлэн гэмтэл ослоос үүдсэн мэс засалтай залуус хасагдаж байгааг дуулгасан юм.
Ц.Цолмон сайдын зүгээс цэрэг татлагын комиссынхонд, цэргийнхэнд "Өвчин эмгэгтэй биш мөртлөө амьдралын хэв маягаас үүдсэн таргалалт болон сульдаатай, хөшүүн хойрго залуус байгаа бол цэргийн албанд аль болох ав. Цэрэгт очсоны дараа аажим аажмаар чийрэгжүүлээд авах боломжтой. Энэ нь хувь хүнд ч маш хэрэгтэй" гэдгийг онцолж байсан юм. Мөн энэ үеэр Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар "Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуусыг эрүүлжүүлэх талаас цэргийн штаб, дүүргийн эмнэлгийн газрууд идэвхтэй сайн ажиллалаа. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуус өнөөдөр тэнцчихээд сууж байна. Энэ нь тэдний биеэ эмчилж хугацаат цэргийн албанд заавал явна гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой" хэмээн тодотгож байв.
Үүний дараа хугацаат цэргийн албанд тэнцчихээд хуваарилагдах ангиа сонсоод сууж байгаа залуустай уулзсан. Ц.Цолмон сайд "Эх орноо батлан хамгаалах үүргээ ухамсарлаж цэргийн албандаа мордож байгаа бүхэндээ баярлалаа. Та бүхнээр бахархаж байна. Цэргийн алба гэж ямар сайхан алба болохыг очоод мэдрэх байх. Та нар нэг жилийн дараа бие хүний төлөвшил, бие бялдарын өсөлт хөгжилтэй идэр сайхан залуус болоод халагдаж ирнэ" хэмээн талархал дэвшүүлээд, цэргийнхэнд хандаж "Хугацаат цэргүүдийг гэрийнхэнтэйгээ уулзах, болон захидал харилцааг нь байнга дэмжиж байх хэрэгтэй" гэсэн юм. Уулзалтын төгсгөлд цэргийн татлага явагдаж байгаа 53 дугаар сургуулийн удирдлагын зүгээс "Манай сургууль дээр сүүлийн таван жилийн туршид цэрэг татлага явагдаж байгаа. Бид бүхэн үүргээ ухамсарлаж, цэргийнхэндээ огт татгалздаггүй. Манай сургуулиас олон генерал, цэргийн алба хаагчид төрөн гарсан байдаг. Одоо ч тэдний үр хүүхэд суралцаж байна. Цэргийн албатай хамгийн ойрхон сургууль гэж өөрсдийгөө боддог шүү. "Хааны эрэлд" олон улсын сургуулийн үеэр хүмүүнлэгийн чиглэлээр сургууль, цэцэрлэг засварладаг шүү дээ. Энэ хүмүүнлэгийн ажлаа манай сургуульд зохион байгуулж болох уу" гэсэн хүсэлт тавихад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон судалж үзээд хариу илэрхийлэхээр болсон юм.

Цэргийн албанд тэнцсэн гурван залуугийн сэтгэгдлээс хуваалцлаа.
Б.Бат-Ирээдүй:
-Манай аав өөрөө цэргийн алба хаасан учраас намайг заавал хаа гэдгийг үргэлж захидаг. Аавынхаа захиасыг биелүүлэхийн төлөө цэргийн албанд тэнцчихээд сууж байгаадаа баяртай байна. Надад их сайхан сэтгэгдэл төрж байна. Олон сайн найз нөхөдтэй болж, эх орон хэмээх үнэт зүйлийг илүү ихээр мэдрээд ирэх байх гэж бодож байна.

Э.Мөнх-Эрдэнэ:
-Би 2013-2014 онд Зүүнбаянгийн цэргийн анги буюу Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Харин өнөөдөр гэрээт цэрэг болохоор сууж байна. Хугацаат цэргийн алба хааж байхдаа гэрээт цэрэг болно гэдгээ шийдчихсэн байсан. Цаашдаа цэргийн албанд орж ажиллах сонирхолтой байгаа.

М.Ууганбаатар:
-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдсандаа баяртай байна. Жагсаалын бэлтгэл ихтэй анги болохоор өөрийгөө маш их дайчилж хичээх хэрэгтэй. Торгон цэргүүдийг хараад "Ямар гоё юм бэ. Ингээд зогсох юмсан. Сүр хүчтэй сайхан харагдах юм" гэж боддог байлаа. Одоо харин өөрөө тэгж зогсох гэж байгаадаа итгэхгүй байна. Албаа нэр төртэй хаах болно" гэсэн юм.
Мөн энэ өдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын явцтай танилцсан. Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаныхан ажиллав.