Нийслэлчүүд 2030 онд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байна. Учир нь, улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шоо метр усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Энэ нь одоогийн байгаа усны нөөцийг байж болох бүрэн хэмжээгээр нь ашиглаж байна гэсэн үг. Тиймээс ундны усны хомсдолд орохгүйн тулд шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй гэдгийг салбарынхан нь онцолж байна.

Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр яаж усны шинэ эх үүсвэртэй болох талаараа хамгийн их анхаарах нь чухал асуудал болоод байгаа аж. Тэрчлэн одоо хэрэглэж байгаа усны хэрэглээ дэндүү үрэлгэн байгаа учраас хаана, хаанаа усаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ.

Сүүлийн жилүүдэд хамгийн их ярьж байгаа асуудал бол саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх явдал ажээ. Гэтэл энэ талаар авч хэрэгжүүлж байгаа ажил байхгүй байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.