Эдийн засгийг унагалгүйгээр инфляцитай тэмцэж байна
2013/02/25
Төв банк бодлогын хүүгээ чангалах, эдийн засгийн идэвхжилийг сааруулах нь инфляцитай тэмцэх сонгодог арга гэхэд болно. Энэ аргыг хэрэглэхэд хувийн хэвшлүүд хамгийн ихээр хохирдог.
Гэвч бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, иргэдийн бодит худалдан авах чадварыг сайжруулах шаардлагатай. Нийт хүн амынхаа эрх ашгийн төлөө хувийн хэвшлийнхнийг шаардлагатай бол золиосонд гаргахаас өөр аргагүй гэх нь бий. Тийм ч учраас инфляцийг бууруулах бодлоготой хамт эдийн засгийн өсөлтийг хангаж, хүн амаа ажилтай, орлоготой байлгана гэсэн ойлголт байдаггүй.
Нэг ёсондоо инфляци, эдийн засгийн өсөлт хоёр хоорондоо урвуу хамааралтай. Хэрвээ инфляцийг бууруулъя гэж байгаа бол эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, удаашруулахаас өөр аргагүй. Энэ нь инфляцийг бууруулах үнэ цэн юм. Үнэ цэн эдийн засаг болон улс төрөөр илэрхийлэгдэнэ. Улс төрийн хувьд мэдээж хатуу бодлого баримталсан нам дараагийн сонгуульд ялагдана. Харин эдийн засгийн хувьд мэдээж ДНБ-ий уналтаар тодорхойлогддог. Барууны зарим оронд инфляцийг нэг нэгж хувиар бууруулах үнэ цэнийг ДНБ-ний хасах таван хувиар илэрхийлсэн байх нь бий.
Манай улсын хувьд 2009 оны хямралын үед бодлогын хүүг 14 хувь хүртэл чангалсан. Үр дүнд нь эдийн засаг -1.6 хувиар буурсан байдаг. Тухайн үед 30 гаруй хувьд хүрээд байсан инфляцийг ийнхүү хатуу бодлогоор дифляци болгож байсан удаатай. Харин одоо инфляци 14 хувьтай байна. Үүнийг Монголбанкны удирдлагууд оны эцэс гэхэд найман хувьд хүргэхийг зорьсон. Гэхдээ энэ удаад бодлогын хүүг чангаруулсангүй. Эсрэгээрээ оны эхэнд 13.25 хувьтай байсан бодлогын хүүг 12.5 хувь болгож буурууллаа. Тэгсэн ч гэсэн Төв банкныхан оны эцэст инфляци найман хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Иргэд ч бас инфляци буурна гэсэн хүлээлттэй болчихсон. Инфляци буурахыг дагаад зээлийн хүү ч бас буурах учиртай. Түрүүчээсээ арилжааны банкуудад зээлийн хүүг бууруулах зориулалттай 400 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн долоон хувийн хүүртэйгээр байршуулаад байна. Энэ мөнгөөр арилжааны банкууд хүү багатай зээл олгож, эдийн засгийн идэвхжлийг хангана. Товчхондоо бол энэ удаад инфляцийг онилох бодлого урьд өмнөх жилүүдийнхээс тэс өөр хэлбэрээр хэрэгжиж эхэллээ. Эдийн засгаа хумилгүйгээр харин ч идэвхжүүлэх замаар инфляцитай тэмцэж байгаа хэлбэр гэж болох нь.
Манай улсын инфляцийн задаргаа их энгийн гэж эдийн засагчид хэлдэг. Бараг 50 орчим хувь нь махны үнээс хамааралтай. Бензин, шатахууны үнэ бас чухал. Төв банк Засгийн газартай хамтран “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, гурилын үйлдвэрүүд болон шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон. Хөнгөлөттэй зээл авсан салбарынхан үнийг тогтвортой барих үүрэг хүлээчихсэн. Оны өмнө бензиний үнэ бага зэрэг нэмэгдсэнийг эс тооцвол тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж Засгийн газар үзэж байгаа. Үүнээс гадна ачаа тээврийн саад, хоригийг Төв банкныхан Засгийн газар, “УБТЗ” зэрэг байгууллагуудтай хамтран шийдээд байна. Инфляцид нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь “Замын-Үүдийн гацаа” байсан. Хэдэн жилийн өмнө цагаан будаа Замын-Үүдийн хилийн цаана хэд хоног гацсанаас болж будааны үнэ даруй хоёр дахин нэмэгдэж байсан гашуун түүх бий. Ийм зүйл дахин гаргахгүйн тулд Замын-Үүд дэх гацааг арилгасан. Одоо ямар ч ачаа Замын-Үүдээс Улаанбаатарт 24 цагийн дотор ирж байгаа гэдгийг Төв банкныхан дуулгаж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийнхэнд “Замын-Үүдийн гацаа” гэх маш том бул чулуу байсныг ийнхүү холдууллаа. Үр дүнд нь ачаа тээврийн зардлаас үүдэлтэйгээр бий болдог инфляци арилж байна. Нөгөөтэйгүүр бизнес жинхэнэ утгаараа ямар нэгэн саад тотгоргүйгээр хөгжих боломж бүрдэв. Энэ жилдээ лав Монголын эдийн засаг тун идэвхтэй байх бололтой. Тэглээ гээд инфляци өсөхгүй гээд бод доо. Зүй нь эдийн засаг идэвхжиж байгаа үед хүн амын худалдан авах чадвар сайжирч, үүнийг дагаад нийлүүлэлтээс гаралтай инфляци үүдэг. Харин Төв банк нийлүүлэлтийн саад тотгорыг арилгаснаар худалдан авалт ихэссэн ч инфляци өсөхгүй байх боломжийг бүрдүүлж буй. Үүнийг үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн “ид шид” гэж ойлгож болох юм.
Өнгөрсөн жилүүдэд инфляцид огцом нөлөөлж ирсэн бас “мангас” нь зах зээлийн шударга бус өрсөлдөөн байсан. Үүнийг зохицуулахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх байгууллага ажилладаг ч үүргээ биелүүлж байсныг санахгүй юм. Өмнөх дарга О.Мандах нь ямар сайндаа л нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгож байх вэ дээ. Харин шинээр томилогдсон О.Магнай дарга тэс өөрөөр ажиллаж, энэ байгууллагыг “амь оруулсан”. Иргэд ч шударга өрсөлдөөнийг хуулийн хүрээнд бий болгож болдог гэсэн итгэлтэй болжээ. Зохиомлоор, үгсэн хуйвалдан үнэ нэмж, эдийн засагт “шок” үүсгэдэг байдал одоо л арилж байх шиг байна. Нэг өглөө сэрэхэд бензиний үнэ 30 хувиар нэмэгддэг зүйл дахин давтагдахгүй нь бололтой.
Яах аргагүй шинэ бодлого. Монголын эдийн засагт одоо ямар нэгэн зохиомол эрэлт /бэлэн мөнгөний тараалт/ бий болохгүй. Түүнчлэн нийлүүлэлтийн гаралтай ямар нэгэн “шок” үүсэхгүй, бизнесүүдэд хямд эх үүсвэртэй мөнгө олдох боломж нь бүрдэнэ. Үүнтэй зэрэгцээд шударгаар өрсөлдөх боломж хуулийн дагуу хүн бүрт эрх тэгш нээгдэх нь. Товчилж хэлбэл, Монголын эдийн засагт байсан бүхий л саад тотгор, гажиг арилж байна. Үүнийг дагаад инфляци буурах нь цаг хугацааны л асуудал болж байна. Ингэхэд урьд өмнөх Засгийн газар, Төв банк яагаад ийм бодлого хэрэгжүүлээгүй юм бол гэдэг нь бас сонин. Ийм боломжтой гэдгийг мэдээгүй биш мэдэж л байсан байх. Бодвол инфляцийг бууруулах үнэ цэн нь улс төрийн хувьд хэтэрхий өндөр байсан юм байлгүй дээ.
Л.Энхдэлгэр