Шударга л байцгаая л даа хэмээн сурталчилан сонгуульдсан ерөнхийлөгч маань өнөөдөр шударга байж чадав уу. Хүн хэлж байгаа үг шигээ л байх хэрэгтэй. Шударга байя гэж зорьж л байгаа бол шударга л байх нь зүйн хэрэг.

Гэвч манай ерөнхийлөгчийн марзан зан энд л харагддаг юм. Нүд нь гялалзаж ирээд л худлаа хэлээд ирэхээрээ ёстой гацахгүй нь сайхан даа. Угийн уран цэцэн үгтэйн дээр ичиж сураагүй хүн чинь хамаагүй ярьдаг юм байна лээ. Үүнийг ерөнхийлөгчөөсөө хардаг юм.

 
Сүүлийн дөрвөн жил яасан ч их хошгируулав даа биднийгээ та минь. Сайхан сайхан зүйл яриад л түүнд нь мань мэт хөөрөн баярлаж байсныг яана. Ард түмэнтэйгээ ойрхон байж авлигачдыг цээрлүүлж улс орондоо шударга ёсыг тогтооно гэж ирээд л яриад яриад л байсан. Энэнээс сайхан үг гэж байха уу даа. Одоо дараагийн ээлжит сонгууль хаяанд ирчихлээ. Ярьсан зүйлс нь сайхан байсаан. Гэвч хамгийн гол нь бүгд биелэгдсэнгүй. Ард түмэнтэйгээ ойрхон байна гээд байсан ерөнхийлөгч маань өнгөрсөн дөрвөн жил ч олон ч улсаар хэслээ, олон ч газар амарлаа. Саяхан өмнөд суданд очиж тосгоны сургуулийг өөрийн нэрэмжит болгон сонгуулийн сурталчилгаа хийв.
 
Шударга ёс тогтооно гээд л давхиад байсан ч манай нийгэмд улам л шударга ёс алдагдлаа. Өнөөдрийн энэ их хурал, засгийн газар бол авлигал, хээл хахуулаар бүрэлдэн тогтож байгааг ард түмэн хараад сууж байна. Ардчилсан намын үйлдэл бүр шударга харин бусад нь бүгд шударга бус гэж үү. Үүнийгээ тэгээд шударга ёс гээд байгаа юм уу? АТГ гэж нэг газар байна аа. Авлигалтай тэмцээд байгаа юм уу эсвэл АН-ын дайснуудтай тэмцээд байна уу? Одоо бүр эргэлзэхэд хүрлээ. Хулгайчийг хүртэл намчирхаж, хуваагаад байдаг энэ янзын байгууллага ерөөсөө Ц.Элбэгдоржийн захиалгаар ажиллаад байна уу гэж хардагдаад байх юм. АТГ-ын дарга нарын томилгооч анхнаасаа ерөнхийлөгчийн оролцоотой томилогдсон гэдгийг бас бүгд мэдэж байгаа. Тиймээс тэд одоо Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгох сурталчилгааг л хийж байх шиг. АТГ олон хүн баривчлан шалгах бүр Ц.Элбэгдоржийн нэр гарна хэмээн тооцоолсон байх шиг.
 
Сүүлийн үед авлига, хээл хахууль, мөнгө идэж уусан хэргээр олон олон жараахайнуудыг шүүрдэж байна. Гэхдээ хамгийн гайхалтай нь тэр жараахайнууд нь дандаа МАН-ынх байгаа байхгүй юу? МАН болохоор дүүрэн хулгайчтай, АН болохоор эх орончтой юм шиг байна. Одоо Монголын олигархиуд хууль надад үйлчлэхгүй. Би чинь хамгаалалттай хүн шүү дээ хэмээн тарвалзаж суугаадаа. Манай ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, шоронд хийчихээд л авлига буурчихлаа одоо удахгүй Монгол авлигагүй болчихно хэмээн хөөрч байгаа хүнийг тэнэг хүн гэх үү. Манай ерөнхийлөгчийн марзан мэдэгдлүүд амьдрал дээр ганц нь ч биелэгдэхгүй байна. Авлигачид Монголын төрд улам л бугшсаар байна.
 
УИХ, ЗГ бол дүүрэн олигархиудтай. Тэд өнөөдөр ярьдаг ганц л сэдэвтэй бөгөөд тэр “нүүрс”. Монголын нүүрсийг яаж их хэмжээгээр хятадуудад зарах вэ гэдгээ л ярилцаж, мөнгийг нь толгойдоо бодон сууна. Нүүрс, нүүрс, нүүрснээс өөр юм ярихаа больсон эрх баригчидтай улс хэзээ хөгжих вэ дээ. Одоо тэд төмөр зам хятад руу тавьж аваад монголын баялгийг бүгдийг нь ховх сорохийг төлөвлөөд ажилдаа орж байна. Тэр төмөр зам муу ёрын зам байх болно. Ц.Элбэгдоржид ард түмэн их итгэж байсан. Гэвч ард түмнээ хошгируулаад, олигархиудтай ил далд хуйвалдаад алга боллоо. Үнэхээр л шударга ёсыг тогтоое гэсэн бол толгой авлигачдыг эхлээд шүүх байсан. Түүнд эрх мэдэл байна. Гэвч үүнийг тэр хүссэнгүй. Мэдээж хавар хүртэл АТГ жижиг жараахайнуудыг баривчиллаа, хорьлоо гэсэн мэдээнүүдийг цацах байх. Сонгуулийн дараа бүгдийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгоод л өнгөрнө биз дээ.
 
АТГ өнөөдөр Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны “агент” болжээ.