Монголын үндэсний олон нийтийн радио телевиз албан ёсны  вэб сайтны нээлт өнөөдөр боллоо.  МҮОНРТ-ийн MNB.mn вэбсайт нь 2013 оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн туршилтын хэлбэрээр ажиллаж эхэлсэн бөгөөд  Үндэсний их баяр наадмын үеэр ҮЗЭХ, СОНСОХ, ХАРАХ хэлбэрээр үзэгч түмэндээ мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулан ажиллаж, туршилтын эхний таван хоногтоо 50.000 орчим хандалтыг цуглуулж чадсан байна.

МҮОНРТ-ийн MNB.mn вэбсайтаас та ажил албандаа түүртээд сонсож амжаагүй ХУРД агентлагийн мэдээг аудио хэлбэрээр дахин СОНСОХ-оос  гадна MN агентлагийн “Цагийн хүрд”-ийг ҮЗЭХ  хэлбэрээр хүлээн авах бүрэн боломжтой юм.  Ингээд сайт нээгдсэнтэй холбоотойгоор  МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяраас тодруулга авснаа хүргэе.

МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр: Өнөөдөр бид МҮОНРТ-ийн мэдээ мэдээллийн MNB.MN сайтаа албан ёсоор нээж байна. Сайтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 дугаар сараас анх эхэлж баяр наадмын үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт шууд хүргэж байсан.  Хэдийгээр МҮОНРТ өөрийнхөө бүх сувгаар шууд дамжуулж байсан ч, тэрхүү бичлэгүүдийг мөн сайтад шууд байршуулан дамжуулсан. Тиймээс энэ түргэн шуурхай байдлаа алдахгүйгээр өнөөдрийн хүртэл туршилтаар явж байсан MNB.MN сайтаа албан ёсоор нээж байна.  Манай сайт нь МҮОНРТ-ийн дэргэдэх албан ёсны сайт учраас мэдээ мэдээллийн хувьд архив сан баазын хувьд маш сайн баялаг бүтээлтэй. Түүнчлэн Монгол Улсаа төлөөлөн олон улсад ажиллах учраас нэр хүнд, хариуцлагын хувьд ч мэдээ мэдээллийн түргэн шуурхай байдлын хувьд ч нилээн өндөр хэмжээнд ID-гаа хийсэн. Тиймээс энэ талын боловсон хүчнийг маш өндөр шалгуураар сонгон авсан. Тэр ч утгаараа мэргэжлийн сайн сайт гарч ирлээ гэж харж байгаа.  Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 500 гаруй сайтууд, тэр дотроо телевизийн дэргэд ажилладаг 20 гаруй сайтуудын эгнээнд MNB.MN сайт нэгдэж орлоо.   Эцэст нь хэлэхэд сошиел медиагийн салбарыг хамтдаа хөгжүүлэхийн төлөө бусад салбаруудыг уриалахын зэрэгцээ амжилт хүсье.

Редактор Э.Болортулга: Цахим зах зээл манай улсад хөгжөөд удаагүй ч энэ зах зээлийн нэг хэсэг болж  албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Цахим сайт бүр өөрийн гэсэн онцлогтой байхыг хичээдэг. Манай сайт бол МҮОНРТ-ийн статустай цорын ганц сайт. Хоёрт, бид МҮОНРТ-ийн алтан сан хөмрөг, эргэлтийн сан, өдөр тутмын мэдээ мэдээлэл, шилдэг нэвтрүүлгүүдийг сайтандаа албан ёсоор тавьдаг нь бидний давуу тал.  Манай mnb.mn сайт нь үздэг, уншдаг, сонсдог хэлбэрийн сайт. Өөрөөр хэлбэл бид нэг мэдээг гурван хэлбэрээр таашаан болгоож болох нь ээ. Жишээлбэл би нэг мэдээг уншингаа дүрсийг нь үзээд сонсож болох нь.  Энэ бол хүний хэрэгцээ, олон сонголтоос аль нь амар хялбар байна вэ? Тэр хэрэгцээг нь л бид цахим орон зайгаар хүргэхийг бид зорьж байгаа. Цаашид ч бид энэ хэлбэрээр ажиллана.  Үүнээс гадна олон нийтэд хэрэгтэй, хүртээмжтэй байх бүхнийг бид  санаж, сэдэж хийхээр төлөвлөсөн .  Төлөвлөсөн зүйл ч их байгаа. Бид үнэн бодиттой, баримттай, шуурхай мэдээллийг  цаг алдалгүй  олон нийтэд түгээх болно.

Тус сайтын  долоо хоногийн шинээр хандалт үүсэх тоо 100-120 мянгад тогтмол байгаа ажээ.  Гүүглэ аналистик үзүүлэлтээр 2000 гаруй сайтаас 119-т бичигдэж, гурван сарын хугацааанд үнэмлэхүй амжилтыг тус сайтын хамт олон тогтоогоод байгаа юм.

MNB.mn вэбсайт нь улстөр, нийгэм, эдийн засаг, уул уурхай, дэлхийд, байгаль орчин, энтертайнмент гэсэн үндсэн долоон категоритой . Мөн  радио, телевиз, архив, спорт, чөлөөт цаг, цаг агаар зэрэг дэд сайтууд байршдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд минут, секунтээр өрсөлдөж буй энэ цаг үед  та тус сайтад зочилсноор цаг үеийн мэдээ мэдээллийг хамгийн үнэн бодит тэнцвэртэй байдлаар ҮЗЭХ, ХАРАХ, СОНСОХ  гэсэн гурван хэлбэрээр авч болох юм. Түүнчлэн цаг үеийн мэдээ мэдээллийг ХАРАХ хэлбэрээр MNB.mn вэбсайтаас  хором бүр унших боломжтой.

MNB.mn вэбсайтын дэд сайтууд болох ЧӨЛӨӨТ ЦАГ  категороос ухаалаг ертөнц, шинэ технологи, уран зохиол, гэр бүл, эрүүл мэнд, танин мэдэхүй, шар мэдээ гэсэн дэд категоруудад үсэрснээр энэ төрлийн мэдээ мэдээлүүдээр аялана.

Мөн та MNB.mn вэбсайтын баруун доод хэсэгт байрлах СЭТГҮҮЛЧДИЙН НИЙТЛЭЛ хэсгээр зочлохоо бүү мартаарай. Энэхүү буланд MNB.mn вэбсайтын сэтгүүлчид болоод МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн  цаг үеийн асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлэн, дүн шинжилгээ хийсэн  нийтлэлүүд байршдаг юм.  

Цахим ертөнцөд шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн MNB.mn сайтаар зочлоорой.  

Ингээд тус сайтын нээлтийн ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.






























































































































А.Баярмаа