Бүгд Найрамдах Турк Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг 2016 оны 3 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд, ноён Али Нажи Кору хүлээн авч уулзаж, Монгол, Туркийн харилцаа болон хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлэх чиглэлээр Турк улсаас туршлага судалж, хамтран ажиллах сонирхолтой байгааг нотлов.

Уулзалтын дараагаар талууд Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав.

Турк Улс цахим визийн системийг 2013 оны 4 дүгээр сард нэвтрүүлснээс хойш өнөөг хүртэл 11 сая цахим виз олгосон бөгөөд өдөрт дунджаар 30-35 мянган гадаадын иргэн тус улсад зорчих визийг цахим хэлбэрээр авдаг байна.

Туркийн Гадаад хэргийн яам 2013 оны 12 дугаар сараас эхлэн “Туркийн гадаад хэргийн архивыг цахимжуулах нь” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Туркийн Гадаад хэргийн төв архивт 1919 оноос өнөөг хүртэлх цаг хугацаанд хамрагдах нийт 110742 хавтаст 65 сая хуудас материал хадгалагдаж байгаа аж. 2016 оны эцэс гэхэд эдгээр бүх материалыг цахим хэлбэрт шилжүүлж, олон нийтэд хүртээмжтэй болгох бөгөөд туркийн тал уг төслийн хүрээнд олж авсан туршлага, мэдлэгээ монголын талтай хуваалцах боломжтойг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Истанбул хот дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон Монгол, Туркийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс оролцов.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Туркийн Анадолу мэдээллийн агентлагт Монгол, Туркийн харилцааны талаар ярилцлага өгөв.