Монгол-Британийн ээлжит 12 дугаар Дугуй ширээний уулзалт боллоо
2016/03/13
Монгол-Британийн ээлжит 12 дугаар Дугуй ширээний уулзалт 2016 оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо боллоо. Энэ удаагийн уулзалтад манай талаас Монгол-Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн ахлагч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Дипломат албаны
тэргүүн С.МакДоналд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Британийн улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн энэ үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Д.Камеронд илгээж буй албан захидлыг айлын талд гардуулсны зэрэгцээ Монгол Улсын байнга төвийг сахих тухай санаачлага, 2016 оны 7 дугаар сард болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж Британийн талын сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Мөн өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид ИБУИНВУ-ын Парламент дахь Британи-Монголын Парламентын бүлгийн дэд дарга Лорд П.Боунэсс, Ерөнхий сайд Д.Камероны Ажлын албаны “GREAT” кампанит ажлын асуудал эрхэлсэн захирал К.Бөрдтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.