Хахууль авсан цагдаа нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ
2013/09/30
Бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд эхэлсэн. Шүүх хурал долоон цаг үргэлжилсний эцэст дөнгөж сая завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо.
Шүүх хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцож байгаа юм.
Шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж.
Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээр хасаж, хорих ялаар шийтгэх юм.
Эл хэргийг шүүх хурал өмнө нь товлогдож байсан ч нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан.