“Үдийн цай” гэсэн сүржин нэртэй, даржин хөтөлбөрийн оронд нэг ч гэсэн сургууль барьж байвал нийгэмд хэрэгтэй байж уу даа гэх бодол хааяа нэг төрөх юм. Гэвч төдийгөөс өдийг хүртэл хэл ам таталсан үдийн цай хөтөлбөр үлгэн салган хэрэгжсээр л явна. Үнэндээ хүүхдэд маань “үдийн цай” гээд өгч байгаа өнгө оруулсан чихэртэй ус, ганц ширхэг боовыг хараад болиул болно гэх бодол төрдгийг нуух юун. Гэвч зарим нэгэн завгүй ажилтай, өдөр хүүхэддээ хоол цай хийж өгч идүүлж амждаггүй эцэг эхчүүдийн хувьд “Үдийн цай” хөтөлбөр таалагдаж буй.

Тиймээс нэгэнт л улсаас мөнгө зарцуулж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, хяналт шалгалтаа сайн тавьж, дундаас нь хумсалдаг байдлыг таслан зогсоовол сайнсан. Хэрвээ үүнийгээ таслан зогсоож чадахгүйгээр хүүхдүүдийг чанаргүй, хүүхдийн нүд хуурсан бүтээгдэхүүнээр хангаад байх юм бол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ болиулж, харин үдийн цайнд зарцуулж байгаа их хэмжээний мөнгөө нэг ч гэсэн сургууль цэцэрлэг барихад зарцуулсан дээр биш үү хэмээн мунхаглах юм.

“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээсээ хойш багагүй хэл ам дагуулж, шударга бус үйлдэл, но-той, ноц-той үйлдлүүдийг хэвлэлээр баримттайгаар дэлгэж байсан. Үүний нэгэн жишээ бол “Өвөрхангай сонин”-ий эрхлэгчээр ажиллаж байсан Б.Жавзансүрэнгийн  тус сонины 2007 оны No 11-р /4-р сар/ дугаарт “Боловсролын дарга, хотын мэр нар Үдийн цай хөтөлбөрийг эзэрхийлжээ”, “Нийгмийн толь” сонинд “Өвөрхангайн дарга нар үдийн цайгаар хувийн унаагаа сэлгэжээ” нийтлэлүүд юм. Уг нийтлэлээр “...аймаг, сумын тодорхой албан тушаалтнууд Үдийн цай хөтөлбөрийг албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрсдөө хэрэгжүүлж байгаа... ” талаар бичсэн байдаг. Эдгээр сонинд уг нийтлэл гарсны дараа 2008.01.20- нд Арвайхээр сумын засаг дарга Т.Гончигдорж нэр төрөө сэргээлгэх, мэдээ тараагдсан хэлбэрээр залруулга гаргахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаар Б.Жавзансүрэнг хариуцагчаар татсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудад зааснаар Б.Жавзансүрэн хариуцагч болох үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч өөрийн нэр төр гутаагдсан эсэхийг нотолж чадаагүй байтал Анхан шатны шүүх /2008.3.20/ нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх /2008.4.30/ шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Дахин хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд Шүүхийн хуралдаанаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин тухайн үед но-гоо хэвлэлээр бичүүлж байсан эрхмүүд өнөөдөр “Үдийн цай”-гаа зөсөөр л байгаа гэдгийг зарим хүмүүс хэлж байна. Харин сэтгүүлч өөрийгөө эрсдэлд оруулан байж асуудал дэвшүүлсэнийхээ хүчинд “үдийн цай”-нд тавигдах чанар нь арай л дээрдсэн гэдгийг тухайн үедээ ярьж байсныг тодхон санаж байна. Тухайн үедээ шүүмжлэлд өртөж байсан Арвайхээрийн засаг дарга асан Т.Гончигдорж одоо ИТХ-ын нарийн бичгийн дарга болсон гэж байгаа. Д.Мөнхжаргалын хувьд аймгийнхаа Боловсрол, соёлын газрын даргаараа ажиллаж байгаа юм билээ. Мэдээж хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхэд л ашиг хонжоо бодож байсан нөхөд өдийг хүртэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулиудын үдийн цайг зөөж байна гэдэг бол ашигтай л байгаан шинж биз.

Үнэндээ олон нийтэд зарлагдсан нь дээрх жишээ болохоос ямар компани, хэн гэдэг хүн, аль сургуулийн ямар дарга нь хөтөлбөрөөс хумсалж байгааг мэдэх юм алга. Ямартай ч хүүхдүүд аюулгүй, эрүүл, элчлэг сайтай хүнсээр хангахдах ёстойг энд сануулъя.

2011 онд “Үдийн цай” хөтөлбөрт аудитийн шалгалт хийж дүгнэлт гаргасан байдаг. “Үдийн цай” хөтөлбөрт 2006 оны сүүлиийн хагас жилд 1-2, 2007 онд 1-4, 2008 оноос 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байна.

“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжсэнээр ахиц дэвшил гарсан эсэх талаар багш нараас авсан санал асуулга авахад санал асуулгад оролцсон 3 багшийн нэг нь үдийн цай хөтөлбөр хэрэгжсэнээр хичээлийн ирц сайжирсан, 4 багшийн нэг нь орлого багатай өрхийн төсөвт мэдэгдэхүйц дэм болж байгаа, 5 багшийн нэг нь сургууль завсардалт буурахад нөлөөлсөн, харин 10 багшийн нэг нь хичээлийн идэвхи, сурлагын чанар дээшлэхэд тодорхой нөлөөтэй байгаа гэж хариулсан байна.

Харин дээрх асуудалд эцэг эхчүүдийн 51.3 хувь нь буюу 2 эцэг эх тутмын нэг нь үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчдын сурах идэвхи, хичээлийн ирцэд ахиц гарсантай санал нийлж  байгаа  гэсэн бол 3.5 хувь нь санал нийлэхгүй гэж хариулжээ. Харин 45.2 хувь нь цаашид сайжруулах асуудлууд тодорхой хэмжээгээр байгаа гэсэн санал өгсөн байна.

АУДИТ-ийн шалгалтын үеэр эцэг эхчүүд “Үдийн цай” хөтөлбөрийг цаашид саажруулж, өргөжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг тавьсан байдаг. Гэхдээ энэ бол хоёр жилийн өмнө уг хөтөлбөрт хийж байсан “аудит”-ыг шалгалтын үеэр зарим нэгэн эцэг эхчүүдээс авсан судалгаа юм. Харин өнөөдөр эцэг эхчүүд арай л өөр бодолтой байна. Өнгөрсөн жил “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийхэд “бүдэрч” байсан. Тэгэхээр “Үдийн цай” хөтөлбөр чанаргүй, хүүхдүүдэд амин дэм өгөхгүй байгааг харуулж байгаа юм.

 Тиймээс одоо Боловсролын сайд Л.Гантөмөр “Үдийн цай” хөтөлбөрийг цаашид улам сайжруулах, хүүхдийн эрүүл мэндэд тустай, амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүнээр хангах асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүсье. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжсэн нэртэй хүүхдүүдийг  энэ янзаараа ус, хөөсөн боовоор хангаад байх юм бол болиулсан дээр гэдгийг ахин дахин хэлэх байна. Тэгэхгүй бол улс орны минь ирээдүй болсон бяцхан иргэдийг хэн нэгэн баяжиж, хөлжихийн хинээтэн ус, гурилаар нүдийг нь хуурч байна. Хэрвээ хөтөлбөр энэ байдлаараа цааш үргэлжилж, нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийж байсан дор бол нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг барьж, гэртээ цоожтой, доголон нулимстай хоцорч буй хүүхдүүдэд боловсролтой болгосон  дээр биз ээ.

Н.Чинзориг

 

Дээрх хоёр ширхэг боовыг үдийн цайнд өгсөн тохиолдолд уух юм өгдөггүй юм билээ.