Монголын төр тоглоом биш
2013/10/01
Өчигдөрхөн фэйсбүүкэд нэгэн хэрэглэгчийн тавьсан “Далай лам уйлж байна” гэх бичлэг олон мянган уншигчдад хүрч, тэд өөр өөрсдийн ойлгож ухаарснаар энэхүү бичлэгт сэтгэгдэл бичжээ. Хоёрхон том намын хэдхэн том дарга, УИХ-ын гишүүдийн зугаа болсон Монгол төр, Монголын ард түмнийхээ төлөө тэд хамгийн их санаа тавьж, харамсч байгаагаа цахим хуудаснаа уудалсан байв. Энэхүү бичлэгийг тавьсан хэрэглэгч “Миний туг, миний туг... гээд эх нутгийнхаа далбааг биеэрээ хамгаалан үсдүүлэн зодуулж байгаа тэр эмэгтэйг харцгаа.
Цохих болгонд нь бууж өгөхгүй гэж эсэргүүцэн гараа өргөж байгаа тэр залууг харцгаа. Яаж ч чадахгүй байгаадаа цөхрөн уйлсан Далай багшийг харцгаа. Тусгаар тогтнол... Энэ үгийг чи дотроо хэлээд үз. Энэ хоёрхон үгийг Өвөрмонгол, Буриад, Түвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Күрд хүн бүр дотроо санагалзан хүсэн зүүдэлж мөрөөдөж явдаг. Түүний төлөө энэ хорвоо дээр ганцхан олдох нандин амиа хүртэл зориулж байна. Гэтэл Монгол Улс АН, МАН гэсэн хэсэгхэн хүмүүсээс болж тусгаар тогнолоо бодитоор алдаж эхэлснийг гадныхан хүртэл байнга хэлж бичдэг болсон” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Нээрээ ч өр өвдөж, зүрх зүсэгдэм тэр бичлэгийг үзэж суухдаа бид ямар ч азтай хүмүүс вэ гэж бодсоныг нуух юун. Өнөө маргаашгүй ийм тавилан угтах юм биш биз гэж эмээхдээ “АН, МАН гэх талцсан хэсэг нөхдөөс болж өнөөдөр бид тусгаар тогтнолоо өдөр өдрөөр алдсаар байна” гэх бичлэгийг тараасан хэрэглэгчийн үг нэг зүйлийг бодогдуулав. Нээрээ ч бид эрх баригч, эсрэг талд нь зогсох сөрөг хүчин гэх хоёр том намын албан тушаал горилсон, авах идэхийн донтонгуудаас болж өдрөөс өдөрт үндэсний аюулгүй байдлаа алдаж, гадныхны гар хөл бологсдод улсаа худалдаж байгаагаа өнөө хүртэл анзаарахгүй явж ирлээ. Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан Монгол орны төр засаг, түмэн олон нь хэсэг бүлэг нөхдийн тоглоом, аль нэг эрх мэдэлтний өдрийн хоолондоо тавьж “туудаг” хоолны мөнгөөр арилжаалагддаг болоод удлаа. Төрт уламжлалаа уландаа гишгэсэн парламентын гишүүдэд эгэл иргэд нь сонгууль дөхөхөөр сайхан санагдахаас бусдаар бол үнэндээ “утсан хүүхэлдэй” мэт харагддаг болсон. Улстөрчид гэх гоё үгээр далдалсан эдгээр 76 эрхэм Монголын төр, Монголын ард түмнээр наадаж байна. Үүнд их холын жишээ ч хэрэггүй. Хэтэрхий том ярьж, баримтаар нотлох гэж оролдох шаардлага ч үнэндээ алга. Хамгийн ойрын жишээг яръя л даа. Өнгөрөгч хоёр долоо хоногт улс орны эдийн засаг хэцүүдлээ гэх шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарласан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал уг нь эдийн засгийн таагүй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх байсан.
Гэсэн ч уул уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг олонхи нь оруулж ирэн хэлэлцэж, МАН гэх сөрөг хүчин хэлэлцэх асуудал байгаа оносонгүй хэмээн баахан жүжиг тавьж харагдав. Үнэндээ хэлэлцэх асуудал нь байгаа оноогүй л юм бол МАН-д завсарлага авах эрх нь байсан ч хэрэгтэй, хэрэггүй асуудал ярьж, хэрэлдэж суусаар 14 хоногийг өнгөрүүлж байгаа нь тоглоом биш гэж битгий л хэлж үзээрэй.
Цаашлаад улстөрчид аливаа асуудлыг өөрийнхөө нэр хүнд, намынхаа эрх ашгийн үүднээс дүгнэн харж зөв байсан ч буруу гэж ярьдаг жишээг дурьдвал цаг ч хүрэхгүй, цаас ч багадна. Хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө хуулийн төслийг зориуд мушгин гуйвуулах, бусдыг хардаж, гүтгэх байдлаар ярьдгийг ч олон баримтаар нотолж болно. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал байсан ч амбийц хөөсөн эрхмүүд амныхаа зоргоор чалчиж, өнөөх нь олонд ил болсны дараа огцруулах, хариуцлага тооцох асуудал ярьж байгаа жишээг надаар хэлүүлэх юун. Хил дамнан мөнгө угаасан хэрэгт холбогдох, эхнэр хүүхдийнхээ дансанд иргэдийн татварын мөнгийг нуух, ард түмний итгэлийг хүлээж төрд суусан атлаа хутга шөвөг, салаавч, нударгандаа хүрч Төрийн ордныг тулааны дэвжээ болгож байгаа нь Монгол төрийг доромжилж байгаа хэрэг мөн биз дээ. АН-ынхан олонхи гэдгээрээ эрдэж ямар ч асуудлыг хүч түрэх, эсвэл өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэтээр тайлбарладаг болсон.
Харин Ардын намынхан болж байгааг нь ч үгүйсгэж, их л мундаг хүмүүс болж харагдах гэж хөмсөг зангидан зовлон тоочиж “хошин” жүжиг тоглодог. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой саарал ордонд хоёр намын гишүүдийн гол дүр бүтээсэн эмгэнэлт инээдмийн жүжиг тавигддаг болохоос жинхэнэ төрийн үйл ажиллагаа хэзээ ч явагдаж байсангүй, цаашдаа ч хэвийн явагдана гэдэгт итгэлгүй байна. Нэг ёсондоо АН, МАН гэх энэ хоёр нам Монголын төрөөр тоглож дууслаа. Эгэл иргэд бид эрхэм гишүүдийн гарын үзүүрт бөнжигнөх “утсан хүүхэлдэй”, харин эх орон, тусгаар тогтнол минь дураа хүрвэл хэрэглэдэг, дургүйгээ хүрвэл худалдаж, хаядаг лангууны бараа шиг зүйл болсон. Хэсэгхэн монголчуудаа намаар хуваан талцуулж, хэвлэл мэдээллийг ч өөрсдийнхөө хүслээр байлгах гэж зүтгэдэг энэ хоёр том намын “адын хүсэл” хэзээ дуусгавар болохыг мэдэхгүй. Бусдаас арай дөнгүүр сэтгэж, эх орон, элгэн садныхаа төлөө шударгаар тэмцэж, дуугарсан нэгийгээ хэн ч биш болтол нь дарж, эсвэл албан тушаалаар амыг нь хаадаг цөвүүн цаг хэн гэгч эрх мэдэлтэн гарч ирэхэд дуусгавар болох вэ.
Миний туг, миний туг хэмээн элгэндээ наагаад зодуулж байгаа эмэгтэйчүүд одоогоор миний эх оронд алга. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амьдаараа галд шатаж байгаа эрчүүдийг бид хараагүй байна. Энэлэн шаналж байгаа эгэл түмнийхээ төлөө юу ч хийж чадахгүйдээ харуусан уйлж суугаа төр, засгийн тэргүүний гашуун түүх биднээс холуур өнгөрч байна. Гэвч Монголын тусгаар тогтнол, Монголын төрт ёсыг уландаа гишгэлж, удаан тогловол үзээгүйгээ үзэж, үйлээ эдлэхгүй гэх баталгаа алга. Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ. Төрөөрөө тоглохоо больж, одооноос жаахан ухамсартай, ул суурьтай сэтгэнэ байгаа, гишүүд ээ.