Уншигчддаа энэ долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр: Сайд нараа томилж, дэд сайдтай болгосон парламентынхан ажлаа эхлээгүй л байна. Дөнгөж ажлаа хүлээж аваад удаагүй байгаа сайдын талаар таагүй мэдээлэл цацагдах нь тэр. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайд болохоосоо нэг хоногийн өмнө хувийн эмнэлгээ заржээ нийтлэл Өглөөний сонины хуудаснаа хэвлэгдэв.


-Захирал сайд болсон учраас одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа-

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал асан А.Цогцэцэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн сарын 28-ны өдөр томилсон. Эл эмэгтэйг тус салбарын сайдаар томилогдоход олон нийт хийгээд салбарынхан нь таатай хүлээж аваагүй ч тэрбээр ар тал томтой гэдгээ батлан харуулж АТГ-аас үйлдэж өгдөг албан бичгийг ногоон гэрлээр өвөртлөн шууд л сайдын албанд томилогдсон билээ. Ийн хэлэхийн учир нь үнэхээр А.Цогцэцэг Эрүүл мэндийн яамны сайдаар томилогдоход ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байсан гэж үү хэмээн олон нийт ихэд гайхан хүлээж авсныг нуух юун.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг 10 гаруй жил даргалахдаа тэрбээр хувьдаа “ALERGY MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван давхар объект бүхий эмнэлгийг улсын эмнэлгийнхээ хажуугаар давхар удирдаж ирсэн хүн. Гэхдээ АТГ-аас А.Цогцэцэгийн нэр дээр эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд байхгүй гэж үзэв.
Сайдад томилогдохтой холбоотойгоор АТГ-аас түүний талаар “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Эдгээр лавлагаагаар 2016 оны долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй. Компани нь өөрийнх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоогүй бол тухайн албанд томилогдогдоход болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд эмнэлгийн компанитай байж байгаад томилогдох юм бол энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн байв. Тэгвэл АТГ-ын албан бичигт дурдснаар бол А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй гэх тодорхойлолт нь хачирхал төрүүлж буй юм.
Тэгвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “ХИД-2” дэлгүүрийн чанх урд нь “ALERGY MED” нэртэй арьс, харшлын эмнэлгийг цогцоор нь үүсгэн байгуулж нөхрийнхөө нэрээр эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулж байсан. Түүнчлэн Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувиллын газартай гээд түүнд сайдад томилогдохоос ч өмнө албан тушаалтны хувьд ашиг сонирхлын зөрчил байсан гэдгийг эдгээр нь харуулаад өгч буй юм.

“ALERGY MED” эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал нь түр хариуцаж байгаа

Ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн сайдын тушаалд томилогдож чадаагүй Ж.Цолмон, А.Цогцэцэг хоёр юугаараа ялгаатай, юугаараа ижил юм бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Яагаад АТГ-аас Ж.Цолмонг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн бэ? Түүнийг “Эм, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниа өнгөрсөн тавдугаар сард охин Маралгуадаа шилжүүлсэн ч өөрөө сайд болсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсч болно” хэмээн үзсэн юм. Ж.Цолмон 2005 онд компаниа үүсгэн байгуулж 2014 онд охиндоо компаниа шилжүүлсэн байхад түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэв. Гэтэл улсын эмнэлгийг удирдан ажиллаж байхдаа хувьдаа яг ижил төстэй үйлчилгээ бүхий эмнэлгийг ажиллуулж ирсэн А.Цогцэцэгийг яагаад өмнө нь ч, мөн сайд болсныхоо дараа ч ашиг сонирхлын зөрчил бүхий гэж тодорхойлоогүй юм бол гэдэг асуулт эндээс урган гарна. Бидний олж авсан мэдээллээр А.Цогцэцэг нь сайд болохынхоо нэг хоногийн өмнө 10 давхар хувийн эмнэлгээ бусдад худалдаж сайд болох замаа засчээ. Өндөр зэрэглэлтэй хувийн эмнэлэг хэдэн саяаас давсан үнээр зарагдана гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Сайдад нэр дэвших чимээ сонссоноос хойш томилгоо хийгдэх хооронд ганцхан хоногийн хугацаанд дээрх эмнэлэг ийм хурдан хугацаанд зарагдах уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байгаа юм. Ингээд бид тус эмнэлгийг зорьж зарим нэгэн зүйлийг асууж лавлахад ажилтнууд нь “Цогоо захирал сайд болсон учраас одоогоор эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

АӨСҮТ-ийг тэргүүлж байсан хэрнээ ижил төрлийн эмнэлгийг нээсэн

Энэ хариулт А.Цогцэцэг эмнэлгээ зарсан биш хэн нэгэнд түр зуур хариуцуулан үлдээсэн болохыг харуулаад ч байх шиг. Хэрвээ зарсан нь үнэн бол тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаас болгоомжилж эмнэлгээ ах дүүгийнхээ хэн нэгэнд биш танил талдаа зарсан болж тус суудалд суусан байх. Гэхдээ энэ хувийн өмч нь өөрөө Арьсны өвчин судлалын үндэсний төвийг тэргүүлж байсан хэрнээ яг ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг байгуулсан нь түүнийг сайд болохоосоо өмнө ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн байсан гэдгийг нотолж байгаа юм. Эрүүл мэндийн яамны бүхий л эрх мэдлийг гартаа атгачихаад буй А.Цогцэцэг сайдын тушаалаар эмнэлгүүдийн тусгай зөвшөөрөл олгох, эм ханган нийлүүлэх, эмийн сан ажилуулах, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, үйлдвэрлэх, эмч нарын эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл олгох гээд олон шийдвэрүүд гарна. Энэ мэт эрх мэдэл сайд А.Цогцэцэгт илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байхад түүнийг яагаад сайд болгосон бэ. А.Цогцэцэг сайд АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу тусгасан байгаа бол. Ийм асуултууд хариу нэхэж байгаа учраас дээрх зүйлийн үнэн худлыг тодруулахаар түүний 9911.... дугаарын утас руу холбогдож мөн мессежээр лавлахыг оролдсон ч тэрбээр хариу өгөөгүй юм. Бид дараагийн дугаартаа А.Цогцэцэг сайдын гэр бүлийн эзэмшлийнх гэх 10 давхар хувийн барилга бүхи “ALERGY MED” нэртэй арьсны эмнэлгийг ганцхан хоногийн дотор хэн гэгч этгээд хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ гэдгийг тодруулан хүргэх болно.

Дэд сайд, агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 10 өдрийн хуралдаанаар гурван яамны дэд сайд, зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Дэд сайд болон агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийн танилцуулгыг хүргэж байна.

 

 

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз хур” ХХК-ийн захирал, 2005-2010 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2016 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Улсад 20 жил ажиллаж байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Эрдэнэт хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1978 онд, Орос хэлний багшийн дээд сургуулийг 1983 онд, Москвагийн орос хэлний багшийн дээд сургууль 1987 онд, МУИС-ийг 2001 онд Удирдлагын академийг 2005 онд төгссөн. Түүнчлэн Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Ж.Сауле нь 1983-1996 онд нийслэлийн 57 дугаар сургуульд багш, 2002-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагч, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос Монгол Ардын намын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 23 жил ажиллаж байна.

Үргэлжлүүлэн эндээс танилцана уу

 

Ийнхүү ажлаа аваад удаагүй байгаа нэгний "но" илэрч эхлэхэд нөгөө хэсэг нь хариуцлаггүй мэдэгдэл хийв.

Монгол банк & Сангийн сайдын "мэдэгдлийн гор"

Манай улсын эдийн засаг гүн хямралд орсон гэж Сангийн сайд Чойжилсүрэн олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хэд хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар нуулгүй хэлж орхисон

. Уг мэдэээллийн дараагийн өдрөөс ам.долларын ханш хөөрөгдөж эрчээ аваад буй. Түүний энэхүү болчимгүй мэдэгдлээс болж ханш хяналтаас гарч мэднэ. Учир нь олзыг тосож аваад алт болгохоо мэдэх нөхдүүд бол "ченж"-үүд. Тэд үүнийг сонсоод дуулчихсан л байгаа.

Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр манай улсын төсвийн алдагдал 1 их наядыг хол давчихлаа. Сангийн сайд мөн л нуулгүй бүгдийг хэлчихье л гэж шийдсэн бололтой. Гэтэл энэ нь аюулын харанга дэлдчихэв.

Тэгвэл энэ талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Монголбанкны Ерөнхийлөгч мэргэжлийн бус улс төрийн мэдэгдэл хийсэн. Дэлхийн аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Түүний хэлсэн үгнээс эдийн засагт үүсэх үр дагавар маш их. Эдийн засаг савлаж, доргиж болно. Гэтэл зохиомол валютын хомсдлыг бий болгох мэдэгдэл хийсэн нь туйлын харамсалтай.

Монголбанк 6 жилээр, Сангийн яам сайдаа 4 жилээр томилдог нь бодлогын хувьд бие биенээ хянах төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг атал Монголбанкны ерөнхийлөгч улстөрч шиг мэдээлэл хийчихлээ. Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн Ерөнхий сайд болзошгүй алдагдлыг -5.1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Учир нь өнөөдөр зайлшгүй төлөх төсөв дээр суусан өр төлбөрийн тухай ярихаас биш дараа жил 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг энд оруулж ирээд, ингэж томоор хүмүүсийг цочроож болохгүй. Энэ бол маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн З.Энхболд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг үгүйсгэв. Тэрбээр "Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад ор. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг 1 их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн ЕС Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ" гэв.

Нийгэм: Төрийн алба хаагчид цалингаа нэмүүлэх эрхтэй, хувийн хэвшлийнхэн цаашаа

Эдийн засгийн хямрал арилахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэнтээ өслөө. Тэгвэл иргэдийн гар дээрээ авдаг хэд нь үл нэмэгдэв.

 

Цалингаас цалингийн хооронд амьдарч буй ард түмэн хоногийн хоолоо арайхийж залгуулж байгаа нь олонхи. Харин энэ сарын 08-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэл цалин нэмэхийг Засгийн газраас шаардлаа. Тодруулбал, Тус хорооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өмнөх Засгийн газрын үед Монголын үйлдвэрчний холбоо, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр”-ийг баталсан. Харамсалтай нь цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн чиглэлээр тодорхой хуулиудыг батлах хүлээсэн үүрэг хүлээсэн байсан ч биелүүлж чадалгүй сонгуультай золгосон. Тиймээс “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна” хэмээн онцолсон юм.

Ганцхан төрийн албан хаагчдын цалинг л нэмэх юм бол хувийн хэвшилд ажилладаг хүмүүс яах болж байна. Манайд нэг буруу тогтолцоо тогтоод удаж буйг хэн хүнгүй анзаарсан биз. Улсад л ажиллаж байгаа бол түүний цалинг нэмнэ. Хүүхдийг нь үнэгүй цэцэрлэгт хамруулна.

Гэтэл ажилгүй, орлогогүй дэмий гараа хумиад суухыг хүсээгүй иргэд хувийн хэвшилд ажилладаг тэд ч бас хүн. Адилхан л цалингаас цалингийн хооронд ажиллаж яваа улс. Ажлын цагаасаа хором ч хоцорч болохгүй. Сарын сүүлд авдаг хэдийнх нь тал нь байхгүй болсон байх учраас тэд өвдөх ч эрхгүй. Тэгэхээр төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй байна. Мэдээж төрийн алба хаагчдын цалинг улсаас даах нь ойлгомжтой. Тэгвэл хувийн хэвшлийнхэний бага цалинтай ажилчдынхаа цалинг нэмэхийг шаардаж яагаад болохгүй гэж. Хуулиндаа энэ хувийн компаниудын ажилчдын цалин, халамж, нийгмийн даатгалыг талаар чангатгах хэрэгтэй байна. Ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалыг нь хасаад авчихсан байж нийгмийн даатгалдаа төлөөгүй өртэй компаниуд олон. Тухайлбал, Японоос машин оруулж ирж худалдаалдаг мөн авто оношилгоо хийж засварладаг томоохон компани сүүлийн жил гаруй ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй аж. Хэн нэгний нэр төрд халдахыг хүсээгүй учраас компанийн нэрийг дурдсангүй. Хамгийн гол нь ийм нэгэн буруу тогтолцоо Монголд тогтчихоод удаж байна. Ажилчдаа боддоггүй, хөдөлмөрийн гэрээнд л заасан үүргээ хүлээнэ гэсэн заалтаар өөрсдийгөө тахалдаг. Гэтэл тэрхүү гэрээндээ байгууллага ажилтны нийгмийн даатгалыг төлөөгүй бол ямар үүрэг хүлээх талаар огт тусгаагүй байдаг. Жишээлбэл, жирэмсэн ажилтан дикритний мөнгөө бодуулж авах гэтэл нийгмийн даатгалаа төлөөгүй улмаас авах ёстой тэтгэмжээ авч чадахгүйд хүрлээ. Ийм нөхцөлд яах уу? шүүхээр явна. Олон хоног бөөн асуудал үүснэ. Ингэсээр байтал нөгөө ажилтан хүүхдээ төрүүлнэ дахиад төрсний дараах дикритний мөнгөний асуудал сөхөгдөж эхэлнэ. Хариуцлагагүй байгууллага, компаний улмаас иргэд л хохирч байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Ингэж "АЗ нь ГИЙНЭ" гэж байх уу?

Өнөөдрийг хүртэл иргэд сугалаатай баримтаа бүртгүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжилтийн буянаар хэсэг хүмүүсийн "АЗ, ОД" гийсээр явна.

 

2016 он солигдож эхний өдрөөс л НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн нүүрийг үзэж буй. Гэтэл олныг шуугиулан байж эхлүүлсэн сугалаатай баримт гэгчийн ид шид тийм ч таатай бус.

Тодруулбал, олон жижиг бизнес эрхлэгчдийн наймааг боомжилж, хэдэнтээ хэл ам дагуулсан. Тухайлбал, жижиг дэлгүүр ажиллуулж өрхийн амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийг заавал сугалаатай баримт хэвлэдэг кассын машинаар үйлчил гэсэн дарамт үүсгэсэн юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед зарим иргэд талхыг хувааж авдаг талаар өвөлжингөө л ярьсан. Ургамлын тос, давс, гурилаа килограммаар биш граммаар худалдан авдаг. Будааг ширхэгээр нь тоолж авах нь л холгүй байна.

Гэтэл мөнөөх сугалаа гэгчээс болоод хэсэгтээ худалдан авагч нар жижиг дэлгүүрүүдээс баримт нэхэж барьц алдуулсан. Зарим дэлгүүр нь үүдээ барихгүй нь тулд хэдэн сарын орлогоороо кассын машин авсан гэж байгаа. Нөгөө хэсэг нь авч чадахгүй л яваагаа учирласаар. Харин энд нэг зүйлийг онцлоход, сугалааны баримт өгч байгаа бүх дэлгүүр, супермаркетууд бараа болгонд НӨАТ- нэмэгдчихсэн байгааг дуулгая. Сугалаатай баримт олгохгүй байгаа дэлгүүр, ТҮЦ НӨАТ-гүйгээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулж буй.

Ер нь тэгээд өнөөдрийг хүртэл "АЗ" нь гийхгүй яваа улс тэр баримттай баримтгүй болох л биз дээ. Үнэ нь нэмэгдсэн бараа авлаа гээд ядаж 20 мянган төгрөгийг ганц ч удаа болов хожиж байгаа биш. Тухайлбал, Супер маркетаас жижиг хар талх худалдаж авахад 850-900 төгрөгийн үнэтэйгээр авч байна. Харин НӨАТ ороогүй үнэ нь 800 төгрөг. Мөн Золотая зайрмаг 1045 төгрөгөөр худалдаж авахад НӨАТ ороогүй дүн нь 940 төгрөг. Нүүдэл банш 400гр 3499 төгрөг НӨАТ-гүй 3180. Ингээд бодохоор дор хаяж нэг бараа бүтээгдэхүүнд бид 100-200 төгрөг илүү төлж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

“Доён” Болдыг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэлээ

2016.06.17-ны Туул голын эрэг дээр “Доён” хочит Болд гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20-30 гаруй удаа буудаж танхайрсан байна.

Иргэдийн мэдээллээр ХУД-ийн цагдаагийнхан Б гэгч этгээдийг барьж шалгасан боловч архидан согтуурч, галт зэвсэг хэрэглэн танхайрсан этгээдийг эрүүлжүүлэх нь битгий хэл барьж, саатуулалгүй гаргаж явуулан, энэ мэдээллийг олон нийтээс нууцалсан талаар бид өмнө нь “Хотод буун дуу гарлаа” гарчигтайгаар мэдээлж байсан.

Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж “Доён” Болдыг саатуулсан байна. Тодруулбал энэ хэргийг шалгаж байх хугацаанд Болд нь оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй байсан. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 06-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан сэжигтнээр татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагааг хийж байна. Уг хэргийн хамтран үйлдсэн гэх эмэгтэйг батлан даалтад өгөн гадуур шалгаж байгаа гэнэ.

Одоогоор “Доён” Болдод Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Эрүүгийн хуулийн 181 танхайрах гэсэн зүйл бөгөөд 181.2 нь хүндэрүүлсэн нөхцөл юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Эдийн засаг: Нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өсч буй долларын ханш сүүлийн өдрүүдэд огцом өслөө. Өдөрт 5-10 төгрөгөөр нэмэгдэж буй.

 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 2152.07 төгрөг байна.

Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцлээ. Ийнхүү огцом өсөлтөд Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байна. Ямар ч улс орон гадаад валютын нөөцөө олон нийтэд мэдээлдэггүй. Гэвч үүнийг мэдэхгүй ам алдсан уу эсвэл хэтэрхий ил тод байх гээд алдаа гаргасан уу. Ямартай ч Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол хазаарлаж чадахгүй байдалд хүрэх вий.