Монгол улсын эдийн засаг шалдаа буусан гэхэд буруутахгүй. Гадны хөрөнгө оруулалт, төсвийн алдагдал, гадаад валютын өсөлт гээд байж болох бүхий л муу зүйлийн цаг хэдийнээ эхэлчихсэн яваа. Гэтэл шинэ он гарахтай зэрэгцэн гаднаас авсан бондын өрийнхөө хүүг төлж эхэлнэ.

Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Энэ цаг үед Олон Улсын Валютын Сангийн “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал ид яригдаж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь гишүүн орнууддаа олгодог санхүүгийн хямралаас гаргах зорилготой, санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг юм. Тэгвэл манай улсад хэр өгөөжөө өгөх вэ? Хоёр жилийн өмнө уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар яриа гарахад "хэрэггүй" хэмээн үзэж байсан бол өдгөө хамгийн хэрэгтэй нь болсон бололтой.

Үүнээсээ болж Ерөнхий сайд зардал танаж, татвараа нэмэхээс өөр аргагүйд хүрсэн шийдэлд хүрээд буй. Учир нь “стэнд бай”-д орохын нэг сул тал нь энэ. Өөрөөр хэлбэл, ард түмний нуруун дээр тун хүнд ачааг үүрүүлнэ гэсэн үг. Харин зээл өгч буй талынхан улсын төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд эдгээр татвараа нэм, зардлаа ингэж хас хэмээн тулгах эрхтэй юм. Хэдий МАН иргэдийнхээ ачааг нэмэгдүүлэхгүй сайхан амьдруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй гарч ирсэн ч бүгд хэрэгжих боломжгүй бололтой. Түүнийгээ хэрэгжүүлэх юм бол стэнд бай”-д хамрагдаж үл чадна.

Эдийн засагчид ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Эдийн засагч Б.Соёлмаа "Эдийн засаг хямарна гэдгийг анхааруулсаар ирсэн. Тиймээс өнгөрснөөсөө сургамж авах ёстой. 2009 онд эдийн засаг хямарсан ч энэ удаагийнх шиг байгаагүй гэж боддог. Гэтэл дөрвөн жилийн дараа дахин хямарч байна гэдэг нь алдаанаасаа суралцахгүй байна гэсэн үг. Энэ нь мөчлөг дагасан бодлогын үр дүн гэдгийг эдийн засагчид сануулсаар байсан. Өнөөдрийн олсон орлогодоо хэт дулдуйдан гаргасан зардлынхаа пянг даахгүй унаж байгаа нь энэ. Одоо бид юу хийх ёстой вэ гэвэл мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой" гэв.

Ийнхүү манай улсын эдийн засгийг аврах ганц гарц нь “стэнд бай”-д хамрагдах болжээ. Харин хэр өгөөжөө өгөх бол... Эдийн засагчид Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан хэмээн дүгнэдэг. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улсуудын эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө буурсан дүгнэлт гарсан гэдэг. ОУВС-гийн оролцоо тухайн улсын дотооддоо хуулиа дээдлэх дэг журмыг алдагдуулж, ардчилалд сөргөөр нөлөөлдөг ажээ.

 

Х.Даваа