Удаан хугацаанд үргэлжилсэн Сирийн дайныг газар дээрээс нь сурвалжлахаар эх орноосоо мордсон Ийгл телевизийн сэтгүүлч, ОУ-ын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар өнгөрсөн сарын 12-нд Сири улсыг зорьж 29-нд нь эх орондоо эргэн ирсэн. Харин тэд ирсэн даруйдаа ажлаасаа халагджээ. Энэ талаараа сэтгүүлч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар албан ёсны мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ-1

Юуны өмнө Фэйсбүк сүлжээнд дэх найзууддаа энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд та хэдийгээ сайн сууж байсан гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд ийн бичиж буй нь сүүлийн үед болж өнгөрсөн зарим зүйлүүдэд албан ёсоор тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой юм. Зураглаач А.Билгүүн, сэтгүүлч Х.Уламбаяр нар нь 2013 оны 9 дүгээр сарын 12-29-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсад газар дээрээс нь сурвалжлага хийхээр явсан билээ. 

        Бидний үндсэн зорилго Сирийн Иргэний дайн тэр дундаа тус улсад чухам юу болж буй талаарх мэдээ, мэдээллийг Монголчуудад хүргэх байсан. Хэдийгээр бид Туркт 30 хоногийн визгүй зорчих эрхтэй байсан ч цааш Сирид нэвтрэх визгүй байсан гэдгийг олонх нь мэдэж байгаа. Хэрвээ бид ОХУ болон БНХАУ дахь Сирийн Консулын газарт хандан виз хүссэн тохиолдолд бүтэх магадлал тун бага. Товчхондоо тэд бидэнд “үгүй” гэсэн хариу өгөх нь ойлгомжтой байсан. Мөн бидний төлвөлсөн ажил ч цаг хугацаандаа багтахааргүй байсан тул яаралтай хөдлөхөөөс өөр сонголт байгаагүй юм. 

        Бид 17 өдрийн турш Турк, Сирийн нутагт хэвлэл мэдээллийн үүргээ гүйцэтгэж, тодорхой хэмжээний мэдээ сэлтийг бэлтгэн хүргэж, тэнд юу болж буй үй явдлын талаар бага боловч мэдээллийг та бүхэнд хүргэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Турк, Сирид ажилласан дээрх хугацаанд бид хоёр 3 цаг орчмын бичлэг хийж, 200 гаруй гэрэл зураг авсан. Тэдний эхний хэсгийг “Ийгл Ньюс” телевиз болон Фэйсбүк дэх өөрсдийн хуудсаараа дамжуулан хүргэж байсан. Гэхдээ олж цуглуулсан мэдээ бүрийг онлайн орчинд дэлгээгүй гэдгийг ойлгоорой. Техникийн хувьд ч хүндрэлтэй зүйлүүд гарсан.

        Биднээс өмнө манай цөөнгүй тооны ахмад сэтгүүлч, зураглаачид тэртээ Дэлхийн II дайнаас эхлээд Афганистан, Ирак, Судан зэрэг манай гарагийн халуун цэгүүдэд ажил үүргээ амжилттай гүйцэтгэж байсан билээ. Харин бид хоёрын хувьд Монголоос анх удаа дайны бүсэд албан бусаар, ямар ч хамгаалалтгүй, өөрсдийн цэвэр эр зориг, чин сэтгэлдээ итгэж найдан ажилласан улс. Ямар ч зүйлд зүйлд үнэн гэж бий. Түүнийг хэнд ч харлуулах эрх байхгүй. Аливаа зүйлийг хийж бүтээх амаргүй. Харин шүүмжилж, муулах хялбар.

        Биднийг эх орондоо ирж амжаагүй байхад л хэсэг этгээдүүд “Энэ хоёр Турк, Сирид очоогүй, манайдаа байхгүй программ ашиглаж тэнд ажилласан мэтээр мэдээ цацлаа, бараг л Төв аймагт хонь хариулж байгаад ирсэн” ухааны зүйл ярьж, бичиж байсан гэнэ. Энэ талаар фэйсбүк, твиттерт маргаан, мэтгэлцээн өрнөсөн төдийгүй зарим нэг телевиз хүртэл бидний өмнөөс тайлбар хийж, тэд бидний толгойг эргүүлж байна гэсэн утга бүхий зүйлийг цацсан бололтой. Тэдгээр хүмүүс биднийг сүү хадаг бариад угтах “албагүй”. Гэхдээ асуудлын мөн чанарын танилгүйгээр элдвээр бичиж, ташаа мэдээлэл нэвтрүүлж байгаад эмзэглэсэн. Харин одоо бол зүгээр ээ. Байдаг л зүйл шүү дээ.

        Бидний хувьд тэр бүрийн араас хөөцөлдөн өөрсдийгөө зөвтгөн, тэднийг буруутгаж явах шаардлага бас цаг хугацаа ч байхгүй ээ. Бүгдэд 100% таалагдаж, хүлээн зөвшөөргдөнө гэдэг өөрөө сүйрлийн “дохио”. Гэхдээ ямар нэг зүйлийг арай илүү бодитойгоор харж, эрүүл ухаанаар хүлээн авч чадах хүмүүс түүнээс хавьгүй олон гэдэгт итгэлтэй байна. Бид мөн бусдаас түрүүлж халуун цэгт ажиллаа гээд хэн нэгнээс алдар хүнд гуйж, элдвийн шагнал горьдохгүй. Өнөө цагийн ямар ч залуу хүнд тодорхой хэмжэний амбиц, карьер байдаг нь нууц биш. Гэхдээ хэн болгонд амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй газар очих “эр зориг” тэр тусмаа “сэтгэлийн хат” байхгүй л болов уу. Юутай ч өнгөрсөн хугацаанд бидний төлөө санаа зовнин хүлээж байсан хүмүүс хийгээд элдвээр муулан гоочилсон хэсэгт ч гэсэн чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлье.

        Энэхүү мэдэгдэлийг бичиж байх зуур онлайн орчинд бидний талаар олон зүйл нийтэлж, дэмжигч болон эс дэмжигчдийн хооронд нэлээдгүй үзэл бодлын зөрчилдөөн гарч байгаа нь ойлгомжтой. Зарим хүмүүс Бэбэ, Улмаа хоёр айж, ичихдээ чимээгүй болж, фэйсбүк хуудсаа хааж, амьд үхсэн нь мэдэгдэхгүй болсон талаар ам уралдан бичиж байгаад бид харамсах биш харин ч “өрөвдөж” байна. А.Билгүүн бид хоёр хэдийн эх орондоо ирж, бусдын адил хотын гудамжаар алхаж, кино, тоглолт үзэж, цаашдийн уран бүтээлийнхээ талаар санал бодлоо хуваалцсаар явна.

        Мэдээж бид хоёр залуу хүмүүс учраас цаашид хийж бүтээх олон сайхан хүсэл тэмүүлэл бий. Тэр бүхнийг бодит амжилт болгохын тулд ирээдүйд улам илүү хичээх болно. Мөн бидний хийж чадсан тэр зүйлс Монголын Сэтгүүл зүйн салбарт бага боловч дэвшил, шинэчлэл авчраасай гэж хүснэ. Манай үзэгчид ч гэсэн дэлхийн нөгөө бөөрөн дээрх үйл явдлыг дотоод мэдээ шиг ээ хүлээн авч, өөрсдийнхөөрөө дүгнэдэг тэр үе хэдийн хаяанд иржээ. Эцэст нь хэлэхэд аливаа хүн өөрөө зориглоод хөдлөж чадвал бүтэхгүй зүйл огт байдаггүй гэдгийг бидний зоригт аялал “харуулсан” гэдэгт итгэж байна. 

ТИЙМ ЭЭ ТУЛАЛДААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСДЭГ ЮМ...

МЭДЭГДЭЛ-2

        Тийм ээ А.Билгүүн, Х.Уламбаяр нар нь “Ийгл Ньюс” телевизээс халагдсан. Үнэхээр болж өнгөрсөн зүйл учраас бидэнд нуугаад байх зүйл байхгүй. Харин яг хэзээнээс халагдах хүмүүсийн жагсаалтад орсон эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан та хоёрыг халах талаар яриа гарсан гэдгийг харь улсад байхдаа бусдаас сонсож байсан. Бид ч цаашид тус байгууллагад ажиллах хүсэл, сонирхол байхгүй гэдгээ ирэх зууртаа ярьж, Монголд очмогцоо өөрсдийн саналаар өргөдлөө өгөх гэж байлаа. 

        Ер нь бид “Ийгл Ньюс” телевизийн орхих нь цаг хугацааны л асуудал байсан шүү дээ. Харин ч бид хоёр энэ бүхэнд нэлээд харзнаж, тэдний байр байдлыг удаан хүлээсэн болов уу. Хамгийн гол нь биднийг халсан үндэслэл нь бодит нөхцөл байдалтай огт нийлж өгөхгүй байсан нь гайхашрал төрүүлсэн. Мөн дээрх шийдвэрээ бидний явахаас өмнө эсвэл ирсэний дараа гаргаж болох . Бид ч түүнийг нь эсэргүүцэхгүйгээр хүлээгээд авах байлаа. Харин тэд бидний эзгүйд яагаад тэгтлээ адгаж яарсаныг нь ойлгоогүй. 

Биднийг халах тухай болон халсан үндэслэлтэй 6 өдрийн дараа сонсож, танилцсан.

1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан

        Бид явах талаараа өөрсдийн байгууллагтаа урьдчилж мэдэгдсэн төдийгүй нислэгийн тийзээ шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьж байсан. Мөн явахынхаа өмнөх өдөр ч гэсэн холбогдох тушаалтанд өөрсдийн зорилгоо тайлбарлаж, хэрхэн мэдээгээ дамжуулахаа хүртэл тохирсон. Бид үүнийг харилцан ойлголцсон гэж үзсэн бол харин тэд биднийг ажлаа тасалсан гэж үзсэн нь харамсалтай. Мөн ажлаа тасалсан хүмүүсийн явуулсан мэдээллийг “Ийгл Ньюс” телевиз эхний хэдэн өдөр, олон давталттай цацаж байсан нь бүр гайхмаар. Уг нь бид ажлаа таслаад алга болсон улс шүү дээ тэднийхээр.

2. Телевизийн өмч хөрөнгө буюу тоног төхөөрөмжийг дур мэдэн авч явсан

        Мэдээж бид зөвхөн гар утсаараа зураг авч, бичлэг хийн мэдээ бэлтгэнэ гэдэг учир дутагдалтай. Дуу, дүрсний хувьд ч мөн адил эфирийн шаардлага хангахгүй. Яаж ч бодсон өмссөн хувцастайгаа яваад мэдээ бэлтгээд ирэхгүй нь ойлгомжтой байсан. Тэд биднийг телевизийнхээ хуучин камер, микрофоныг аваад гарсан гэдгийг мэдэж л байсан шүү дээ. Тэр үед нь та нарт өгөхгүй гээд хэлэхгүй яав. Сүүлд нь дур мэдэн авч гарсан гэдэг үндэслэл нэг л учир дутагдалтай мэт. Хэрвээ тэр тус камер даатгуулаагүйн дээр суманд өртсөн бол бид өнөөдөр шүүхийн өмнө зогсох байж тэднийхээр. 

3. Телевизийн нэрийг барьж бусдаас бэлэн мөнгө болон авилгал авахыг завдсан

        За энэ үндэслэл бол хамгийн аймаар хэрнээ “эмгэнэлтэй” нь. Бид тэднээс бүр асуумаар санагдаад байгаа юм. Бэбэ, Улмаа хоёр хэзээ, хаана, хэнээс телевизийнхээ “нэрийг барьж”, бэлэн мөнгө болон авилгал авахыг “оролдсон” юм бол? Гэхдээ энэ нь яаж яваад телевизийн нэртэй холбогдоод байгаан бол? Уучлаарай бид хоёр Ийглийн уран бүтээлчид байгаан хэдэн төгрөг өгөөч гуйсан удаа бий юу? Харъяалагддаг телевизээсээ нэг төгрөг авч яваагүй нь эргээд биднийг буруутгах шалтгаан болов уу? Фэйсбүкээр Сири явах хүсэлтэйгээ илэрхийлэхээр Ийглийн нэр хүнд унах уу? 

        Үнэндээ бидний тийш явахад цөөнгүй хүмүүс бага ч гэсэн туслаж дэмжсэн нь үнэн. Тэд бол бидний ойрын хүрээний хэдэн найз, ах, эгч нар байсан. Энэ Ийглд ямар ч “хамаагүй” зүйл. Түүнийг нь бусдаас бэлэн мөнгө авч, авилгал авахыг оролсон гэж үзэж байгаа бол Монголчууд бүгд АТГ руу “алхаад марш” юм байна. Хоёр ажилтнаа явахад май гээд 100 төгрөг өгөөгүй байж харин араас нь ийм хачин үндэслэл гаргаад ирсэнд ихэд цочирдов. Арай үнэмшилтэй үндэслэл "олдоогүй" юм байх даа. Дэндүү доромжилсон санагдсан. Бид тэнэг хүмүүс биш.

        Уг нь тэд биднийг Турк, Сирид ажиллах гэж буйг мэдэж байсан. Захиралыг орлож үлдсэн албан тушаалтанд хүртэл явах тухайгаа дуулгаж, юуг анхаарах талаар санал солилцсон. Хэдийгээр “Ийгл Ньюс” телевиз нислэгийн тийз, байр хоол, бусад хэрэглээний зардлыг олгоогүй боловч бид байгууллагынхаа логог энгэртээ зүүж тэнд очсон. Учир нь бид тэдэнд "итгэсэн". Энэ нь бид өөрсдийгөө хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж яваа тэр дундаа аюулгүй байдлаа хамгаалахын тулд давхар бодолцсон шийдвэр байсан. Тэр ч утгаараа эхний хэдэн өдрийн бэлтгэсэн мэдээллээ телевиздээ илгээсэн болно. Хэрвээ ингэж ар хударгаар минь аашлахыг нь мэдсэн бол явахаасаа өмнө халагдах өргөдлөө өгчих байсан юм. 

        Гэхдээ бидний хувьд хэзээ ч хоол идсэн саваа эргээд “нулимахгүй”. Биднийг халлаа гээд уйлж унжаад, өршөөл аврал эрж гүйхгүй. Бидэнтэй хамтарч ажиллах сонирхол бас хүсэлтэй телевиз, радио, сонин, сэтгүүл, сайт хэдэн арваараа бий. Юутай ч бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд өөрсдийн зохих ёсны хувь нэмрээ телевизийнхээ шинэчлэлд “оруулсан”. Өнөөдөр тус байгууллагын хэнийг нь ч буруутган, шүүмжлэх ёс зүй, зан характер бидэнд байхгүй ээ. Тэнд бидний олон сайхан найзууд ажиллаж байгаа. Мөн биднээс өмнө халагдсан хүмүүс дотор ч анд нөхдүүд минь бий. Энэ тал дээр бид хоёр харин ч нэг эр хүн шиг байж чадна шүү. Дээд удирдлагаасаа эхлээд үүдний ресепшн хүртэл бүхий л хүмүүстэй энгийн сайхан харилцаатай байж, хэн нэгэнд нь гомдож, юм бодоод үлдээгүй гэдгийг шудрагаар хэлье.

        Одоогоос яг 2 жилийн өмнө буюу “Ийгл Ньюс” телевизэд Ш. Гантулга ахаас өөр ОУ-ын тоймч байгаагүй /алба ч мөн адил/ тэр үед миний бие ТВ-9 телевизээс уригдан ирж байснаа санаж байна. Тухайн үед “Ийгл” телевиз христийн гэх тодотголоосоо салж, “Ийгл Ньюс” нэртэй мэдээгээр дагнасан суваг болж, бусад телевизүүдийн нүүр царай болсон чадварлаг залуусыг цуглуулж, өнөөгийн амжилтанд хүрсэн. Улмааг тус телевизийн Гадаад мэдээний албыг хариуцах болсноор ямар өөрчлөлт, шинэчлэлт гарсныг үзэгчид хэлээд өгнө. Мөн миний бие тэргүүлсэн хамт олноо “Оны шилдэг алба” болгож, өөрөө “Ган үзэгтэн” шагналыг МСЭ-ийн Ерөнхийлөгч Б. Галаарид гуайн гараас хүртэж байсан нь саяхан. Ямартаа ч намайг Ш. Гантулга ах болон орчуулагч-редактор охидтойгоо гар нийлэн ажиллаж байсан хугацаанд Ийглийн ОУ-ын мэдээ хамгийн хүчирхэг байсан гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу. Мөн А. Билгүүний дайны бүсэд ажилласан зоригийг энэ жилийн “Алтан шонхор”, “Болор үзэг”, “Алмааз” зэрэг телевизийн урлагийн наадамд өрсөлдүүлэх бодолтой байсан юм. Гэвч бид энэ удаа эдгээр наадамд өрсөлдөж чадахгүй байж болох ч дараа жилийнх нь хүчтэй өрсөлдөгчийнх нь нэг заавал байх болно гэдгээ “амлаж” байна.

        Эцэст нь хэлэхэд бид хэзээ ч өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшилээ хэн нэгэн эрх мэдэл, мөнгө төгрөг, арга зальтай этгээдийн өмнө худалдаж, бусдыг гэх нинжин сэтгэлээ гээж, бүгд дагах хууль дүрмийг уландаа гишгэх залуус биш. Та бүхний ихэнх нь мэдэхгүй байх л даа. А. Билгүүн зураглаач биш автын инженер, Х. Уламбаяр сэтгүүлч биш дипломат мэргэжилтэй. Гэхдээ бид хоёр ямар ч зураглаач, сэтгүүлчээс дутахгүй хариуцсан ажилдаа эзэн байж ирсэн юм шүү. Өнөөдрийн өчүүхэн шүүмжлэл бид хоёрыг улам ч хурцалж, хүрч болох тэр оргилуудын өөд зоригтой нисэх даль жигүүрийг хайрлаж байна. Хүний амьдрал баялаг хэрнээ таашгүй зүйлсээр дүүрэн. Саад бэрхшээл, ололт амжилт, сайн муу, зовлон жаргал гээд тэр бүхнийг хамтдаа туулах бид эр хүмүүс. Тийм ээ бид нар тусах эхний оргилыг харж байна. 

Амжилт хүсье. Бүх бүргэдүүддээ. Бид явлаа. Баяртай.