Сурагчдын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ
2013/10/09
БШУЯ-наас 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацааг шинэчилжээ. Тухайлбал, 1-2 ангийн хүүхдүүд энэ сарын сүүлийн долоо хоног болон ирэх сарын эхний долоо хоногт амрах юм. Харин гуравдугаар ангиас дээш ангийн хүүхдүүд нэг долоо хоног буюу ирэх сарын эхний долоо хоногт амрах аж.
Харин хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг агаарын төлөв болон Цагаан сарыг тааруулж байгаа гэнэ.
Өнгөрсөн хичээлийн жилд орон нутгийн болоод нийслэлийн хүүхдүүд зөрж амарч байсан бол энэ жил нэгдсэн журмаар амрахаар болжээ. Хоёрдугаар улиралд 1-2 дугаар ангийн сурагчид дөрвөн долоо хоног, 3-6 дугаар анги нь гурван долоо хоног зургадугаар ангиас дээш анги нь хоёр долоо хоног амрах юм байна. 1-2 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт он дөнгөж гараад буюу нэгдүгээр сарын 1-нээс эхэлж байгаа бол дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос ахлах ангийнхны амралт нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос эхэлнэ.
Гуравдугаар улиралд мөн адил 1-2 анги нь хоёр долоо хоног гуравдугаар ангиас дээш ангийнхан нь нэг долоо хоног амрахаар болсон байна.