Монголын жинхэнэ эмгэнэл Мобикомд байна. Иргэдээ хулхидахын гайхамшигт жишээ гэхэд хилсдэхгүй. Ёстой л алаад хаячихдаг газар болжээ. Луйврыг ингэж хийдэг бол ч яахав гэх, арга барагдсан бодол ч төрөх юм. Эхлээд товч санааг нь хүргье. Тэдний зарласан эсэн бусын саналыг иргэд мөнгөөрөө худалдаж авчихаад, буцаад өрөнд ороод байна гэсэн үг. Ганцхан жишээ хэлье. “Card plus” гэдэг хачин үйлчилгээ байна. Иргэдийг ихэд бухимдуулж, шүүхэд хандахад хүргэдэг эл үйлчилгээний зарчим сонин. Сарын турш сүлжээндээ 15 мянган төгрөгөөр үнэгүй ярих эрхтэй гэх занга. Түүнд нь хууртаад нэг сар чөлөөтэй ярих болоход нь 20-25 хоноод дуусчихдаг аж. Зарим заргач нэгэн очихоор улайхдаа ичих ч үгүй “Та эрхээ дууссаны дараа мессеж илгээн хоногоо гүйцээ” гэдэг юм байна. Цагаандаа гарсан луйвар гэж үүнийг л хэлэх байх даа. Мэддэггүй нэг нь тэгсхийгээд зальдуулаад өнгөрдөг биз.

Бүр хачин бас дийлдэшгүй нэг дээрэм байх. “Барьцаа” нэртэй юм уу даа. Дараа төлбөрт хэрэглэгч болохын тулд та барьцаа өгч таарах нь. Жинхнээсээ хонгон дээрээ жавтий тавиулна даа. Бүр халуун жинтүү тавиулна гэсэн үг. Таны өгсөн мөнгө хэрэглэгчийн биш компанийн дансанд ордог гэж байгаа. Дураар дургих алтан боломж гаргаж байгаа биз. Уг нь тэр хөрөнгө хувь хүний дансанд байгаад үүргээ биелүүлэхгүй бол мобиком авах, биелүүлбэл эзэндээ үлдэх ёстой. Тэгээгүйгээс сарын 10 гаруй тэрбум төгрөг Мобикомын дансанд эргэлдэх нь байна ш дээ. Түүний хүү гэхэд л сар сараар яваад өгдөг юм байгаа биз дээ. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр тэрхүү мөнгийг эргэлдүүлж, ашиг олж байгаа нь тодорхой. Хэрэглэгчид үүнийг нь мэдээд, Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгт ханджээ.

Тэд ШӨХТГ-д өгсөн байна. Энэ хоёр газар хүчин хавсарвал юу юм гэхээс ганцаараа барахгүй нь бололтой. Эхний газар Мобикомд шаардлага тавихаар эхэндээ ихэд уриалгахан хүлээж авдаг байжээ. “Алдаагаа одоохон засаад хариу өгье” гэдэг аргатай. Тэгээд таг. Асуухаар “Бид судлав. Боломжгүй юм байна”. Гүйцээ. Ийм молиго олонтаа үмхүүлсээр иржээ. Одоо л харж байя. Мобикомоос татгалзах хэрэглэгчдийн холбоо ч бий болох сурагтай. Энэ талаар, ер нь мобикомын тухай цувралаар мэдээлэх болно. Товчхондоо, Мобикомын “молиго”-ыг яах вэ, дэндлээ. Би л хувьдаа олон жилийн өмнө татгалзан, “Юнител”-д шилжсэн билээ. Хувьдаа хожжээ. Одоо бусдын төлөө ийн бичиж сууна даа. Бүгдээр тэмцвэл учиртай байх.