"Урт цагаан"-ы түрээслэгчид тэмцэнэ
2013/10/14
Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан”-ы барилга байгууламж олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл “урт цагаан”-ыг нураах шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болсон юм.
Тус барилгыг Нийслэлийн өмч гэдэг ч 1990 оноос өмнө хоршоологчдын өмч байсан бөгөөд анх байгуулагдахдаа ч улсаас нэг ч төгрөг гаргаагүй, хоршоологчдын хөрөнгөөр баригдсан ажээ.
Гэтэл сүүлийн vед 1962 онд ашиглалтад орсон хэдий ч чанарын хувьд шаардлага бүрэн хангаж буй энэ барилгыг нураах яриаг үе үе гаргаж, дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм. Гэвч цаагуураа барилгын доорх газрыг нь авахаар зарим эрх мэдэлтнүүд улайрч эхэлсэн гэх яриаг дагуулаад байна.
Нийслэлийн өмчийн газраас Урт цагааныг концессийн гэрээгээр нураах асуудал яригдаж байгаа билээ. Тиймээс түрээчлэгчид ажлын байртайгаа үлдээхийг төр засгаас хүсч байгаа аж. Иймд энд үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөр эрхлэгч 700 гаруй иргэн болон ерөнхий түрээслэгч 30 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн ажлын байраа авч үлдэхийн тулд тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож тэмцэхээр болжээ.
Түрээслэгчид нэгдэн өөрсдийн ажлын байрны төлөө нэгдэн тэмцэж, хотын дарга Э.Бат-Үүлд шаардах бичиг хүртэл илгээх аж.
Х.Даваа