Б.Ундармаа гишүүний банк “хямарч” ажилчдынхаа хуримтлалыг өгч чадахгүйд хүрсэн үү
2016/09/22
Капитал банк 800 долларын бэлэн гүйлгээ хийж дөнгөхгүй харилцагчийнхаа эрх ашгийг уландаа гишгэв
Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд хаалга барихдаа тулаад байгаа. Тэгвэл үндэсний хөрөнгө оруулалттай Монголын анхны арилжааны банк гэгдэх “Капитал” банк ч хямралын шуурганд өртөж байгаа бололтой. Тодруулбал, “Капитал” банк ажилчдаасаа сар бүр цалингийн хурамтлал нэрээр албан тушаалын зэргээс нь хамаарч 10 хүртэл хувийн суутгал авдаг ч түүнийгээ өдгөө буцаан олгохгүй байгаа төдийгүй ажилчиддаа цалингийн зээлийг дээд хэмжээгээр нь өгч чадахгүй хүнд байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Энэхүү мэдээллийг банкны эх сурвалжаас тодруулахаар “Капитал” банкны төв салбарыг зорилоо. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус салбарт хөл хөдөлгөөн багатай байсан ч нэлээд дуу чимээтэй хэрүүл маргаан болж байв. Учрыг тодруулбал тус банкаар үйлчлүүлж буй иргэн Швед улсаас шилжүүлгээр ирсэн доллараа авах гэсэн ч банкны ажилчид нь “Валют байхгүй” гэх шалтгаанаар гүйлгээ хийхгүй хэмээн чирэгдэл учруулсанд үйлчлүүлэгч нь ийнхүү бухимдаж, хэрүүл маргаан үүсгэсэн аж.
Ингээд тус иргэнээс ямар учраас мөнгөө авч чадахгүй байгааг лавлахад “Манай хүүхэд Швед улсад ажил хийдэг юм. Тэгээд тэтгэвэрт гарсан ээждээ энэ банкаар дамжуулан 800 доллар шилжүүлсэн боловч хүүгийнээ явуулсан мөнгийг авч чадахгүй болчихоод бухимдаад явж байна. Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүрэг дэх салбараас нь авах гээд очтол “Төв салбараас авахгүй бол манайд доллар байхгүй” гэсэн. Тэгэхээр нь эндээс авахаар ирсэн ч мөн л долларгүй гээд өгдөггүй. Аргаа барахдаа хадгаламж нээлгээд энд нь үлдээлээ. Хадгаламж нь бас 3 сарын хугацаатай юм байна. Уг нь нэг сараар нээлгэе гэсэн ч нээдэггүй заавал 3 сарын хугацаатай байдаг гэнээ. Тэгээд болоогүй 3 сарын дараа авахаар ирэхэд “Танай банканд доллар байна биз дээ” гээд асуухад “Мэдэхгүй байхгүй ч байж магадгүй. Хэрэв байхгүй бол өөр банк руу шилжүүлээд та тэндээс л авах байх даа” гэх юм. Үнэндээ энэ банкинд юу болоод иргэдийн шилжүүлсэн долларыг гаргаж өгч чадахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна” хэмээн нэлээд бухимдаж байв.
Мөн тус банкаар үйлчлүүлж байсан бас нэгэн иргэн мөн л ийм асуудлаар банкны ажилтантай ам зөрөлдөж байгаа нь ажиглагдав. Энэ бүгдээс “Капитал банк”-ны ажилчдын мэдээлж байсан шиг тус банк санхүүгийн хүнд байдалд орсон юм уу гэх бодол төрж байсныг энд нуух юун.
Ямартай ч бид мэдээллийн дагуу “Капитал” банкны менежер Б.Мөнхбаяртай уулзаж, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ямар учраас иргэдэд долларын гүйлгээ хийхгүй байгаа, ажилчдын цалингаас суутгуулсан мөнгийг буцаан олгохгүй байгаа учир шалтгааныг тодруулахад “Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Долларын гүйлгээг яагаад хийхгүй байгааг сайн мэдэхгүй байна. Банкны ажилчдын албан тушаалын шатлалаас нь хамаарч хуримтлалын мөнгө авдаг нь үнэн. Үүнийг банкны дотоод журмаараа зохицуулдаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэх арьсаа хамгаалсан хариултыг өгөв.
Үнэндээ банкны салбарынхан энэ мэт аргацаасан мэдээлэл өгсөөр байгаад олон мянган хэрэглэгчдээ хохироож, модоо барьсан түүх манай улсад нэг бус удаа гарч байсан. Түүнчлэн зарим банкыг хаалгаа барихад төр ард түмний мөнгөөр бүх хариуцлагыг үүрч, харилцагч нарыг нь хохиролгүй болгож байсан удаатай. Тэгвэл “Капитал банк”-ны дээрх асуудалд “Монголбанк” болоод холбогдох байгууллага нь хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлэхэд буруутахгүй болов уу.
500 мянган байнгын харилцагчтай “Капитал банк”-ны 49.991 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Тиймээс ч банкаар дамжуулдаг төрийн үйлчилгээг авч дөнгөдөг гэх мэдээлэл ч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг тус банк олгож байсан. Гэхдээ үүнийг олгох асуудалд мөн л банк, ажилчдын хооронд багагүй маргаан өрнөсөн байна. Тодруулбал хувьцааны мөнгө тараахад улс нэг иргэнд данс нээж өгөхөд банкуудад үйлчилгээний хөлс хэмээн нэг хүний есөн мянган төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тиймээс ч банкууд иргэдийн хувьцааны дансыг нээх сонирхолтой байсан билээ. Капитал банк тэдний адил ажилчиддаа нэг хүн дагуулж ирээд данс нээж өгвөл 4 мянган төгрөгийг нь өгнө гэж урамшуулал зарласан аж. Гэвч энэхүү урамшууллын мөнгөө өгөөгүй болохыг ч тус банкны ажилчид мэдээлж байгаа юм.
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр дампуурч, үүдээ барьсных нь дараа цагдаа, шүүх дээр тулж эцэст нь ард түмэн хохирч үлддэг гашуун түүхийг давтахгүй байгаасай гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ер нь Капитал банк нь ажилчид болоод харилцагчдынхаа эрх, ашгийг хохироосон талаарх мэдээлэл нэг биш удаа чих дэлсэж байсан бол энэ удаа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрсэн бололтой.
24tsag.mn
Зочин · 2016/09/23
BID EVTEI BIJIIJ ENE HYMRALIIG DAVNA SHUUU ARD IRGED MINI
SVRI · 2016/09/23
ugasa ajilchidaa shulj bj l udig hvrsen bank shdee tsalingin 10% awchad butsaj hudal shaltagaar haatsaalj luiwardaad 20 jil ungurch bna
Зочин · 2016/09/22
okay
Зочин · 2016/09/22
ajil ni saijraad sain boloh boltugai mongoliin maani buh hun bie bienee hairlaj hundelj negdeesei buh baiguullaga aj ahuin negj hul deeree bat zogsoh boltugai