Залуучууд "нам"-жирхдаггүй улс төрчдийг хүсч байна
2013/10/15
Өнөө өглөө баруун дөрвөн замын явган хүний гарцны зам дагуу нэлээн хэдэн оюутнууд нэгэн зүйл бичсэн лоозон барин зогссон байлаа. Бичсэн зүйлийг нь автобусны цонхоор уншиж чадсангүй. Ингээд талбайн урд талын автобусны буудал дээр буугаад зам гарах гээд зогсож байхад дуурь бужгийн эрдмийн театр луу өгсөх зам дагуу ахиад нөгөө лоозон барьсан оюутнууд зогсож байлаа.
Тэдний барьсан лоозонг унштал “Ард түмэн хүчирхэг намыг бус хүчирхэг монгол улсыг хүсч байна. Эв нэгдлийн хүрээнд нэгдэцгээе” гэсэн уриалга барьсан байсан юм. Яагаад ийм урилга барьж зогссож байгаа талаар нь ХААИС-ийн оюутан Д.Шаравсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Ямар учраас энэхүү уриалгыг бариад зогсож байгаа юм?
-Монголд эв нэгдэл дутагдаж байна. Бидэнд бүх зүйл бий баялаг алт, мөнгө, хүчирхэг улс төрчид байгаа боловч монголоо гэсэн сэтгэл, эв нэгдэл дутагдаж байгаа гэдэг утгаараа бид үүнийг нийгэмд урилга болгож байгаа юм.
-Төрийн бус байгууллагын тэргүүнээр нь ямар ажиллаж байна. Цаашдын зорилго?
-“Залуу монгол хүн” төрийн бус байгууллага. Би уржигдар гишүүнчлэлээр элссэн байгаа болохоор илүү мэдээллийг авч амжаагүй. “Эв нэгдэлтэй байцгаая” гэдэг уриалгыг нь дэмжээд элссэн. Би эх орныхоо цаашдын хөгжилд тус нэмэр болох байх гэж үзэж байгаа.
-Ямар асуудлаас болж эв нэгдэлгүй байна гэж үзсэн юм. Тухайлбал?
-Одоо хэт намжирхаад бүгдээрээ нам гээд байх болсон л доо. Төрийн ордонд аливаа нэг асуудлын шийдвэрийг гаргахдаа аль нэг намын хамааралтай байна. Асуудалд хувь хүний байр сууриа илэрхийлэхгүй зөвхөн намын гэдэг талаасаа хандаж байгаа нь харагддаг үүнээс үүдэн ямар нэг шийдвэрт энэ нь нөлөөлөөд байна гэж би хувийн зүгээсээ хардаг.
-Цаашдаа улс төрийн асуудлаар яваад байх юм уу?
-Энэ бол нийгэмд хандсан уриалга л даа. Намжирахгүй зөвхөн өөрсдийн байр сууриа илэрхийлж асуудалд хандая л гэсэн утгатай.
Төрийн бус байгууллага гэж иргэд,төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлдэг билээ. Залуучууд маань өөрсдийн дуу хоолойгоо ийнхүү ард түмэндээ хүргэхийг хүсчээ.
Х.Даваа