Яаж ч болохгүй залхуу энэ орчлонд яархаа мэдсэн юм бол яах гэж би эрт төрөө вэ хэмээн нэгэн цагт яруу найрагч Ринчений Чойном шүлэглэж байсан нь санаанаасаа гардаггүй бөгөөд өнөөдрийн бодит амьдралыг харахаар үнэхээр үнэн болох нь харагдах юм.

Одоо хүмүүс ч бүр залхуу болчихож дээ. Өвгөцүүл нь гэртээ телевиз үзэн хэвтэнэ, эхнэр нөхрүүд нь солонгос кино үзэцгээнэ, залуучууд нь гадуур зугаацаж залхуурна. Нийгмээрээ, улсаараа залхуураад байвал яаж сайн сайхан ирэх вэ дээ. Эсвэл сайн сайхан ирнэ гээд гараа хумхиад хүлээгээд л байвал хэзээ ч ирэхгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм уу. Эсвэл энэ талаар бодохыг хүсэхгүй байна уу?

Дээр дооргүй ууж, идэж наргиж цэнгэсэн, баярласан хүмүүс. Улс орныхоо ирээдүйг бодож байгаа ч хүмүүс алга. Дарга цэрэггүй нүүрс ярьж, хөгшин залуугүй уул уурхай ярина. Малчин монголчууд өнөөдөр бүгдээрээ нүүрсчин, уурхайчин болцгоожээ. Сэтгүүлчид нь нүүрс бичнэ, улс төрчид нүүрс ярина, ард түмэн нь нүүрс түлнэ. Нүүрсээ л ухахгүй бол амьдрал зогсчих гээд байгаа юм шиг бүгд л түүнд ховстуулсан мэт амьдарцгаана.
 
Хаашаа харсан зүгээр л сууж байгаад цалин аваад амар хялбараар амьдрах гэсэн сэтгэлгээ манай нийгмийг бүрхэн авчээ. Тэр дундаа хүүхэд залуучууд ямар ч идэвхи тэмүүлэл алга. Зорилгынхоо төлөө хийж байгаа зүйл бүр ч алга. Төр засаг нь бас зүгээр суулгаад байх ч сонирхол байх шиг байна. Өгснийг нь идээд л өгөхгүй болохоор ууралдаг хүүхэд шиг манай залуучууд эцэг эхийнхээ гарт нялхаран, төр засагтаа эрхлэн байна. Зугаа цэнгэл, брэнд ярьж бас болоогүй том том улс төр ярихыг яана. Улс төр ярьж болноо. Хамгийн харамсалтай нь тэндээс засаг төрөө шинэчилж, улс орноо хөгжүүлэх бүтээлч санаа ерөөсөө гарахгүй. Хоосон цаг үрсэн сэтгэлийн хөдөлгөөн, санаагаа л чалчицгаана.
 
Аргагүй дээ хөгжин залуугүй ном уншихгүй юм чинь. Тэгээд бас их номыг дээдэлдэг ард түмэн гээд өөрсдийгөө магтахыг нь яана. Одоо Монголчуудад магтаал биш харин шүүмжлэл, хатуу үг л хэрэгтэй санагдана. Ном дор мөргөмүү гээд суугаад байх юм бол бичиг үсэг сурч юугаа хийдэг юм. Бүгд лам болцгоосон дээр шүү дээ. Толгой дээр баадантай ном тавьчихаад сууж байвал зовлон бага биш үү.
 
Ном уншихаар л нойр нь хүрээд залхуураад эхэлдэг ард түмэн хэзээ хөгжлийн оройд хүрч, цэнгэлийн манлайг эдлэнэ дээ. Нэг л их хоосон зүйр цэцэг үг хэлж, хоосон сургаал айлдсан хүмүүс. Бодит амьдрал дээр бүтээж байгаа зүйл юу ч байхгүй. Сурсан мэдлэг нь баталгаатай биш. Нэгэнт тэр нь баталгаатай мэдлэг биш тул хаана ч очсон гологдоно. Хаана ч очсон мэдлэггүй, харанхуй газруудаар дүүрчээ. Төрийн байгууллагууд гэж юу ч хийдэггүй газрууд байна. Баахан хүмүүс тэнд “зүгээр”-ийг хийж өдрийг өнгөрөөж байна. Тэнд мэдлэг боловсрол, бүтээлч санаа гаргаад ч нэмэргүй “хөлдүү” газар.
 
Яриад улс орон хөгждөг бол сайхан л байна. Манай дарга нар, яамдууд, байгууллагууд худалч хүнд өдөр бүр л хуралдаад байгаа боловч ямарч үр дүнтэй зүйл болохгүй байгаа харж байгаа шүү дээ. Орой телевизээр баахан л хурал, цуглаан, форум, хэлэлцүүлэгч гэх шиг. Цаасан дээр баахан тайлан тооцоо, ажил ярьсан хүмүүс амьдрал дээр бүгд гараа хумхицгаана. Ингэхлээр яаж энэ улс орон хөгжих вэ дээ. Манайд том дарга ч, оюутан ч, багш нар нь ч, эцэг эхчүүд нь ерөөсөө ном уншдаггүй. Ганц ч бүтэн ном уншиж үзээгүй хүмүүс дарга болцгоочихоод юу хийж чадах вэ дээ. Зарим нь нэг нь номоор яах юм бэ? Амьдралын туршлага гэж хүнд чухал юм байдаг шүү дээ гэнэ. Тиймээ амьдралын туршлага чухал гэхдээ мэдлэг боловсрол түүнээс чинь хэд дахин чухал шүү дээ. Хүнд өдөр тутмын амьдралд эдийн засаг, улс төр, нийгэм, техникийн өндөр мэдлэг шаардагдаад байхгүй байх. Гэхдээ ажлын талбар, төрийн өндөр албан тушаалд эдгээр мэдлэг шаардагдах нь тодорхой шүү дээ.
 
Манай улсын бас нэг эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэхээр сэхээтний давхарга байхгүй. Товчхондоо сэхээтэн байхгүй. Мэдлэгтэй боловсролтой, улс орны алдаа оноог хэлж байгаа мэдлэгтэй, эрдэмтэй хүмүүс байхгүй гэж бодохоор бидний гадныхан хуурах нь аргагүй шүү дээ. Сайд, дэд сайд гээд жаахан жаахан цагаан залуучууд гадныхантай уулзаад л мад тавиулчихаад л түүнийгээ ирэхээрээ чадчихсан юм шиг яриад л өөрийгөө хуурсаар өнөөдрийг хүрсэн шүү дээ. Төрд онол, мэдлэг хэрэгтэй гэдгийг одоог хүртэл эрх баригчид ойлгохгүй байгаа юм уу эсвэл ойлгоод хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна уу.
 
Нэг л их англи хэлтэй хүмүүс. Ашиглахгүй бол англи хэлээр яах гэж байгаан. Залхуу залхуу гэхэд дэндүү залхуу манай ард түмэн одоо налайж суухаасаа залхахгүй байгаа юм байх даа. Идээд уугаад суугаад байвал энэ амьдрал ямар их уйтгартай билээ. Нэг жилийн 365 хоногийн гуравны нэгийг нь зүгээр л дээшээ харж хэвтэж байгаад л өнгөрөөчиж байгаа байхгүй юу. Хөгжөөгүй байж, бүтээх зүйл их байхад амарч юу хийнэ дээ. Юмаа бүтээчихсэн, улс орон нь хөгжчихсөн, амьдрал нь баталгаатай болчихсон ард түмэн л амардаг шүү дээ. Аливаа хөгжсөн орны ард түмэн ярихдаа бид бүгдээрээ хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй нийгмээрээ нэг хүн шиг хөдөлмөрлөж байгаад л хөгжилд хүрсэн хэмээдэг.
 
Тэгэхэд бид дэндүү бэлэнчлээд суугаад байгаа юм биш үү. Барьдаг нь чанаргүй зам, зочид буудал, баар цэнгээний газрууд. Өөр бид ер нь юу бүтээгээд байгаа юм бэ? Ямар шинэ бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээл дээр гаргав. Үнэндээ дотуур хувцсаа ч оёод өмсөж чадахгүй байна шүү дээ. Ийм байж бас социализмыг ад үзнээ. Тэр дундаа залуучууд социализмд амьдарч үзээгүй байж нээх эрх чөлөөгүй байсан хэмээн том том ярихыг нь яана.
 
Өмд, гутал, оймс, цамц, малгайгаа эхний ээлжинд хийж өмсөх хэрэгтэй. Хятадууд урд хилээ хаавал яах уу бүгдээрээ арьс нөмрөөд хүй нэгдлийн нийгэмдээ очих уу. Бидэнд хийх ажил их байна. Барилгын үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр болон гутлын, хувцасны үйлдвэрүүд хэрэгтэй байна. Монгол хөгжөөгүй байна. Тиймээс залхуураад байх хэрэггүй.
 
Гадаадынхан нэг хоосон цаасан малгай өмсгөнө, өөрсдийгөө Чингисийн удам гэж хөөргөнө. Биднийг хэн Чингисийн удам биш гээд байгаа юм бэ? Харин ч дэлхий дахин биднийг Чингисийн Монгол гэдгээр харж байна шүү дээ. Тиймээс бид одоо нэгэн цагт дэлхий дахины төвшитгэж явсан эзэн хааныхаа шийрийг хатааж, нэрийг дуурсгах ёстой биш үү. Бусдын өмнө өвдөг сөгдөн, хоол унд, зээл тусламж гуйгаад суух нь манай ард түмний хувьд шууд доромжлол. Бид бусдад тусална уу гэхээс бид бусдаас тусламж авахгүй гэсэн бардам зан хэрэгтэй болжээ.
 
Монголчууд минь, шаардлагатай бол амиа ч өгөхөд бэлэн ах дүүс минь бид нэгийг бодож, хоёрыг ухаарах цаг болжээ. Бидэнд одоо магтаал биш харин шүүмжлэл, хатуу үнэн үг хэрэгтэй байна.