Эрүүл мэндийн яамаас мэдэгдэл гаргалаа
2013/10/16
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар яамны зургаан мэргэжилтнийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.
Дээрх тушаал нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг хууль бус, хуурамч шийдвэр биш гэдгийг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдэж, салбарын яамны хийж байгаа ажил бүрийг харлуулахыг хичээсэн оролдлогын нэг гэж үзэж байна.
Энэхүү шийдвэрээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нэг ч хүнийг халаагүй бөгөөд дээрх зургаан мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны тухай хуулийг зөрчиж түр томилогдсон хүмүүс байсан. Мөн өмнө нь ажиллаж байгаад халагдсан мэргэжилтэн шүүхийн шийдвэрээр үүрэгт ажилдаа эргэн орсон болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан зэрэг шалтгаантай байсан болно.
Ер нь салбарын яам тэр тусмаа хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогыг хариуцдаг Эрүүл мэндийн яамны ажилтнууд мэргэшсэн байх учиртай. Харамсалтай нь энэ шалгуур алдагдаж, Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг ноцтой зөрчин, ажлын байрны тодорхойлолтын шаардлагад нийцээгүй хүнийг ажил албан тушаалд авах, тухайн хүндээ тохируулан ажлын байрны тодорхойлолт гаргах зэрэг хууль зөрчсөн үйлдэл нилээдгүй байсныг таслан зогсоох арга хэмжээг авч байна. Жишээ нь: Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дамдиндорж гэгч нь санхүү, эдийн засгийн ямар ч боловсролгүй, олон улсын харилцааны мэргэжилтэй бөгөөд өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Мөн хуульч, мэдээллийн ажилтан зэргээр яамны бүтцэд байгаа орон тооны албан хаагчтай давхардуулан гэрээт ажилтан нэрийн дор өөрийн танил талаа авч ажиллуулан, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн. Тухайн гэрээт ажилтан нь ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй, зөвхөн цалингийн цэсэнд л нэр нь байдаг, ажлын байранд ирдэггүй хүмүүс байсныг ч бид өмнө нь чөлөөлсөн.
Тиймээс эдгээр мэргэжилтнүүдийн оронд салбарын эрх ашигт нийцсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн болзол шаардлагыг хангасан, нөөцөд байсан алба хаагч нарыг нөхөн томилсон болно.
Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт туйлширсан, үнэнийг мушгин гуйвуулсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Тухайлбал, “Өдрийн сонин”-ны 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №250 (4577)-т “Эрүүл мэндийн яам 50 гаруй ажилтнаа ажлаас нь гэнэт халжээ...” гэсэн нь ор үндэслэлгүй мэдээлэл юм.
Цаашид эрүүл мэндийн салбарын ажлыг харлуулахыг хичээсэн, бодит үнэнээс хэт зөрүүтэй, худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.
Мөн Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, эрүүл мэндийн байгууллагуудын цалин хөлс болон бусад төлбөр тооцоо саадгүй хийгдэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна гэж Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн албанаас мэдээллээ.