Аварга ингэж хуучилжээ
2016/10/11
Тэмдэглэсэн Д.НАДМИД
Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат амьдралдаа тохиолдсон хуучаа дэлгэхдээ тунамттайхан ярьдаг юм. Түүний заримыг сонирхуулъя.
“ТА БАРИЛДСАН БОЛ ҮХЭХ БАЙСАН”
1964 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт Д.Дамдин аварга, Ч.Бээжин, С.Цэрэн бид үлдлээ. Наадмын өмнөх нэг барилдаанд би Бээжин гуайтай таараад тонгоруулаад тэнгэр ногоортол унасан юм. Дамдин аварга Бээжинг амлаж аваад уначихдаг юм. Учир нь Мөнхбатыг хаядаг юм түрүүлэг гэж бодсон биз. Би Цэрэн аваргыг давчихлаа. Тэгээд үзүүр, түрүүнд би Бээжинг хаяад түрүүлэв. Харамсалтай нь тэр барилдаанаас Бээжин яггүй бэртсэн юм. Маргааш Д.Дамдин аварга надтай таараад “Бээжинг унахыг мэдсэн бол би чамтай барилддаг байж” гэхээр нь би “Таныг хаясан Бээжин хэмхэрсэн юм чинь Бээжинд унасан та надтай барилдсан бол үхэх байсан” гээд тавьчихлаа. Бөхчүүд бидний үг хүртэл хатуу байж. Гэхдээ Дамдин аварга юу ч бодоогүй гэдэг. Түүнээс хойш бид хоёр ёстой ах дүү шиг болсон доо.
“ГЭДСЭНДЭЭ СОРВИТОЙ ХҮН ТҮРҮҮЛЭХ ЮМ БАЙНА”
1969 онд юм даа. Би наадамд түрүүлчих санаатай. Гэтэл Баянаа тун луугар байгаа. Тэгээд нэг мэргэн хүн дээр очлоо. Тэр хүн мэргэлснээ “Чи түрүүлэхгүй” гэдэг байгаа. Тэгэхээр нь Баянмөнх түрүүлэх нь үү гэлээ. Тэгсэн бас “үгүй ээ” гэж байна. Тэгвэл хэн түрүүлэх вэ гэсэн чинь үзэж үзэж байснаа “Гэдсэндээ сорвитой хүн түрүүлэх юм байна” гэв. Миний дургүй хүрээд “Таны шоо буруу тусч байна. Бид хоёрын нэг л түрүүлэх учиртай” гэж хэлээд гарлаа. Наадам болж дөрөвт Баянаа бид хоёр тунаж барилдаад хасагддаг юм. Яагаав нөгөө “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” нэр авдаг жил. Тэгээд Дэмүүл түрүүлдэг юм болсон. Тэр цүдгэр нохой чинь мухар олгойны хагалгааны сорвитой юм байж л дээ. Мэргэн хүн гэдэг мэргэн л юм билээ шүү.
“ТУХАЙН ҮЕДЭЭ ТОМ ШАГНАЛ САНАГДАЖ БАЙЛАА”
Социалист голдуу орнуудын нам, төрийн тэргүүнүүд айлчлан ирэхэд бөх барилдуулнаа. Би олон ч түрүүлсэндээ, тийм барилдаанд. Зочид голдуу өөрийн нэр бичсэн цаг л өгдөг байв. Ардчилсан Германы Зиндерманы айлчлалд зориулсан барилдаанд би түрүүлэв. Эрхэм зочин надад дипломат цүнх дээр цаг тавиад өглөө. Тэр цүнх гайгүй хүнд юм. Бэлгийг гардаад авах үед Ю.Цэдэнбал дарга “Мөнхбатаа наадахыгаа хагалав даа” гэдэг юм. Тэгээд Цэрэн аваргатай хамт гэртээ ирээд цүнхийг онгойлгоод үзсэн чинь 700 граммын найман шил архиа зөрүүлээд, зөрүүлээд хийчихэж. Ийм мундаг бэлэг байдгаа гэж бодох зуураа нэгийг задалж хоёулаа мөнгөн аяганд хийгээд “цохьчихлоо”. Төрийн хүнээс авсан гэхэд сонин л бэлэг байлаа шүү дээ.
“УУР ХҮРЭЭД Д.ЦЭРЭНТОГТОХЫГ ӨШИГЛӨӨД...”
1978 онд Минскт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай Д.Цэрэнтогтох Германы нэг голжгор шар юманд хожигдчихоод гавьяа байгуулсан юм шиг инээгээд дэвжээнээс буугаад ирдэг юм. Би дасгалжуулагчаар авч гарсан болохоор уур хүрээд “п...” гэж хараагаад өшиглөдөг юм. Хоёр дахиа өшиглөх гэтэл хий зөрөөд өөрөө унах шахсан. Тэгсэн манайхан дотроос Мөнхбат ЗХУ-д очоод тамирчнаа “п...” гэж хараалаа. Сурганы ухаан мэдэхгүй байна гэж матдаг юм. Зэмлүүлэлгүй яахав дээ. Уг нь Германы тамирчныг дийлсэн бол Цэрэнтогтох хүрэл медаль авчих байсан учир би уур хүрсэн юм л даа.
Haha · 2016/10/11
Er biraar uzehgui mergech tulugch haraadag yeruudug ylsaar yavdag bsiin bndooo
Зочин · 2016/10/11
cool