А-JET авиа компанийн нисдэг тэрэг ослын буулт хийжээ
2013/10/18
Нийслэлийн Багануур дүүргийн ойролцоо "МИ-8" нисдэг тэрэг осолдсон талаарх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Д.Тэрбишдагваас тодруулахад: "Төв аймгийн Мөнгөн морьт сумын өндөр эрэг хэмээх газарт А-JET авиа компанийн "МИ-8" нисдэг тэрэг 12:45 цагт ослын буулт хийсэн. Тэрхүү нисдэг тэрэг эндээс 11:45 цагт ниссэн. Нисэх багийн бүрэлдэхүүнд гурван хүн, зорчигч долоон хүн явж нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй нислэг үйлдсэн байна. Ослын буултаас үүдээд хүмүүс гэмтэж бэртээгүй. Харин онгоцонд нь тодорхой хэмжээний эвдрэл гарсан мэдээтэй ирсэн" гэлээ.
Түүнчлэн ослын буулт хийсэн онгоцны багийнхан онцгой байдлын ерөнхий газраас ямар нэгэн тусламж дэмжлэг авах шаардлагагүй гэж ИНЕГ-аас мэдэгдсэн байна. Онгоц юунаас болж ослын буулт хийсэн, ямар хүмүүс онгоц хөлөглөж явсан зэргийг тодруулахаар буулт хийсэн газар дээр ИНЕГ-ын шалгалтын бүлэг одоо ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.
Тус "МИ-8" нисдэг тэрэг нь хувийн журмаар авч явж байсан юм шиг байгаа юм. Ямар хүмүүс авч яваад, яагаад ослын буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Х.Даваа