Сэрэмжүүлэг: Өчигдөр 11 автобусны жолооч осол гаргажээ
2016/10/26
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Kia Bongo маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн.
СХД-ийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн.
Өчигдөр орсон цас нийтийн тээврийн байгууллагын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийж дүн тавьсан өдөр байлаа. Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүтгэгдсний 11 нь зам тээврийн осолд холбогдсон бол 10 автобус нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан түгжрэл үүсгэж иргэдийг ихээхэн бухимдуулсан. Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд энэ зөрчил дээрээ анхааран тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, өглөө болон оройны гаралтыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, техникийн саатлаар зогсоон нөхцөлд түргэн шуурхай эвдрэлийг засах, зам чөлөөлөх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна.
Орон нутагт баруун хойд чиглэл Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг, зүүн чиглэл Хэнтий Дорнод, Сүхбаатар аймаг, Багахангай, Төв аймгийн Баян сум хүртэлх чиглэлийн замууд халтиргаатай зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна