Прокуроруудын мэргэжлийн түвшинг шалгаж эхэллээ
2013/10/21
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж дүгнэнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу өчигдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл улсын хэмжээнд ажиллаж буй прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалгаж эхэллээ.
Уг шалгалтыг эрхлэн явуулах ажлын хэсэг прокурор бүрийн сүүлийн гурван жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийх юм байна. Түүнчлэн Монгол бичиг эзэмшсэн ур чадварыг шалгахын зэрэгцээ прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж буйг шалгах гэнэ.
Шалгалтын хэсэг прокурор бүрийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд үнэлэлт өгөх аж.
Тухайн прокурорын цаашид эрхлэн хариуцах ажил болон боловсон хүчний нөөцөд бүртгэх, авах зэрэг ажлыг гүйцэтгэх улмаар боловсон хүчний талаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлох ажлыг хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав энэ сарын 18-ны өдөр шалгалтын хэсгийнхнийг хүлээн авч уулзаж, прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тогтоох ажлыг нэн хариуцлагатай хийж, үнэн зөв дүгнэлт өгөх талаар үүрэг даалгавар өгсөн юм.
Х.Даваа