Ц.Бугасүрэн нарт таван сарын хорих ял оноожээ
2013/10/21
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр орой 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болж өндөрлөсөн юм.
Энэ хэргийг эргэн сөхвөл, МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэх үндэслэлээр хавтаст хэрэг үүсгэсэн юм. Тэд ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Өчигдөр болсон шүүх хуралдаанаар МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт шүүхээс таван сарын ял оноолоо. Мөн МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнд дөрвөн сарын ял, бусдад нь гурван сар 10 хоногийн ял тус тус оноолоо.
Х.Даваа