“Бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх”-ийн төлөөх дэлхийн өдөр
2013/10/22
Өнөөдөр “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх”-ийн төлөөх дэлхийн өдөр тохиодож буй. Энэ өдрийг тохиолдуулан Хүүхдийг Ивээх Сангаас “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” хэмээн уриалж “Монгол Ньюс” мэдээллийн төвд 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
Жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг дэлхий даяар “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Энэ өдөр нийт 67 улс оронд 50,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриалах юм. Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэж бага балчир дүү нарынхаа эсэн мэнд амьдрахад тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлуудыг, тэр дундаа хүүхдийн ахуйн осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” баримтат кино бүтээхэд оролцсон байна. Хэвлэлийн бага хуралд хүүхдүүд, кино бүтээгчид, ХАХНХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөл оролцоно.
Түүнчлэн Монгол Улсад нялхсын эндэгдэл өрхийн байршлаар авч үзэхэд нийслэлээс алслагдах тутам хүүхдийн эндэгдлийн түвшин улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 18, аймгийн төвд 31, сумын төвд 37 байхад хөдөөд 54 ногдож байна. Үүний нэгэн адил 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 21, аймгийн төвд 38, сумын төвд 46 байхад хөдөөд 72 ногдож байна. 0-5 насны хүүхдүүдийн амьдралд тохиолддог харамсалтай явдлын нэлээд хувийг ахуйн хүрээний осол, гэмтэл, түлэгдэл эзэлсээр байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ осол, гэмтэлд өртдөг байна. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас 5 хүртэлх насны нийт хүүхдийн 23.4 хувь нь гэртээ үлддэг төдийгүй 10 хүртэлх насны хүүхэд дүү нараа харах нь элбэг байгаа юм.
Х.Даваа